Б.Хурцад итгэж болох уу. Ерөнхийлөгч асныг дуулиантайгаар баривчилсан Б.Хурцыг хүн хулгайлсан гэмт хэрэгт орооцолдуулж, хүний нутгийн шоронд хоригдох үрийг тарьсан хүн нь Н.Энхбаяр гэдэг.
Тиймээс дэлхийд данслагдсан гэх Төв аймгийн мөрдөнд МАХН-ын даргыг хорьж, бүтэн жил харийн шоронд хэвтсэнийхээ хор шарыг авч байгаа гэх юм. Н.Энхбаярын баривчилгаанаас хойш Б.Хурцын хараанд өртөж, дургүйг нь хүргэчих вий гэж битүүхэндээ эмээж явдаг хүн цөөнгүй болжээ.
Учир нь Б.Хурц Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн. Тэр үедээ гаалийн байцаагчдаас хахууль авсан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, өнөөгийн өндөр албан тушаалтнуудыг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдож байсан гэдэг юм билээ. Гэсэн ч түүнийг төрийн хариуцлагатай албан тушаалаас хөөж, сүйд болоогүй. Харин ч хүмүүсийн хэл амнаас зайлуулж, 2006 онд БНСУ-ын Сөүл хотод «МИАТ» компанийн ерөнхий төлөөлөгчөөр томилсон.
Шууд гудамжинд хөөгөөд гаргачих гэхээр улстөрч, албан тушаалтнуудын фактуудыг дэндүү сайн мэдэх учраас ийнхүү хариуцлагаас бултуулсан бололтой. АТГ-ын дэд даргын албыг хашиж байгаа Б.Хурц өмнө нь өөрөө энэ байгууллагад шалгагдаж байсан ч хариуцлага огт хүлээж байгаагүй хашир толгой.
Хэлснийхээ эсрэг ажилладаг Б.Хурцад итгэж болохгүй нь
Тухайлбал, 2010 онд ҮАБЗ-д ажиллаж байхад нь «МИАТ»-ийн ерөнхий төлөөлөгч байх үеийнх нь асуудлаар шалгаж байсан гэх. Харин шалгах явцад Б.Хурц «АТГ-ынхан төрийн албан хаагч биш, «МИАТ»-ийн захирал Р.Бат-Эрдэнийн асуудалд намайг хамаатуулж байна» хэмээн өөрийгөө мулталсан байдаг.
Түүгээр ч зогсохгүй «АТГ улс төрийн залхаан цээрлүүлэх, шантаажлах байгууллага болжээ» гэсэн дүгнэлт хийж, «Бүх хүн тийм биш. Манай гэрт нэгжлэг хийсэн, над дээр ирж нэгжсэн залуус бол боловсролтой, соёлтой хүмүүс байсан. Дарга нарынх нь чиг хандлага улстөржсөн байна» хэмээн хэлж байв. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тушаалаар Англи руу «цөлөгдөөд», дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн «буянаар» эх орондоо хөл тавьсан гэх Б.Хурц «баатар»-ын ёсоор хуучин албаа үргэлжлүүлэн хашиж байгаад АТГ буюу «авлигын анчдыг» ахалж, удирдах болсон билээ. Гэтэл өдгөө Б.Хурц бусдыг буруутгаж байсан тэр зарчмаар ажиллаж байна.
Энэ нь Н.Энхбаярын дуулиант баривчилгааны үеэр ил харагдсан гэж болно. Өөрөөр хэлбэл түүний хэлж байсан эсрэгээрээ эргэж, ажиллагааг гардан явуулдаг хүмүүс нь өнөөдөр буруутан болчихоод байгааг Б.Хурц хэрхэн тайлбарлах бол.
Б.Хурцын занг сайн мэддэг хүмүүс түүнийг «Үхэхдээ үхэр буугаа тавина» гэгчээр аашлах хүн гэх нь бий. Учир нь тэрбээр Сөрөх тагнуулд байхдаа олж мэдсэнээ албан тушаалдаа ч ашигладаг гэнэ. Түүнийг Сөрөх тагнуулд байхдаа Гаалийн Ерөнхий газрын дарга асан Х.Баатарын авлигын хэргийг илрүүлэхэд оролцож, цагдаагийн байгууллагад шилжүүлэн, ажлын хэсгийг хамтран удирдаж байсныг санаж байна. Харин дараахан нь Б.Хурц Сөрөх тагнуулын албанаас халагдаж, Сөүлд томилогдсон. Тухайн үед Ц.Элбэгдоржийн эвслийн Засгийн газар ч, ТЕГ-ын дарга ч солигдож байв.
Б.Хурц ҮАБЗ-д байхдаа «Х.Баатарын хэрэгт холбогдох цөөнгүй хүн одоо УИХ-ын танхимд сууж байгаа» хэмээн ярьж байсан. Энэ бүхнийг мэддэг учраас өөрийг нь оролдож байгаа мэтээр ярьж, үүнийгээ «Авлигатай тэмцэх газар захиалгаар ажилладаг улстөрийн байгууллага болсон. УИХ-ын гишүүн Л.Гүндалай, гишүүн асан С.Отгонбаяр нарыг ч энэ л шалтгаанаар оролддог» хэмээн тайлбарлаж байлаа. Түүгээр ч зогсохгүй «АТГ-т шалгах ажил зөндөө байхад улстөрийн захиалгаар хувь хүмүүстэй орооцолдож явдаг нь буруу» гэж байсан. Гэвч өнөөдөр өөрөө АТГ-ын дэд даргаар томилогдчихоод өөрийнхөө хэлж байсны эсрэг ажиллаж байгаагаас харахад Б.Хурцыг хэн бэ гэдгийг тайлж ойлгоход бэрх бололтой.
Ж.Нарангэрэл
Эх сурвалж: "Өглөөний сонин"