Хүн төрөлхтөн соёл иргэншлийнхээ мухардал руу явж байгаа бөгөөд хэрвээ хэрэглээний түвшин болоод дэлхийн хүн aм одоогийн хурдцаар өссөн хэвээр байвал манай гарагийн байгалийн баялгийн нөөц ойрын 10 жилийн хугацаанд шавхагдах болно. Ийм дүгнэлтийг Британийн Хааны шинжлэх ухааны академи «Хүн ба гараг» хэмээх илтгэлдээ хийжээ.
Одоогийн байдлаар манай гарагийн оршин суугчдын тоо 7 тэрбумд хүрээд байгаа бол хэрвээ цаашид одоогийн хурдац болох жилд 80 сая хүнээр өсвөл 2050 он гэхэд 9 тэрбумд хүрэх гэнэ. Барууны орчин үеийн аж үйлдвэрлэлийн загварт байгалийн баялгийн нөөцийг эргэн нөхөн сэргээгдэхээргүйгээр их хэмжээгээр ашиглах болсон бөгөөд хөгжиж байгаа орнуудад ч бас хэрэглээний ийм загварт шилжиж байгаа учир энэ нь соёл иргэншлиин асуудлуудыг улам бүр хүндрүүлж байна гэж дээрх илтгэлд дурджээ.
Хааны шинжлэх ухааны академи хэрэглээний дундаж түвшинтэй тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлах мөн хүн амын өсөлтөд хяналт тавихыг санал болгосон байна. Тус академийн эрдэмтэд мөн ДНБ-ий өсөлтөд үндэслэн эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог дүгнэлтээс татгалзах хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.
Харин үүний оронд улс орнуудын байгалийн баялагт үндэслэн илүү өргөн хүрээг хамарсан үзүүлэлтээр тодорхойлохыг санал болгосон байна. Илтгэлд мөн одоо ашиглаж байгаа нефть, хийн хэмжээгээ багасган сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжихийг уриалжээ.Уг илтгэлийг зургадугаар сард Рио-де-Жанейро хотод болох НҮБ-ын тогтвортой хөгжлийн талаарх бага хуралд зориулан бэлтгэсэн байна.
Эх сурвалж: "Монцамэ"