logo
ЭНЭШТ-ийн газрыг бусдад зарсан газрын наймаачдыг яалтай...

ЭНЭШТ-ийн газрыг бусдад зарсан газрын наймаачдыг яалтай...

2011/06/16
Газрын наймаа, авлига хээл хахуулиас болоод хүн ард маань өдгөө гишгэх ч газаргүй шахам болоод байгаа нь нууц биш. Нэг хэсэг орон сууцны өмнөх талбай, автомашины зогсоолыг дээрэмдэж байсан газрын “ченжүүд” одоо бүр ил цагаандаа гарч олон нийтийн байгууллага, эмнэлэг, сургууль руу нүд унагаад эхэлсэн. Ялангуяа манайдаа л томоохонд тооцогддог хүүхдийн парк, төрөх эмнэлгийнхээ газрыг тонож, өөрсдийн эзэмшлийнх болгохоор улайрч явна. Нэгдүгээр төрөх эмнэлэгт засвар хийх нэрийдлээр хавь орчных нь газрыг хөрөнгө цацсан эрхмүүд хуваагаад авчихсан жишээ нүдний өмнө тодхон. Одоо тэнд хүүхэд салхилуулж, хөлөө амраах нь битгий хэл хөл хүндтэй эхчүүд ч багтаж шингэхээ болиод байгаа. Гэтэл саяхан бас л маргаан дэгдэх нь тэр. ЭНЭШТ-ийн хашаан дотор бүхэл бүтэн 2800 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглуулах зөвшөөрлийг эрхэм дарга нар маань өгчихсөн байдаг байгаа. Ганцхан эмнэлгийн хашаан доторхи 2800 ам метр талбайг бусдад зарчихаар тэнд өөр юу үлдэх юм бэ. Хэнхдэг цээжээ дэлдсэн нэгэн эр “Би энэ газрыг хэдэн жилийн өмнө Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар авсан. “Эй Ди трейд” компанийн эзэмшлийнх учраас энд хувийн эмнэлэг бариулах төлөвлөгөөтэй байгаа” гэж ирээд л тус эмнэлгийн ажилчин, албан хаагчидтай ана мана үзэлцэж байгаа харагдсан. Ингээд л тал талаас нь мэрж идсээр байгаад төрөх эмнэлэг ч үгүй, хүүхдийн парк ч үгүй болох нь дээ. Өөрсдөө энэ газарт төрж, өсөөгүй мэт их зан гаргаж, тэнгэрийн амьтан аятай аашлах шуналтай нөхдүүд ирээдүй хойч үеийнхэндээ ингэж хатуурхах шалтгаан нь юу вэ. Зүгээр л нэг хэдэн халтар төгрөгийн төлөө хэтдээ хэрэг болох ийм чухал газруудыг сүйтгэх эрх тэдэнд байгаа гэж үү. Төрөх газаргүй, тоглох талбайгүй, тухлах сандалгүй болчихвол энэ хот чинь юу болж хувирах вэ, эрхэм дарга нар аа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш