logo
Баабар тэргүүтнүүд 7-р сарын 1-ний хэргээр кино хийхээр найруулагч Б.Балжинням, Б.Баатар нарыг дайчилж, АНУ-аас И.Нямгавааг урьж ирүүлээд байна

Баабар тэргүүтнүүд 7-р сарын 1-ний хэргээр кино хийхээр найруулагч Б.Балжинням, Б.Баатар нарыг дайчилж, АНУ-аас И.Нямгавааг урьж ирүүлээд байна

2012/04/23
Найруулагч И.Нямгаваа АНУ-д гэр бүлээрээ суурьшаад 3 жил гаруй болж буй. "Хорхогоо идээд хонхортоо шээдэг жалгын уран бүтээлч би биш" хэмээн харь орныг зорьсон нэрт найруулагч нутаг амьтай нэгэн гэдгээ нотолж байн байн нааш гүйдэлтэй байгаа. Америкт "Нямгаваа" нэртэй кино компаниараа мэргэжлийг нь өвлөсөн охин, Тувад амьдардаг ууган хүүгийн хамтаар Орос, Монгол, Америк гүрэн дамнасан бүтээлд хүч сорьж сэтгэл амгалан, тааваараа амьдарч байгаа түүнийг саяхан эх орон нь тодруулбал Баабар тэргүүтнүүд даллан дууджээ.

Гэхдээ ганц түүнд бус Монголын тайз дэлгэцийн урьдаа барьдаг найруулагчид болох Б.Балжинням, Б.Баатар нарт ч мөн санал тавьжээ. Урлагийн нэртэй луухгаруудыг хөдөлгөж чадсан уг бүтээл чамгүй удаан хугацаанд хийгдэж байгаа бөгөөд ирэх сарын эхээр үзэгчдэд хүрэх юм байна. Б.Балжинням, Б.Баатар, И.Нямгаваа гурвыг нэгтгэх санааг Баабар гаргасан нь цаанаа нарийн учир жанцантай.

Өөрсдийнх нь ярьснаар тэгтлээ хөрөнгө зарж шалиагүй гэх тус кино 7-р сарын нэгний үйл явдалтай холбоотой төдийгүй , И.Нямгаваа найруулагчийн хэлдэг    шиг жалгын бүтээл биш гэнэ. Тиймээс олон улсын кино фестивальд ч хүч үзэхээр Баабар эртнээс төлөвлөсөн аж. Борооны дараахи мөөг шиг олширсон сайн дурынхны бут ниргэх уг кино сонгуулийн өмнө цөн түрж байгаагаараа ч бүр онцгой.

Сонирхуулахад одоогоор цэвэр уран бүтээлч санаа зорилготой гэгдэж байгаа тус киноны гурван найруулагч бие биентэйгээ огтоос ч зөвлөлгүй хэсэг хэсгээр өөрсдийн хариуцсанаа л найруулан бүтээл болгож байгаа гэнэ. Нэрт нийтлэлч, кино найруулагчдын хамтарч буй тус бүтээл жинхэнэ "Хапуун чинжүү" бололтой. Учир нь нээлтээ хийтэл хэнбугай нь ч нууцыг задруулахгүй байх хатуу чанд гэрээтэй учраас та бид хүлээх л үлдэх нь. Ноён Баабар энэхүү уран бүтээлээ ашгийн бус хэмээн тодотгож байгааг бодоход ирэх сонгуулийн хүчтэй зэвсэг болох нь тодорхой.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш