logo
Хамба лам Д.Чойжамц хандивын телевиз, улсын эрдэнэсийн сангийн эд агуурсыг бусдад дамлан худалдсан хэргээр шалгагдаж эхэллээ

Хамба лам Д.Чойжамц хандивын телевиз, улсын эрдэнэсийн сангийн эд агуурсыг бусдад дамлан худалдсан хэргээр шалгагдаж эхэллээ

2012/04/26
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногоос эхлэн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцыг  Авлигатай тэмцэх газарт дуудан, шалгаж эхэлжээ.
Түүнийг Япончуудын хандивласан  “ТВ-9” телевизийн тоног төхөөрөмжийг  Н.Энхбаярт 60 сая төгрөгөөр дамлан худалдсанаас гадна улсын эрдэнэсийн санд байгаа эд агуурсыг хууль бусаар ашигласан гэх хэрэгт шалгаж буй аж.

Өчигдөр  "Нар хажид" сүмийн тэргүүн Д. Мэндбаяр энэ тухай мөн нотлон хэвлэлийн бага хурал хийлгэв. Тэрээр : "Гандантэгчинлэн хийд сүүлийн үед улс төржсөн газар болсон. Чой хамбатан ямбыг нь эдэлсэн юм чинь, ялыг нь ч бас үүрэх ёстой. Сүүлийн 20 жилийн туршид Гандантэгчинлэн хийд санхүүгийн тайлан тооцоо хийж байгаагүй. Иргэдийн өгсөн өргөл барьцуудыг их хэмжээгээр үрэн таран хийдэг. Түүгээр ч үл барам хийдэд бүртгэлтэй үнэт зүйлсүүд бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй.

Хамгийн сүүлд л гэхэд Гандантэгчинлэн хийдийн хөрөнгөөр барьж байгуулагдсан "Жүд Дацан"-д 300 тэрбум төгрөг зарцуулсан" гэв. Түүнчлэн "1985 оноос хойш Монгол банкны "Эрдэнэсийн сан"-д хадгалагдаж байгаа эд хөрөнгөний тоо хэмжээ хэдий хэр хэмжээнд хүрсэн. Цөөрсөн эсвэл буурсан нь тодорхойгүй. Дуртай нь тус сангийн хөрөнгөнөөс үрдэг, зардаг болсон.

Богд хааны хатан Дондогдуламын эдэлж хэрэглэж байсан толгойн гоёлоос эхлээд нарийн нандин зүйлс тус санд хадгалагдаж байх ёстой гэдэг. Энэ бүгд үрэгдсэн эсэхийг бодох сөхөөгүй гандан хийдийн тэргүүн лам улс төржиж, мөнгө л ярихаас хэтрэхгүй байгаа. Нийт найман авдар үнэт зүйл бий. Түүний хоёр авдрын түлхүүр нь олддоггүй гээд тоолдоггүй байсан. Хөөрөг, Дондогдулам хатны хэрэглэж байсан үнэт зүйлүүд байдаг юм. Энэ нь Монголын ард түмний үеийн үед цуглуулсан үнэт зүйлүүд шүү дээ. Эдгээр алт, мөнгөн эдлэл алга болсон. Алга болсон эд зүйлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэг хөөргийг нь Д.Чойжамц Эрэлийн Эрдэнэбатад бэлэглэсэн гэсэн. Эдгээр шашины үнэт зүйлүүд Д.Чойжамцын хувийн хөрөнгө биш. Харин Монголын ард түмний өмч хөрөнгө.Сүүлийн 20 жилд бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн төр захиргааг хариуцаж байгаа хүн бүх зүйлээ хамгаалдаг эрх, үүрэгтэй болсон. Гэтэл бурхан шашныг сурталчил гэж өгсөн зүйлийг Н.Энхбаярт өгчихөөд би 60 сая төгрөг авсан гээд өнөөдөр Д.Чойжамц яриад сууж байна. Хэрэв тэд "TV9" телевизийг үнэхээр бурхан шашны сурталчилгаанд ашиглаж байсан бол авлига, хээл хахууль, нийгмийн бурангуй үзэгдлүүд буурах байсан ч юм билүү?” хэмээн өгүүлсэн юм.
“ТВ-9” телевизийн үндсэн хөрөнгийг Японы "Омото", "Нимбүцүшү", "Агоншү" гэх гурван том байгууллага Гандан хийдэд хандив тусламж болгон өгснийг Д.Чойжамц хамба Н.Энхбаярт 60 сая төгрөгөөр зарсан байж болзошгүй аж.

С.Сарнай
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш