logo
БНАСАУ пуужин хөөргөхийг дахин оролдоно

БНАСАУ пуужин хөөргөхийг дахин оролдоно

2012/04/24
Шинэ баллистик пуужинг илрүүлсэн тухай Өмнөд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалжууд сэтгүүлчдэд мэдээлжээ. Xиймэл дагуулаас авсан Тончанни полигоны шинэ зургаас харсан мэдээллээ Америкийн тагнуулчид өгсөн бололтой. Чухам энэ полигоноос дөрөвдүгээр сарын 13-нд пуужин хөөргөсөн нь амжилтгүй болсон билээ.

Хоёр дахь пуужинг эхнийхтэй хамт гуравдугаар сарын 23-нд тус полигонд аваачсан байна. Одоо хоёр пуужинг ангарт угсарч байгаа аж. Үзүүлэлтээрээ хоёр дахь пуужин эхнийхтэй бараг адил бөгөөд удахгүй хөөргөх бололтой.

Дахин пуужин хөөргөх гэж байгааг БНАСАУ-ын удирдагчийн хэлсэн үгнээс ч мэдэж болохоор байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт сансрын технологийн хорооны төлөөлөгч ЦТАК агентлагт өгсөн ярилцлагадаа, Пхеньян «АНУ болон Өмнөд Солонгосын эсэргүүцэж буйг үл харгалзан урьдын адил хиймэл дагуулаа хөөргөнө» гэжээ.

Түүний хэлснээр, пуужин хөөргөх нь «тус улсын тэргүүлэх чиглэл болон энхийн зорилгоор сансрын орон зайг эзэмших урт хугацааны хөтөлбөрт нийцнэ». Төлөвлөснөө хэрэгжүүлэх нь БНАСАУ-ын хувьд «ард түмэн нь социализмын бүх давуу талыг ашиглаж», «цаашид бүсээ чангалах хэрэггүй» болно гэдэг үүднээс Америкийн тусламжаас илүү чухал юм гэж төлөөлөгч хэлсэн байна.

Үүний сацуу АНУ-ын өрх баригчид пуужингийн хөтөлбөрөө Умард Солонгос хэрхэн хэрэгжүүлж байгааг байнга ажиглан хянасаар байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Батлан хамгаалахын сайд Леон Панстта оролцсон АНУ-ын Зэвсэгт хүчний хорооны хуралдаанаар энэ сэдвийг хөнджээ. Хорооны гишүүдийн асуултад тэрбээр хариулахдаа «пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлэхэд нь Умард Солонгост Хятад улс зарим талын тусламж үзүүлдэг» хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ Пентагоны тэргүүн чухам ямар тусламж үзүүлснийг тодруулахаас татгалзжээ.

З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш