logo
Хятад улс Европт хүрээгээ тэлж байна

Хятад улс Европт хүрээгээ тэлж байна

2012/04/28
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Европт, Исланд, Герман, Гвед, Польш улсад айлчиллаа. Хятадын сайд нарын танхимын тэргүүний айлчлал дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээр хоёрдугаарт ордог улс болон Европын Холбоо хоорондын харилцааг чанарын хувьд шинэ түвшинд гаргаж байна. Арктикийн судалгаанд Бээжинг оролцуулах, БНХАУ-д Баруун Европын технологийг нэвтрүүлэх, Зүүн Европт Хятадын бизнесийг нэвтрүүлэхээр тохиролцсон Хятадын Ерөнхий сайд Бээжингийн АНУ-тай хийдэг ажил хэргийн холбоог Европ руу чиглүүллээ. Вэнь Зябаогийн араас Европт БНХАУ-ын ажил хэргийн ашиг сонирхлыг лоббидох үүргийг түүний халааг авах хүн болох ерөнхий сайдын орлогч Ли Кэцян үргэлжлүүлнэ.


Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Исландаар эхэлсэн айлчлалаа Вэнь Зябао Польшт өндөрлөв. Ерөнхий сайдаар ажилласан найман жилийн хугацаанд Вэнь Европт ийнхүү зургаа дахь удаагаа айлчиллаа. Гэхдээ энэ удаагийн айлчлал анх удаагаа Хятадад улс төрийн донсолгоо болсон үед буюу Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулган дээр Вэнь Зябаогийн хэлсэн үгнээс эхэлсэн, намын удирдагч Бо Силайг тойрсон дуулиан шуугиан Хятадын Коммунист намын ХҮШ их хурлын өмнө БНХАУ-ын улс төрийн тогтвортой байдлын тухай урьд хөндөгдөж байгаагүй асуудлуудыг хөнджээ. Үүний сацуу Вэнь Зябаогийн айлчлал нь АНУ болон БНХАУ-ын хоорондын эрх мэдлийн төлөө тэмцэл хурцадсан нөхцөлд болж байна. Энэ тэмцэл Хятадыг тогтоон барих талаар Барак Обамагийн Азийн талаар баримталж буй шинэ стратегийг эрчимжүүлж байгаа аж.


"Вэнь Зябаогийн айлчлал нь дотоод улс төрийн ч, олон улс төрийн ч үүднээс Бээжинд чухал юм. Европ Хятадын элитүүд болон залуучуудын дунд нэр хүндээрээ АНУ-г гүйцэж байгаа бөгөөд Бээжинтэй харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байгаа нь БНХАУ-ын удирдлагын дотооддоо унаад байгаа нэр хүндийг бэхжүүлэх ёстой. Үүний зэрэгцээ Бээжин АНУ-ын нөлөө уламжлал ёсоор хүчтэй байдаг Европт "далбаагаа харуулах" хэрэгтэй юм" гэж Оросын улс төр судлаач Юрий Тавровский тайлбарлажээ.
Европын Холбоонд нэгдээгүй Исландад Хятадын Ерөнхий сайд очсон нь айлчлалын үеэр онцгой байр суурь эзлэв. Өнгөрсөн онд Хятадын тэрбумтан Хуан Нубо жуулчны цогцолбор барихын тулд Исландын зүүн хойд нутагт 200 ам метр талбай бүхий эзэнгүй газар нутгийг 200 сая доллароор худалдаж авахыг хүсч байсан билээ. Гэвч "зууны хэлэлцээ" амжилтгүй болж, Исландын эрх баригчид Хятадын олигархид татгалзсан хариу өгчээ. Шинжээчдийн үзэж буйгаар, Хятадын эрх баригчдад ойр байдаг олигарх Хятадын флотын баазын барилга барих газар авах боломжийг Бээжинд олгоно гэсэн болгоомжлол татгалзах учир шалтгаан болов.
Вэнь Зябаогийн айлчлалын үеэр Хятад улс Исландад түрэмгий бодлого явуулж болзошгүй гэсэн болгоомжлол байлаа. Геологич мэргэжилтэй Вэнь Зябао Исландын түүхэн дурсгалт газруудын нэг болох хувийн өмчид байдаг, галт уулаас үүдэлтэй Керид нууранд очиж чадаагүй байна. Газрын эзэд нь Хятадын Ерөнхий сайдыг ирүүлэхийг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ.


Хойд Европт Вэнь Зябаогийн хувьд Арктикийн сэдэв гол нь байсан бол, Ганноверт болсон дэлхийд томоохонд тооцогдох олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, Хятад-Германы худалдаа- аж үйлдвэрийн чуулга уулзалтад оролцсон Германд бол огт өөр зорилготой очжээ. Тодруулбал, Хятадад Германы технологийг нэвтрүүлэх саадыг арилгаж, худалдаа болон хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал байлаа. Герман-Хятадын чуулга уулзалтын нээлт дээр БНХАУ-ын Ерөнхий сайд үг хэлэхдээ томоохон зорилт тавьж, 2015 он гэхэд Берлин, Хятад хоорондын худалдааны хэмжээг 280 тэрбум доллар хүргэхээ мэдэгджээ. Вэнь Зябаогийн үзэж буйгаар, хэрвээ гаалиар хавчих бодлогыг өөрчилж, өндөр технологийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлбэл талууд энэ зорилгодоо хүрч чадна. Эцэст нь, Варшавт айлчлахдаа Хятадын Ерөнхий сайд Польш-Төв Европ-Хятад гэсэн худалдааны урьд өмнө хийж байгаагүй дээд хэмжээний уулзалтад оролцож, Зүүн Европын 15 улсын Ерөнхий сайд нартай уулзжээ. Энэ бүс нутаг дахь Хятадын худалдаа-эдийн засгийн оролцоо тийм ч өргөн хүрээтэй биш ч Европ тивд нэвтрэх гэсэн Хятадын хэтийн бас нэг чиглэл нь энэ бүс нутаг болж байна.


"Вэнь Зябаогийн айлчлалын дараа шууд Европт БНХАУ-ын ашиг сонирхлыг лоббидох үүргийг түүний халааг авах магадлал өндөртэй байгаа, ерөнхий сайдын орлогч Ли Кэцян үргэлжлүүлнэ. Тэрбээр дөрөвдүгээр сарын сүүл тавдугаар сарын эхээр Орос, Унгар, Бельги, ЕХ-ны төв байранд айлчилна. хятад улс ЕХ-той хамтран ажилласан жилүүдэд харилцан бараа эргэлт 200 дахин нэмэгдэж, Хятадын Засгийн газрын тэргүүний айлчлалын дараа бараа эргэлт шинэ эрч хүчийг авна. Ялангуяа Бээжингийн санал болгосон хамтын ажиллагааны төслүүдийг Европ санхүү-эдийн засгийн хямралын үеийн эм хэмээн хүлээн авч байна. Энэ нь Европын Хятадын ажил хэргийн гол түнш болгож, АНУ болон бусад улсыг холтгох юм" гэж Москвагийн олон улсын харилцааны улсын их сургуулийн улс төр судлалын факультетын декан Алексей Воскресеньский мэдэгдэв. Дашрамд хэлэхэд, "Дэлхийн эдийн засгийг үндсээр нь өөрчлөх тийм эргэлтийг Европ бүхэлдээ хийхэд бэлэн байгаа эсэх нь хараахан тодорхойгүй байна" гэж шинжээч үзэж байна.


З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш