logo
Бо Шилайтай холбоотой дуулиан Хонконгод хүрчээ

Бо Шилайтай холбоотой дуулиан Хонконгод хүрчээ

2012/04/27
Хятадын Чончин хотын коммунист намын дарга асан Бо Шилайтай холбоотой дуулиант хэрэг Хятадад газар авч Хонконгод хүрчээ. Уг нь түүнийг гадаадын иргэний аминд хүрсэн гэсэн үндэслэлээр буруутгаад байгаа. Одоо тэрээр бусад том том авлигын хэрэгт ч буруутгагдаж болзошгүй болоод байна. Гэхдээ зарим хэсэг нь түүнийг улс төрийн хэргээр баривчилсан гэж үзэж байгаа юм. Тэгвэл саяхан түүний ах Бо Ши Янг Хонконгод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит эрчим хүчний компанийн ТУЗ-ын гишүүний суудлаа өглөө. Компанийн удирдлагууд Бо Шилайгийн хэрэг дуулиан компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзэн Бо Ши Янг өөрийн саналаар албан тушаалаа өглөө гэж мэдэгдсэн. Түүнийг албан тушаалаа өгөхөөс өмнө Бо Шилайгийн хүү Бо Гуа Гуа мэдэгдэл гаргаж, Оксфорд болон Харвардын их сургууль суралцахдаа зарцуулсан зардал төлбөр мөнгө нь аав болон түүний танил талтай нь ямар ч холбоогүй. Тэрээр өөрөө тэтгэлгээр суралцсан гэсэн гэр бүлээ өмөөрч хамгаалсан мэдэгдэл хийгэд байсан юм. Учир нь хуулийн байгууллага Бо Шилайг авлига хээл хахуулийн хэргээр буруутгасан. Үүнд хүүгээ гадаадад сургахдаа албан тушаалаа ашигласан гэж буруутгаад байгаа юм. Хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэлд Бо Шилайг олон сая доллар гувчуулсан, нэр нөлөө бүхий улс төрчдийг хахуульдсан, худалдан авсан зэрэг хэрэгт сэжиглэж байгаа юм. Мөн зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Бо Шилай аль хэдийнэ гадаадад хэд хэдэн компани байгуулсан. Тиймээс гадаадын банкуудад хууль бусаар олсон мөнгөө хадгалуулсан байж магадгүй гэнэ.  Бо Шилайг олон жил Чончин хотын коммунист намын даргаар ажиллаж, өөрийнхөө хаант улсыг байгуулсан байсан гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Ямартай ч Хятадын хууль хяналтынхан том “Акул” дэгээдэж, Коммунист намын бугшсан идээ бээрийг нэг талаас нь шахаж эхлээд байна. Бо Шилайг Хятадын коммунист намын гишүүдийн орооцолдсон аалзны торны үзүүр гэж хууль хяналтын байгууллага байгаа бололтой.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш