logo
Олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ

Олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ

2012/04/28
БНХАУ-ын Тайюань хотод “Лондон-2012” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн сонгон шалгаруулах III дахь шатны тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд Австрали, Австри, АНУ, Азербайжан, Албани, Англи, БНАСАУ, Бразил, БНСУ, БНХАУ, Грек, Ирланд, Итали, Йордан, Казакстан, Канад, Монгол, Нигери, Норвег, ОХУ, ӨАБНУ, Франц, Швед, Швейцар, Япон зэрэг 79 орны 380 гаруй бөх хүч үзэхээр очжээ. Тэмцээнд олимпийн зэрэглэлийн шүүгч 38, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн найман шүүгч ажиллах юм байна. Энэхүү III дахь шатны сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн жин бүрт эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эхний хоёр байр эзэлсэн эмэгтэй бөхөд буюу 28 эрэгтэй, 8 эмэгтэй, нийтдээ 36 бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгоно.
Эрэгтэй чөлөөт бөхийн 120, эмэгтэй чөлөөт бөхийн 63 кг-ийн жинд олимпийн эрх аваад байгаа монголын багийн хувьд нэмж 9 жинд эрх авахын төлөө өрсөлдөж байна. Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн барилдаан эхлэх бөгөөд 55 кг-ийн жинд 23 бөх барилдахаас олон улсын хэмжээний мастер Т.Даваахуяг эхний тойрогт Азербайжаны бөх Яшар Алиевтэй хүч үзэх нь. 60 кг-ийн жинд 27 бөх хүч үзэхээс спортын мастер Б.Баянмөнх эхний тойрогт Узбекстаны бөх Бахрам Ерматовтой сугалаа таарчээ. 66 кг-д 26 бөх зодоглож байгаагаас спортын мастер Б.Мянганбаяр 1 дүгээр тойрогт Гвиней-Биссау улсын бөх Квантина Индипетэй таарсан бол 74 кг-ийн жинд 19 бөх барилдаж байгаагаас олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат эхний тойрогт хийлж хоёр дахь тойрогтоо Вьетнамын бөх Тат Дү Кантай учраа таарчээ. 84 кг-д 19 бөх өрсөлдөж байгаагаас ОУХМ П.Өсөхбаатар нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Японы бөх Ацуши Мацумототой.
96 кг-ийн жинд 20 бөх өрсөлдөж байгаагаас ОУХМ Ч.Ганзориг нэгдүгээр тойрогт Венэсуэлийн бөх Лутис Филипп Вивинес Урбанежатай тус тус барилдах юм байна.
Д.Догсмаа
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш