logo
Орос, Хятад хоёр цэргийн сургуулилт хийж эхэллээ

Орос, Хятад хоёр цэргийн сургуулилт хийж эхэллээ

2012/04/24
Дөрөвдүгээр сарын 22-нд буюу өнгөрсөн ням гарагт Орос болон Хятад улс тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийж эхэлсэн тухай ОХУ-ын БХЯ-ны хэвлэлийн алба мэдээллээ.
"Тэнгисийн харилцан ажиллагаа-2012" гэж нэрлэсэн уг сургуулилтын гол зорилго нь хамтарсан хамгаалалтын тактик боловсруулах болон Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд хамтран ажиллах явдал юм. Шар тэнгист Хятадын Шаньдун мужийн эрэг хавьд явуулж байгаа дээрх сургуулилтыг энэ сарын 27-ныг хүртэл хоёр үе шаттай үргэлжилнэ. Эхний шатанд Оросын ТЦФ болон Хятадын ТЦХ-ний анги нэгтгэлүүд штабуудын суурь бэлтгэлийг хангах тактик боловсруулах юм. Харин хоёрдугаар шатанд бүс нутагт тусгайлан явуулах хэд хэдэн маневрыг тухайлбал, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах болон эрж хайх, аврах ажиллагааны хамтарсан сургуулилт явуулах ажээ.
Уг сургуулилтад Оросын талаас "Варяг" хөлөг онгоц, шумбагч онгоц эсэргүүцэгч хөлөг онгоцууд болох "Адмирал Виноградов" болон "Маршал Шапошников", "СБ-522" аврагч хөлөг онгоц, Хойд тэнгисийн флотын "Адмирал Трибуц" шумбагч онгоц эсэргүүцэгч гэх зэрэг хөлөг онгоцууд оролцож байна. Оросын талаас цэргийн 4 хөлөг онгоц, Хятадын хоёр шумбагч онгоц, цэргийн 16 хөлөг онгоц оролцож байгаа ажээ.
Орос болон Хятад улс тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтыг байнга явуулдаг юм. Томоохонд тооцогдох анхны сургуулилт 2005 онд болсон байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш