logo
Ерөнхий сайд алтан мөрдөстнүүдэд хүндэтгэл үзүүллээ

Ерөнхий сайд алтан мөрдөстнүүдэд хүндэтгэл үзүүллээ

2012/04/28
Монгол Улсад цэргийн цол-генерал цол бий болсон өдрийг тохиолдуулан Засгийн газрын тэргүүн С.Батболд  өчигдөр генералуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий гэдэгчлэн тэрхүү цэрэг эрсийн мөрөөдлийг бодит  биелэл болгож чадсан генералууд та бүхнээр цэрэг эрс, Монголчууд бид үргэлж бахархдаг хэмээн Ерөнхий сайд С.Батболд алтан мөрдөстнүүдтэй уулзах үеэрээ тэмдэглэлээ.
Мөн тэрээр  энэхүү өндөр хариуцлагатай үүрэг, нэр төрөө өргөж явахын зэрэгцээ цаашид улс орны хөгжил дэвшил, батлах хамгаалахын шинэчлэлд өөрсдийн хувь нэмрийг оруулан, хойч үе шинэ залуу офицеруудад арга туршлагаа харамгүй хайрлан, төр засаг, ард түмэндээ өмөг түшиг болж явна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар зэвсэгт хүчин, тэр дотроо зэвсэгт хүчний сор болсон генералуудын асуудлыг бүхий л талаар дэмжиж ирсэн төдийгүй цаашид ч энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно хэмээв.  
Тухайлбал генерал цолны нэмэгдлийн асуудлыг УИХ-ын тогтоолын түвшинд бус хуулийн төсөл боловсруулж, шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын тэргүүний хувьд дэмжинэ гээд төслийг ойрын хугацаанд боловсруулахыг салбарын сайдад үүрэг болголоо.
1944 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор анх генерал цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай  гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гаргаж Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Эрэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 хүнд олгосон түүхтэй. Эдүгээ энэ эрхэм хүндэт цолыг 158 хүн хүртээд байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш