logo
Нусгай ажиллагаа

Нусгай ажиллагаа

2012/04/20
2012.04.13. Өглөөний 05.57 цаг. “… Хэвтээд … гараа шилэндээ аваад…” гэж орилсоор хаалга эвд­сэн сүхээ барьсан хэдэн залуу гэрт орж ирлээ. Тэд Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг баривчлахаар ирж буй Монгол Улсын Цаг­даа­гийн тусгай албаны­хан. Бидний ярьдгаар Тус­гайгийнхан, сонсоход ч сүртэй шүү.
Дажгүй том биетэй тэр хэдэн залуу Ерөнхийлөгч асангийнд шууд давхиад орчихсонгүй. Хаяг андуу­раад дээд давхрынх нь айл руу довтолчихож. Нэгэнт орчихсон болохоор зурагт үзээд сууж байсан  гэрийн эзнийг чирээд гаргалаа. Гэрийн эзэнд өрөөсөн таав­чигаа өмсөх боломж ол­голгүй, тун шуурхай чирч гаргав. Андуурснаа ч хэсэгтээ мэдсэнгүй, тус­гай­гийнхан. Тэр айлын орон доогуур, 00-ын өрөөнд хүртэл “…Энхбаяр хаана байна…” гэж хаш­гирч орж үзээд байж. Н.Энх­баяр байсангүй. Гэр нь биш юм чинь яаж бай­хав дээ.
Гэнэт тэдний хэн нэг нь “Өөр айлд ороод ирчи­хэж” гэдгээ тун шуурхай ойлгожээ. Яагаад гэвэл, андуурсан айлд тэдний авсан мэдээллээр, Н.Энх­баяр, түүнтэй хамт байх ёстой УИХ-ын дөрвөн ги­шүүн, намынхан нь бай­сан­гүй.
Ингээд доод давхарт нь байх Н.Энхбаярын гэ­рийн хаалгыг сүхээр эв­дэж онгойлгоод л довтол­чихов. Хамгийн гол нь сүртэй хашгирах ёстой учраас “Гараа шилэндээ аваад, хэвтээд “ гээд л орилцгоов. Хэн ч хэвт­дэггүй шүү.
Тэгэхээр нь тусгай­гийн­хан шууд довтоллоо. Үүднээс эхлээд таарсан болгоноо барьж авч уна­гаад л дайрлаа. Нэг мэдэ­хэд тойроод сууж байсан Н.Энхбаяр нарыг бүсэлж чадсан байж гэнэ.
Гэхдээ энд маш том факт гарсан. Зарим нь багаа өмсөхөө мартчихаж. Гэнэт санаад өмсөх гэтэл эвээ олдоггүй ээ, ёстой онигоо болсон. Эхлээд өмстөл, нүдээ хаачихлаа, нүдээ гаргах гээд доош нь татчихтал нүүр нь тэр чи­гээрээ гарчихав. Багны хэрэг  ч гараагүй  дээ.
Бас Ч.Улаан гишүү­нийг Н.Энхбаяр Ерөнхий­лөгч байна гэж бодоод эгээтэй л баривчилчих­сангүй. Мөн л “Биш” гэд­гийг нэг нь шуурхай хэлс­нээр андуурч баривчлах ажиллагааг зогсоосон хэ­рэг.
Тэгээд л довтолгоо, хүчирхийлэл… үргэлжлэв. Эвдэхийг нь эвдээд, зодо­хыг нь зодоод, ямар ч гэсэн объектоо аваад гарав.

Хүй нэгдлийн үзмэрүүд шиг…

Юутай ч тэд шөнөжин үүрэгдсэн, МАН-ын нэр бүхий хоёр сайд, нэг дарга, бас АТГ дээр маш нарийн төлөвлөгөө бо­ловс­руулсаар өнжсөн Н.Ган­болд, Д.Сандаг-Очир, Б.Хурц нарын гурвалуу­дын тушаалыг ёсчилж ча­дав.
Нэг иймэрхүү марзан, бас ихээхэн сэтгэл өвт­гөмөөр  үйл явдал болж өнгөрөв. Хошин маягийн энэ операцийн нөгөө тал нь хүний эрхийг хэлэх үггүй болтол булшилсан. Ингэхээр энэ ажиллагаа урлагийн хэлээр бол эм­гэнэлт, инээдмийн… тө­рөлд багтана.
Поорцолбол, 80 ху­вийн эмгэнэл, 20 хувийн инээдэмтэй гэвэл зохино. Уг нь өнөөдөр 21 дү­гээр зуун. Шинжлэх ухаан, дэлхийн улс ор­нуудын зэвсэглэл, арга техник хөгжлийн дээд шатанд гараад буй.
Харин манай Монгол чинь лав тусгай хүчин нь 20, түүнээс доош зуунд яваа бололтой юм. Сүх бариад дайрдаг тусгай хүчин гэж дэлхийн хаана ч үгүй. Сүхийг хүй нэгд­лийн үед л хамгийн дээд зэвсэг болгон ашиглаж байсан тухай түүхийн сур­валжуудад өгүүлдэг. Хүй нэгдлийнүе гээд бод доо. 21 дүгээр зууны Цагдаа­гийн тусгай алба сүхээр зэвсэглэн операци явуулж байна гэвэл хүн итгэхгүй. Бичлэг л үзэхгүй бол “Худ­лаа яриад л…” гэх байлгүй.

Монгол хүн биш гэв үү

Ер нь бол жинхэнэ гэмт хэрэгтэн баривчлах бол энэ хэдэн нусгай чинь лав ажил бүтээхгүй юм байна лээ, Сандагаа гене­рал аа.
Танай хэлээр бол тэр шөнийн явдал тусгай ажил­лагаа юм шиг байгаа юм. Гэтэл ямар ч бэлт­гэлгүй тэд нэг хүний эрх зөрчив. Тэд объектоо огт судлаагүй. Таних ч үгүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг таних­гүй хүн Монголд лав үгүй. Харин танай Тусгайгийн­хан огт мэддэггүй аж. Энд нэг зүйлийг хэлэхэд ан­дуурсан айлын орон доо­гуур мөлхөөд, Ч.Улаан гишүүнийг чирээд огт дуу­га­рахгүй, зөвхөн до­хио­гоор ажиллаад байсан хэд нь монгол хүн гэхэд эргэлзээтэй байна гэж танайхан хүр­тэл хэлээд байна лээ. Ит­гэхгүй бол тэр бичлэгийг дахин үзээрэй, эсхүл үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудаа дуудаж байгаад нэг шал­гаарай. Тусгайгаас ха­лагд­сан нөхөр хүртэл энэ ажиллагаанд оролцоод явж байгаа тухай мэдэх хүмүүс нь ярьж л байна. Үнэн ч байж магад, тийм биз, генерал аа.
Нөгөөтэйгүүр танай тэр хэд байнгын бэлтгэл­тэй тусгай албан хаагчид гэхэд би лав итгэхгүй. Тусгай бол тусгай л байх ёстой. Сүх бариад гүйж яваа энэ нусгай нар  сүү­лийн үеийн олон улсын Тусгай албаны ажилтнууд шиг хоёр байшингийн хоо­ронд Хон гил дон шиг дүүлж, цонхоор ч, хаалгаар ч нинжа шиг ордог, хам­гийн гол нь маш цэвэрхэн ажиллагаа явуулах авьяас ер алга.
Хаалгыг хүртэл өөр технологиор эвддэг бол­чихсон байна, цаана чинь. Гэтэл гадаахыг лантуу­даад, доторхыг нь сүхдээд орчихдог монгол техноло­ги бололтой.
Одоо наадуулдаа тус­гай албаны А-аас эхлээд хичээл заахгүй бол боло­хоо байчихсан байна. Нүүр­нийхээ багийг ч өм­сөх эвээ олохгүй сандарч зогсоо тусгай ажилтныг чинь хүмүүс шоолоод бай­на. Ингэхэд багаа углаж чадахгүй тусгай ажилтан бороохой ашиглаж чадна гэдэг юу л бол. Бууны тухайд бол ярих ч хэрэггүй. Ер нь ингэхэд баг хэрхэн өмсөх талаар миний до­лоон настай хүүгээр хи­чээл заалга. Цаадах чинь хүн аалзны багийг хэдхэн секундэд өмсдөг авьяас­тай. Яахав, хүүхэд юм чинь хоолны мөнгө өгчихнө биз. Харин би Тусгайгийнхан миний хүүгээр хичээл заалгаж байгаа гэж энд тэнд ярихгүйг хичээе.

Жинхэнэ тусгай ажиллагаа

Яриад байвал бүтэл­тэй, тусгайгийнхан шиг ажилласан нэг ч шинж алга, энэ операцид. Уг нь Монголын жи­рийн залуус хүртэл жинхэ­нэ гэмт этгээдийг баривч­лахаар дээрх шиг ажил­лагаанд оролцсон бол энэ хэдэн бойтог нөхрөөс илүү ажиллах байсан биз. Тус­гайгийнхны нусгай нарын ажиллагааны дуулиан нам­даагүй байхад  монгол залуу гадаадад алан хя­дагчдаас олон хүний амийг аварсан тухай мэ­дээ ирэв. Тодруулбал, Тай­ландаас Хонгконгийг зорьсон СХ авиакомпа­нийн онгоцонд манай ул­сын иргэн З.Буян­нэмэх зорчиж явсан аж. Нислэ­гийн үед филиппин гарал­тай алан хядагч онгоц унагахыг оролдсон байна. Энэ үед З.Буяннэмэх, он­гоцны хоёрдугаар нисгэг­чийн хамтаар ажиллаж алан хядагчийг аюулгүй болгожээ. Ингэж онго­цонд зорчиж явсан 216 хүний амийг аварсан бай­на. Сайхан мэдээ, жинхэ­нэ тусгай ажиллагаа.
Ерөөсөө л монгол хү­ний авхаалж самбаа, эр зориг гэдэг энэ. Энэ бол жирийн залуугийн хийсэн үйлдэл. Жингийн туухай дээр та­вих юм бол, тусгай­гийнх­ны хийсэн нусгай ажилла­гаа­наас хэд дахин өндөр зэрэглэлийнх.

Тусгай алба чинь ямар байна, Сандагаа генерал аа

Өнөөгийн ЦЕГ-ын дэр­гэд улсын төсвийн өч төчнөөн мөнгө хөрөнгөөр хооллож ундлан, цалин цагаа авч, зардал чирэгдэл гарган суудаг Тусгай та­саг, Тусгай алба нэг тий­мэрхүү ажиллах. Муухай­гаар хэлбэл, тусгайгийн­хан гэж зүгээр л нэг хоол­ны савнууд ажээ.
“…Ямар хүнээр ма­нуулс­наа эх орон минь та үзээрэй…” гэсэн дууны мөр бий. Ямар Тусгай ал­ба­тайгаа сайд Ц.Ням­дорж, генерал Д.Сандаг-Очир нь, Авлигын Н.Ган­болд, Б.Хурц, бас намын хоёр эрхэм /Х, Б нар/ нь харлаа.
Н.Энхбаярыг баривч­лах улстөрчдийн шийдвэр эртнээс бэлтгэгдсэн ажээ. Харин тэд гүйцэтгэгчээ бэлдээгүй байсан нь алдаа болов.
Гүйцэтгэгчид нь болхи ажилласны дүнд тэдний ажиллагаа улс төрийн зо­рилготой гэдгийг ард тү­мэн олон баримтаар бат­тай мэдэж хоцров.

Генералд хэлэх зөвлөгөө

Байдал нэг л биш ээ, генерал аа. Сайдыг чинь огцруулахаар есөн гишүүн өргөх бичиг барьчихсан. Үүн улс төрийн тоглолт хийхээр АН алга тосон хүлээж байна. Харин сайд чинь огцрох нь юу л бол. Ц.Нямдорж хэрэг явдал болсны  маргааш өглөө л “Би мэдээгүй, унтаж бай­сан”гэсэн мэдэгдлийг хий­сэн. Яг одоо сэтгүүлч асуусан ч тэрийгшээ л тоть шиг давтана. Тэр ингэж хэргээс мултарч байгаа юм. АТГ болон ЦЕГ-ын удирдлагууд руу “бууны ам”-ыг чиглүүлж орхиод өөрөө сугарах, ус­наас хуурай гарахаар зэ­хэж буй. Үүүнийг тодор­хой мэдсэн АТГ дөрвөн гишүүний гомдлыг УИХ анхаарч эхлэхтэй зэрэг­цэн, аврал эрсэн тайлбар бүхий бичгээ УИХ, Зас­гийн газарт хүргүүлэв. Харин та нам жим. УИХ уг гомдлыг нотолгоотой бол… гэсэн шаардлагыг тавьж байгаа. Нотолгоо олдох нь бүрхэг гэдэг нь тодорхой асуудал. Үнэхээр ч өрөөнд болсон явдлыг бичиж байсан суурин ка­ме­рыг суга татаж хаяснаар гишүүд өнөөдөр яриагаа нотлох боломжгүй болоод байгаа юм. Гэсэн ч энэ бол хаанаас нь ч харсан хүний эрхийг бүдүүлгээр, маш ноцтой зөрчсөн байж бо­ломгүй асуудал. Энэ бүх­нийг АТГ үүрэгдэж, таны цэргүүд тушаалаар тань шууд гүйцэтгэсэн. Тийм болохоор нотолгоо энэ тэрийн хамааралгүйгээр Ц.Нямдорж / үндсэндээ та гэсэн үг/-ийн суудал ган­хаж эхэлнэ гэсэн үг. Шууд утгаараа, тушаал биелүүл­сэн тань хариуцлагын ши­рээнд суух зам болж байгаа юм. Энэ бол Мон­голд нэгэнт тогтсон жишиг гэдгийг та надаар хэлүү­лэлтгүй мэднэ. Ч.Амар­болд нарыг  хар. Долдугаар сарын 1-ний төлөө тэд л буруутах нь тодорхой. Бас л тань шиг тушаал бие­лүүлсэн гэж байгаа.
Хамгийн гол нь тухайн үед С.Баяр, Ц.Мөнх-Ор­гил нар хариуцлагаа Ч.Амар­болд нар руу шил­гээж байв. Өнөөдөр Ц.Ням­дорж тань руу шил­гээх нь. Ч.Амар­болдын дараа таныг гаргаж ирээд ЦЕГ-ын даргаар тавь­сан шиг, таны дараа ч өөр хэн нэг хурандааг бэлт­гэчих­сэн л байгаа. Цөвүүн ца­гийн Төрийн машин ин­гэж ажилладаг ажгуу. Тий­мээс генерал та, өөрийгөө хамгаалах ямар нэг арга хэмжээ авах нь зөв. АТГ-ыг дуурайгаад аврал эрсэн бичиг илгээл­тэй нь биш, нэгэнт хүмүүс чинь энэ бүхнийг үйлдчих­сэн боло­хоор боломж муу­тай ху­вил­бар. Яаж ийгээд, ямар нэг арга олж, Ц.Ням­дор­жийн золиосонд явахгүй үлдэх нь генерал таны ойрын зорилт болох учир­тай биз ээ. Энэ бол гене­рал танд өгч буй хүн ёсны зөвлөгөө буюу.

Б.Гарьд

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш