logo
Хөдлөн явдаг чулуунуудын тайлагдаагүй нууц

Хөдлөн явдаг чулуунуудын тайлагдаагүй нууц

2012/04/23
Чив чимээгүй орчин тойрон, тэсвэрлэхийн аргагүй халуун. АНУ-ын Калифорни мужид байдаг Үхлийн хөндийд очсон хэн боловч ийм л сэтгэгдэлтэй буцдаг. Гэвч бодит байдал дээр үүнээс ч илүү гайхшрал төрүүлсэн үзэгдэл болдог байна. Дээд хэмжээ нь 52 кг хүртэл жинтэй чулуунууд шулуун зам гарган,тус хөндийн тэгш гадаргуу дээгүүр өөрөө хөдлөн явдаг ажээ.

АНУ-д  “sailing stones” буюу хөвөгч чулуунууд хэмээн нэрлэдэг аж. Энэ үзэгдлийг нэгэн үе Үл мэдэгдэх нисэх биетүүдтэй холбоотой байх гэсэн яриа гардаг байсан байна. Эдүгээ эрдэмтэд үүнийг цаг агаарын нөхцөлтэй холбон тайлбарлаж байгаа ажээ.

40 настай гэрэлзурагчин Майк Байрн чулуунуудын хөдөлгөөнийг баримтжуулах талаар уйгагүй ажиллаж иржээ. Тэр Daily Telegraph  сонинд өгсөн ярилцлагандаа “Эдгээр чулуунуудын зарим нь ердийн биетэй хүмүүсийн жинтэй адил хэмжээний хүнд боловч ийм байдлаар элсэн цөлөөр хөндлөн гулд өөрөө хөдлөн явдаг нь үнэхээрийн гайхал төрүүлдэг” гэж ярьсан байна.

Чулуунуудын хөдөлгөөний нууцыг хэн ч 100 хувь тайлж чадаагүй байгаа бөгөөд эдгээр чулуу Racetrack Playa хэмээн нэрлэдэг ширгэсэн нуурын ёроол болох тэгш гадаргуун дээр байдаг байна.
Үхлийн хөндий нь АНУ-ын хамгийн нам дор газар ба далайн түвшнээс 101 м доош оршдог ажээ. Гадаргуу нь маш тэгшхэн бөгөөд цельсийн 58 хэм хүртэл халдаг дэлхийн хамгийн халуун газарт тооцогддог аж.

Үхлийн хөндийн чулуунуудыг өөрөө хөдлөн явахад хүргэдэг  онцлогтой байх гэсэн таамаг дэвшүүлж байсан боловч хожим нь ердийн жоншны төрлийн чулуу болох нь тогтоогджээ.

Хамгийн сүүлд 1990-ээд онд хийсэн судалгаагаар байгалийн гурван төрлийн үзэгдэлтэй холбоотой байх гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэ хөндийд цагт 150 км хүртэл хүчтэй салхи салхилдаг, шөнөдөө хүйтэрч мөсөн бүрхүүл бий болдог мөн хөрс нь зөөлөн шааварлаг байдагтай холбоотой байх гэж үзжээ. Гэвч нууц нь бүрэн тайлагдаагүй байгаа аж.

Эх сурвалж: Yahoo.es
Бэлтгэсэн Д.Пунцаг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш