logo
Амлалтандаа бүдэрсэн улс төрчид

Амлалтандаа бүдэрсэн улс төрчид

2012/04/23
С.Ламбаа гишүүн сансрын хиймэл дагуул, Лу.Болд сонгогчиддоо 42 сая төгрөг амлаж, Д.Батбаяр 20,000 залуучуудыг Японд ажиллуулна гэж хошгируулжээ
Сонгуулийн сургаар улс төрчид шиг баян, улс төрчид шиг ухаантай, бас тэд нар шиг өгөөмөр хүн үгүй болдог. “Хэн худлаа амлаж чадна. Тэр хүн ялна” гэсэн үг ч бий. Үнэхээр дахиж сонгууль болохгүй юм шиг том том амлаж байсан улс төрчид дөрвөн жил төрийн ордонд заларч, одоо л тойрог руугаа очих уу? болих уу хэмээн эргэлзээд сууцгааж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө хэн хамгийн их амлалт авсныг эргээд харцгаая.
Баян хүнийг дагаж баяжих мөрөөдөл салхинд хийсэв
Тэгвэл Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч Лу.Болд ялалт байгуулсан. Монголын тэргүүн баячуудын нэг энэ эр улаан шаргал цамцтай хүүхдүүд ирийтэл зогсоож байгаад телевизээр лекц уншиж, “Баян Монгол төсөл хэрэгжүүлэх ба иргэн бүр тус корпорацийн хувьцааг эзэмших эрх олгоно” гэж амласан. Гэвч түүний амласан Баянмонгол төсөл сонгуулийн маргааш л нуран унажээ. Нэг ч  хүн дахиж “Баянмонгол корпораци” гэгчийн тухай сонссонгүй. Нэг ч хүн хувьцааг нь олж харсангүй. Хан-Уулчууд “Лу. Болд баян хүн хувьдаа л ийм корпораци байгуулчихсан байж магадгүй” гэж өрөвдөлтэй нь аргагүй ярьж байна. Түүнээс гадна Монголын тэргүүн баян эр  “Монгол хүний амьдралын чансааг дэлхийд эхний 10-д багтаана” гэж бас амласан байх юм.  Мэдэхгүй. Сүүлийн дөрвөн жил дэлхийд 10-т тооцогдох баян чинээлэг болох нь бүү хэл талхныхаа мөнгөнд ч хүрч чадах хүн цөөрөөд байна.  
Үүнээс гадна “Нэг хүнд ногдох хувьцааны мөнгөн дүн нь эхний жилдээ 40 сая төгрөг, ногдол ашиг нь 2 сая төгрөг байна. 5 жилийн дараа хувьцаа нь 140 сая, ногдол ашиг нь 8 сая болж өснө” гэдэг аймаар том амлалтыг Лу.Болд авчээ. Үнэн хэрэгтээ өнгөрсөн дөрвөн жил монголчууд төрөөс өгөх 1,5 саяыг ч бүрэн авч чадаагүй. Тиймээс Лу.Болдын амласан 42 сая төгрөг бүүр үлгэрийн далай болж төгсөх нь тэр. Баян хүнийг дагаж баяжих хан-Уулчуудын мөрөөдөл ч бас салхинд хийсэв.
Н.Алтанхуягийн амласан ордон хаана байна?
АН-ын дарга Н.Алтанхуяг Сонгинохойрхан дүүргээс сонгогдож гарч ирэхийн тулд бас л сайн амлалт өгчээ.  Баянхошуу, ханын материал, толгойт, их бага наранд орон сууцны цогцолборыг барьж байгуулах  тухай асар том заалт түүний хувийн мөрийн хөтөлбөрт бий. Гэвч энд өнөөдрийг хүртэл ямар ч байр байшингийн суурь тавигдсангүй. Үүнээс гадна  “Гэр хороололд цэвэр усны шугам тавьж айл бүрийн хашаанд хүргэнэ” гэдэг мундаг том амлалт бий. Мэдэхгүй. Өнөөдрийг хүртэл Сонгинохайрханчууд худаг дээрээ овооролдож, гэр хорооллын жаалууд өөрөөсөө хэд дахин илүү жинтэй ус чирч, амныхаа цангааг тайлж байгааг бүгд мэднэ.  Мөн Сонгинохайрхан дүүрэгт Байнгын ажиллагаатай спорт комплекс , соёл амралтын парк, Номын сан, хурлын болон үзэсгэлэнгийн танхим бүхий иргэдийн ордон байгуулна” гэж АН-ын дарга амласан байх юм. Аль ч биелэл болоогүй байна.  Хот доторх хөдөө гэж нэрлэгддэг гэр хорооллынхон “Алтанхуягийг сонгочихвол амьдрал дээшилж, ядаж л үзэж харах юмтай болно. Хашаанаасаа усаа авч, худар руу хүүхдүүд гүйлдэхээ байна” гэж итгэсэн байлгүй хөөрхий. Сонгинохайрханчуудын буянаар Н.Алтанхуяг сонгуульд ялсан. Бас гурван жил Монгол Улсын Тэргүүн шадар сайд хэмээх өндөр албан тушаалд суусан. Гэхдээ тэр сонгогчиддоо амласан амлалтаасаа хэрэгжүүлэх тал дээр тун бага анхаарсан бололтой.
УИХ-ын гишүүн Д.Батбаярын Ерөнхий сайд найз хаачив
УИХ-ын сонгуулиар хамгийн өвөрмөц реклам хийж, хамгийн олон хүнийг уяраасан хүн бол монгол сумочдын анхдагч Кёкшюүзан Д.Батбаяр. Тэрбээр балчир охиныг ашиглаж,  өөрийгөө “Ухаантай хөөрхөн ах шүү” хэмээн рекламдсаар сонгогдсон. Бас болоогүй Сонгинохайрхан дүүргээс 20,000 залууг Японд өндөр цалинтай ажилд явуулна. Хөөрхий муусайн монголчууд мөнгө олохын зэрэгцээ хөрөнгөтэй баян орныг үзээд ирэг” хэмээн амлаж байлаа. Тэр ч бүү хэл “Японы Ерөнхий сайд чинь миний ганц найз. Би улс төрд гарахгүй ч байсан хамаагүй найздаа хэлээд залуучуудыг гадаадад явуулаад өгчихнө” гэсэн түүний амлалт ажилгүйдэл ихтэй, амьдрал дорой Сонгинохайрханчуудын магнайг тэнийлгэж, мань эр ч хангалттай санал авсан. Тэгвэл өнөөдөр тус дүүргээс 20,000 бүү хэл 20 хүн ч япон руу явсан эсэх нь тодорхойгүй байна. Тус дүүрэгт хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд голдуу амьдардаг. Гадаад явж, байр машинтай болж, амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй  залуучууд, үр хүүхдээ хил даваад мөнгө төгрөг олж ирээд гайгүй шиг  амьдраасай гэж бурхандаа мөргөх нь халаг суугаа хэдэн хөгшчүүдийг Д.Батбаяр гишүүн зад хулхидсан нь энэ.

Ногоон намын даргаас 10 сая төгрөгийн зээлээ авахаар Баянголчууд хүлээж байна
Анх Ногоон намаас нэр дэвшиж, одоо Иргэний зориг намын өвөрт багтаад байгаа УИХ-ын гишүүн Д.Энхбат гэгч энэ нөхөр 2008 оны сонгуульд бас л том том амлалт авч байж сонгогдсон. Тэрбээр 18 нас хүрсэн хүн бүхнийг 10 сая төгрөгийн зээлжих эрхтэй болгоно.  Өрх бүрийг орон сууцаар хангана.  Цалинг сараар биш цагаар тооцдог болгоно.
Ахмад хүн бүрт 10 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Хөдөөгийн бизнесменүүдийг татвараас чөлөөлнө гэх мэтээр сайхан амласан байх юм. Гэвч түүний амлалтаас биелсэн зүйл алга. Ахмадууд 10 бүү хэл ганц сая төгрөг авч чадахгүй бухимдаж байна.

Д.Ганхуяг гишүүний ааш нь хувирчээ
УИХ-ын идэвхигүй  гишүүдийн тоонд Д. Ганхуяг зүй ёсоор ордог. Тэрээр 2004 оноос хойш УИХ-д хоёр дараалан сонгогдсон ч дорвитой хийсэн зүйлгүй байгаа. Найман жилийн өмнө Баянзүрхчүүдийг үерийн аюулаас аварч суваг шуудууг нь янзлаад өгөх юм ярьж гарч ирсэн ч байдал бахь байдгаараа тус дүүргийнхэн бохирын устайгаа холилдсоор өнөөг хүрчээ.  Жилийн жилд үерт автдаг 13-14-р хорооныхон эрхэм гишүүнийг амласандаа хүрчих юм болов уу хэмээн харуулдан суух ажилтай болсон ч тусыг олох магадлал тун бага байгаа гэнэ.  Учир нь тэрхүү амлалт бол чих зөөлөн, шинэхэн, сонихон гишүүн байхдаа амласан амлалт. Тухайн үедээ хувийнхаа компанаас техник хэрэгсэл гаргаж далан шуудууг цэвэрлэж өгдөг байсан бол одоо “хуцваа” гэх нь холгүй суух болжээ. Мэдээж үүнд ч бас  учир бий. Д. Ганхуяг гишүүн Баянзүрх дүүргээс нэр дэвшин  мандат авах магадлал тун бага болсон аж.  Тиймээс төрсөн нутаг болох Архангай сэтгэлд нь зэрэглээтэх болжээ. Ёстой л нөгөө буцах гэж байгаа хүүхэнд, үнээ тугал нийлэх нь хамаагүй гэдэг нь л энэ байхдаа.

З.Алтай гишүүний хувийн мөрийн хөтөлбөр хувийн мөрөөдөл л болж хоцорлоо
Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшсэн З.Алтай гишүүн хувийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийгөө рекламдаж улс төрд орж ирсэн. Гэвч түүний хувийн мөрийн хөтөлбөр өнөөдөр хувийнх нь мөрөөдөл л болж хувираад байна. Монголд Эрүүл мэндийн том оношлогооны төв байгуулна. Эмч нарыг бөөнөөр нь гадаадад сургана. Улсын хөрөнгө орууллаттай том сургууль байгуулна. Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэнэ. Цаг нь ирлээ гэж рекламдаж байсан З.Алтайгаас Баянзүрхчүүд юу ч хүлээх хэрэггүй гэдгийг аль эрт мэдсэн бололтой. Мань эр тойргоороо ч ховорхон очдог болжээ.
 
Сүхбаатарчууд Лу.Гантөмөрийг хүлээсээр...
Ёстой л нөгөө бухын доодохыг харж үнэг турж үхэв гэгчийн үлгэрээр хөөрхий Сүхбаатарчууд Лу.Гантөмөрийг хүлээж найман жил болж байна. Би сонгогдох юм бол гэр хороололд ирж амьдарана. Та бидний зовлон нэг болно гэж амлаж байсан энэ залуу 2008 оны сонгуулиар хотын бүхий л бэрхшээлийг арилгана гэж  амласан байх юм. Хэрвээ намайг сонговол Улаанбаатар хот утаагүй, зам бөглөөгүй болно. Би сонгогдоод өрх бүрт интернет тавиулж, орон сууц олгож, цэвэр усыг шууд л хоолойгоор татаад аваачиж өгнө гэж амлаж байсан байх юм. Нийт 10 заалттай түүний мөрийн хөтөлбөрөөс амьдрал дээр биелсэн зүйл бараг  алга.

С.Оюун гишүүний заль
УИХ дахь цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг, Иргэний зориг, Ногоон намын дарга С.Оюун улс төрд ороод удаж байна. Тийм ч учраас тэр юу амлаж, юу хэлэхээ тун нарийн сайн тооцоолдог бололтой юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөр С.Оюун гишүүний мөрийн хөтөлбөртэй тун адилхан. Жишээлбэл 18-28 насны залуусын боловсролыг дэмжих зорилгоор 80 мянган төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоно гэж амласан байх юм. Өнөөдөр Их дээд сургуульд сурч байгаа оюутнууд тэтгэлэг авч байгаа. Тиймээс С.Оюун гишүүний амлалтыг Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр элбэж байгаад биелүүлчихсэн гэсэн үг.  Үүнээс гадна хатагтай С.Оюун  Орон сууцны зээлийн хүүг 8%-с доош буулгана гэж амлажээ. Саяхан Засгийн газраас орон сууцны зээлийн хүүг жилийн 6 хүртэл хувь бууруулах шийдвэр гаргасан. Тиймээс түүний амлалтыг ЗГ биелүүлж байгаа бололтой. Гэхдээ ор тас биелээгүй амлалт биелсэн амлалтаас нь хэд дахин олон байна.  Тэрбээр “Төрийн албан хаагч, эмч, багш нарын сарын цалинг 800 мянган төгрөгт хүргэнэ. Өрнө-дорнын хосломол анагаах ухааны шинэ тогтолццог бий болгоно.   Орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон 8 эмнэлэг барьж үйлчилгээнд оруулна.  Шороон ордоос алт олборлох явдлыг бүрмөсөн хориглож, ухаж сэндийлсэн, химийн  хорт бодисоор хордуулсан этгээдэд хуулийн цээрлэл хүлээлгэнэ. Оюутолгой, тавантолгой, асгат, мардай, төмөртэй зэрэг ашигт малтмалын ордуудыг ашиглалтад оруулна. Хот хөдөөд 48 мянган айлыг тохилог орон сууцанд оруулна. Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, мөнгөний оновчтой бодлого явуулснаар үнийн өсөлтийг хязгаарлана.  Юмны үнэ тэнгэрт хадаж ард иргэдийг зовоодог байдал устана.  8000 залуусыг гадаадад сургана. 8 мянган оюутны дотуур байр төсвийн хөрөнгөөр барина. Хотын утааг 60% бууруулна.  Хот суурин газар, гэр хорооллын хог хаягдлыг зайлуулах систем нэвтрүүлнэ гэх мэтээр хангалттай том том амлалт авсан ч биелэлээгүй байна. Хотын хог хөглөрч, утаандаа уушигиа хордуулж, махны үнэ 10,000 төгрөгт хүрч, гэр хорооллынхон хүнд хэцүү нөхцөлд амьдарсаар л байгааг С.Оюун хатагтайд сануулах нь илүүц бизээ.

С.Ламбаа гишүүний сонгогчиддоо амласан сансрын хиймэл дагуул хаана байна?
Амлалтандаа бүдэрсэн улс төрчдийн жагсаалтыг С.Ламбаа гишүүн тэргүүлж байна. Тэрбээр 2008 онд Архангай аймгийн нэгдүгээр тойргоос нэр дэвшиж ялалт байгуулсан. Нэр дэвшиж байх үедээ С.Ламбаа гуай “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ байгуулна.
Сум бүрээс жил бүр 1 хүүхэд гадаадад, захиалгат мэргэжилтэнг дотоодод төрийн зардлаар сургана. Гэр бүлийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлнэ
Сумын төвийн байгууллагыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлнэ. Цахим монгол хөтөлбөр хэрэгжүүлж, сансрын хиймэл дагуултай болно гэж амлаж байсан байх юм. Мань эр Хамтарсан Засгийн газарт багтаж, эрүүл мэндийн сайдаар гурван жил ажилласан. Асар их хэжмээний төсөв мөнгийг захиран зарцуулж, асар том эрх мэдэл эдлэсэн. Гэхдээ өөрийнх нь амласан Гэр бүлийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой болох асуудал, Түргэн тусламжийн үндэсний сүлжээний тухай яриа алхам ч урагшилсангүй. Хөдөөнийхөн сансрын хиймэл дагуултай л болчихвол амьдрал нь дээшилнэ гэж ойлгосон бололтой. Гэвч хиймэд дагуулийн тухай хиймэл яриа хоосон мөрөөдөл болж хоцорчээ.

Өвөрхангайчуудад ярьсан Г.Батхүүгийн үлгэр
Өвөрхөнгайчууд  Г.Батхүү, З.Энхболдод удаа дараа санал өгч байгаа. Өнгөрсөн 2008 оны сонгуулиар тухай үеийн “Монгол шуудан” банкны эзэн Д.Зоригт энэ тойрогт ялалт байгуулсан. Эвтэй дөрөв гэж өөрсдийгөө нэрлэж байсан АН-ын дөрвөн нэр дэвшигчийн гурав нь Өвөрхангайчуудийн итгэлийг өвөртлөн УИХ-д орж ирсэн.
Гэвч тэдний амласан амлалт өнөө хэр биелэл болоогүй л байна. Монголын тэргүүн баячуудын нэг Г.Батхүү Өвөрхангай аймгийн гурван  сумыг хотын статустай болгоно. Өвөрхангай аймагт 40 үйлдвэр барьж байгуулж,  10000 ажлын байр бий болгоно гэдэг том амлалт авсан. Гэвч өнөөдөр Өвөрхангайд  байгуулагдсан ганц ч үйлдвэр байхгүй л байна.
shudarga.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш