Үнэнийг нууж болно гэхдээ үнэнийг хэзээ ч устган алга болгож болохгүй. Хэзээ нэгэн цагт үнэн хаа нэг газраас гарч ирнэ. Үнэнээс хүн хэзээ ч зугтааж чадахгүй гэдэг бол үнэн. Өнөөдөр Монголын эрх баригчид үнэнд гүйцэгдэж байна.
Монголд яагаад үнэнийг ярьдаггүй вэ? Улс төрчдийн үг, үйл хэргийнх нь араас “үнэн” үү хэмээн асуух хэрэгтэй биш үү. Бүгд л ам уралдан яриад л, үнэн яриад байгаа юм уу, худал яриад байгаа нь мэдэгдэхгүй. Үнэхээр үнэнийг яриад байна уу эсвэл худал зүйлийг үнэн мэт үнэмшилтэйгээр яриад байна уу гэдгийг ялгаж салгаж, ойлгох нь бидний амьдрал үйл хэрэгт тустай.
Харамсалтай нь өнөөдөр хэн ч үнэнийг асуухгүй юм. Зөв буруугийн тухай ярьж болно. Энэ бол өөр асуудал. Социализмын үед “үнэнч байх” бол хүмүүсийн хоорондын харилцааны түгээмэл зарчим байлаа. Ардчилсан нийгэмд үнэн мартагдаж, гадуурхагдаж ирлээ. Үнэнгүй нийгэм гэвэл худлаа л нийгэм гэсэн үг. Худал нийгэмд эмх замбараа гэж байхгүй. Монголын өнөөдрийн нийгэм бол үнэнийг гадуурхаж, худлыг цэцэглүүлсэн нийгэм. Худлаа нийгэм худлаагаараа цааш үргэлжлэх ямарч бололцоогүй болчихлоо. Ерөөсөө ч худал зүйлд ирээдүй гэж байдаггүй.
Өнөөдөр хүн бүр үнэний тухай, үнэнчийн талаар асууж, ярилцах хэрэгтэй. Хэлж байгаа үг, тухайн болсон үйл явдал хоёр тохирч байвал үнэн гэж дүгнэдэг. Энэ бол үнэний тухай хамгийн энгийн тодорхойлолт. Үнэн байснаар л хүмүүсийн амьдрал барьцтай болдог. Бас итгэлтэй болдог.
Үнэн биш бол бүх л зүйл худал болно гэдэг нь ойлгомжтой. Худал, худал бас дахин худал зүйлүүд газар авбал худал амьдрал, худал нийгэм бий болно.Худал нийгэмд хууралт, заль, аргалах гэсэн байдал газар авч хүмүүсийн хооронд итгэлцэл алдагдана. Итгэлцэл алдагдсан нийгэмд шүүх, цагдаа хүмүүсийн хооронд асуудлыг шийдэх хэрэгсэл болдог.
Хамгийн харамсалтай нь өнөөдөр Монголчууд бид өөрсдөө худал амьдрал, худал нийгмийг бий болгочихож. Худал амьдралаасаа үнэнийг хайх нь гэгээн нартай өдөр дэнлүү бариад явахтай адил байна. Эрх баригчдын худал амлалт, худал мэдэгдлүүд хэзээ ч сайн зүйл авчирахгүй нь тодорхой болжээ. Нэгэнт худалч хүн бусдад таалагдахын тулд үнэн юм шиг ярьж болно. Гэхдээ худалч хүн худалчаараа л үлдэнэ. Өглөө хэлснээсээ үдэш буцаж, өнөөдрийн амлалтаасаа маргааш буцаж л байдаг хүмүүс шүү дээ. Энэ бол худалч хүний шинж.
Мэдлэггүй хүний яриа худал, алдаатай, дутуу байх нь ойлгомжтой. Нэг л их мэдэмхийрсэн хүмүүс. Ярьж байгаа зүйл нь баримттай, үндэслэлтэй байх ёстой. Монголын хамгийн ном уншдаггүй хүмүүс бол эрх баригчид. Тэд зөвхөн өдөр тутмын сонин гарчиглаж, хэрүүл уншихаас хэтрэхгүй. Үргэлж л амьдралаа, үзсэн харсанаа ярихаас биш онолын үндэстэй, судалгаан дээр үндэслэсэн нарийн зүйл ярихгүй. Ерөнхий зүйл ярьж ерөнхийлөхөөс хэтрэхгүй. Улс төрч хүний үгэнд ерөнхийлсөн хэллэгүүд болох “бараг”, “орчим”, “дажгүй”, “боломжийн”, “гаруй”, “алаг цоог” гэх мэт хэллэгүүд хэрэглэгдэх ёсгүй. Дажгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Өөрсдийгөө юм мэдэж байна гээд гүн итгэчихсэн модон толгойнууд төрөөр дүүрэн байна. Тэд хороо цацсаар л...
Үнэнд гүйцэгдсэн эрх баригчдын агуу худлаануудтай танилц. Сүүлийн 22 жил Монголын ард түмэнд үнэн юм шиг итгүүлж ирсэн тэр л худлаануудаас доор жагсаалаа.
1. “Монголд ардчилал байхгүй” гэдэг нь үнэн
Ардчилал гэсэн хоосон үгийг шүтэж, хоосон үгээр сэтгэлээ зогоож, хоосон ходоодтой амьдарсан амьдралдаа цэг тавих цаг нь болжээ. Ардчилал гэсэн хүн төрөлхтний үнэт зүйлийг Монголд оруулж ирж чадсангүй. Одоо ардчилал гэдэг үг ядуурал, гуйланчлал, авилгал, архидалт, замбараагүйтэл, дураараа дургих хэмээн ойлгогдохоор байна. Ардчилагчид гэж өөрсдийгөө нэрлэсэн алтан хараацай, мөнгөн шувуухай хэмээн цоллогсод одоо “Монголд ардчилал байхгүй” хэмээн зориг гарган хэлэх хэрэгтэй болов уу. “Ардчилал байгаа” хэмээн худлаа ярихаасаа ичих хэрэгтэй. Нэг ардчилал, айл бүрт ардчиллыг, цахим ардчилал гэх мэт хоосон уриа хашгирахаасаа өмнө онолын ном унших хэрэгтэй.
Гадны мэдэмхийрэгчид 22 жил заалаа. Одоо хүртэл худлаагаа давтсаар л. Ардчилсан тогтолцоог байгуулж дуусна гэж байдаггүй гэж худал зална. Үүнийг нь ерөнхийлөгч нь хүртэл “тиймээ” гээд даган баясаад байгааг харахаар ямар эмгэнэлтэй вэ. Энэ бол гадныхны ядуу буурай орныг устгах гэсэн тархи угаалт.
Ардчилал Монголд байсан юм бол хүмүүс ядаж амьдралын наад захын хэрэгцээт зүйлс болох идэх хоол, өмсөх хувцас, орон байраар гачигдан зовох ёсгүй. Ардчилал байсан юм бол шударга шүүх, чөлөөт хэвлэл, парламентад сөрөг хүчин байх ёстой шүү дээ. Харамсалтай нь аль нь ч жинхэнэ утгаараа оршиж чадахгүй байна. Монголд ардчилал байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрцгөөе. Дараа нь жинхэнэ ардчиллаа бүтээе.
2. “Либерализм дээр суурилсан капитализм хямралд орсон” гэдэг нь үнэн
Либерализм ярьж гарч ирсэн улс төрчидөд хэлэхэд либерализм “өөрөө өөрийгөө” устгаад нэгэн жарны өнгөрөөд байгааг мэдэж байгаа юу гэж асуумаар байна. Чөлөөт ардчилал, чөлөөт эдийн засаг өөрөө хямрал дагуулдаг тогтолцоо ажээ. Либерализмын дараа шинэ либерализм гарч ирээд мөн л хямралд орсныг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч байна. Тиймээс либерал үзэл баримтлалтай гэсэн АН өнөөдөр үзэл баримтлалгүй болж зөвхөн хүмүүсийн бөөгнөрөл болон хувирлаа. Харамсалтай нь үүнийг АН-ынхан өөрсдөө мэдэж байгаа болов уу?
Социализмыг хүчээр нурааж либерализм дээр суурилсан капитализм байгуулна гэсэн 22 жилийн түүх бол “буруу замаар будаа тээж, буцахдаа шороо тээнэ” гэдгийн адил юм болжээ. Энэ түүх бол бүтээсэн бүгдээ устгаад юу ч үгүй хоцорсны түүх. Өнөөдөр хүн төрөлхтөн либерализм дээр суурилсан капитализм хямралд хүргэснийг хүлээн зөвшөөрч байна. Капитализм бол хямрал байжээ хэмээн толгой дохиж байна.Эрх баригчдын байгуулах гээд байгаа капитализм бүтсэнгүй одоо хаачих вэ? Энэ талаар яагаад эрх баригчид ард түмэндээ зарлахгүй байна вэ?
3.“Чөлөөт зах зээлийн хууль гэж хаана ч байхгүй” гэдэг нь үнэн
Чөлөөт зах зээлийн эдийн засаг ярьж ард түмний амьдралыг балалж хаясныхаа төлөө хэзээ нэгэн цаг эрх баригчид хариуцлага хүлээх нь тодорхой билээ. Төр эдийн засагт оролцохгүй байна гэдэг бол төр ард түмний амьдралын төлөө гараа ч хөдөлгөхгүй, хамгаалахгүй л гэсэн үг. Ийм хаана ч байдаггүй, хэний ч зохиогоогүй харгис хууль гэгчийг өнөөдөр монголын эрх баригчид баримталж байна. Бас ард түмэндээ тулгаж байна. Махны үнэ өслөө гэхээр зах зээлийн хуулиараа гэнэ, нефтийн үнэ өслөө гэхээр мөн л зах зээлийн хуулиараа гэнэ. Үнэндээ бол зах зээлийн хууль гэж хаана ч байхгүй. Зүгээр л худал зүйл. Тархи угаалт. Зах зээлийг зохицуулж, нефтийн хэдэн компаниуддаа шаардлага тавьж чадахгүй байгаагаа л халхавчилсан төдий. Тиймээс эдийн засагчид, улс төрчид “зах зээлийн хууль” гэгч худал зүйлийг үгийн сангаасаа хасаж, хэрэглэхгүй байх хэрэгтэй.
4.“Мэдлэггүй хүмүүс хэзээ ч Монголыг хөгжүүлж чадахгүй” гэдэг нь үнэн
Хөгжил ярих гэж байгаа бол мэдлэгийн хөгжлийг л ярих хэрэгтэй. Мэдлэг бол хөгжлийн тулгуур үндэс. Тэрхүү мэдлэг нь үнэн бөгөөд баталгаатай байх ёстой. Монгол орныг мэдлэгтэй хүмүүс л удирдаж, өнөөдрийн энэ хямралаас гаргах боломжтой. Энэ бол цор ганц зам бөгөөд гарц. Сүүлийн 22 жил улс орны хариуцлагатай өндөр албан тушаал хашсан ч юу ч хийж чадаагүй нөхдүүд бол цаашид хичээгээд ч юу ч хийж чадахгүй. Хоосон ярьж, цаг үрж, аминдаа завшиж бас хоорондоо хуйвалдахаас хэтрэхгүй. Тэдэнд найдах ямар ч арга байхгүй. Үнэн мэдлэг Монголыг аварна. Мэдлэгтэй Монгол хүн улс орноос хямралаас гаргана.
5.“Ядуурал буураагүй” гэдэг нь үнэн
Ядуурал буурлаа, ард түмний амьдрал сайхан болж байна гэдэг худал. Худал зүйлийг мянга давтвал үнэн мэт сонсогдоно гэдгийг адилаар худал зүйлийг эрх баригчид өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр шөнөгүй л цацаж байна. Монголын ядуурлын төвшин аль хэдийн 40 хувийг давчихаад байна. Үүнийг бид мөн л зөвшөөрөх цаг нь болжээ. Мөнгө тарааснаар ядуурал буурсан түүхийг хаанаас ч олохгүй. Ямарч бодлогогүй, төлөвлөлтгүй бөгөөд ирээдүйгээ бодоогүй 21 мянган төгрөг тараалт бол эрх баригчдын арга ядсан л арга. Тэд үүнээс илүү хийх мэдлэг ч байхгүй сэтгэл ч байхгүй. Өнөөдрийн эрх баригчдаас цааш удирдуулвал Монголчууд модоо барина.
6. “Сонгуулиар юу ч өөрчлөгдөхгүй” гэдэг нь бас л үнэн
Сонгуулийг тэсэн ядан хүлээж, нойргүй хонож байгаа хүмүүс нь ард түмэн биш харин улс төрчид. Зарим тойрогт нэр дэвшичид тойрог дээрээ аль эрт оччихсон тэндээ амьдарч байгаа сурагтай байна. Арай л тойрогтоо хүргэн, бэр орчихоогүй ажээ. Сонгуулийг ямар их догдлон хүлээнэ вэ? Хэний төлөө, юуны төлөө, юу хийж чадахаа тэд бодсон болов уу? Юу хийх гэж төрд гарах гэж байгаагаа нэр дэвшичид өөрсдөөсөө нэг асуух хэрэгтэй болов уу? Сонгуульд нэр дэвших нөхдүүдийг харахад мэдлэг боловсролтой, улс орныхоо төлөө сэтгэлтэй хүн ховор. Нөгөө олигархи эцгүүд эсвэл тэдний залгамжлагчид ханцуй шамлан дайрцгааж байна. Монголын төрийг мөнгөний машин гэж төсөөлсөн “Нялх Сэнгүмүүд” шүлсээ гоожуулан дайрч байна. Ирэх сонгуулиар юу ч өөрчлөгдөхгүй төдийгүй харин ч бүүр дордуулчихаж мэдэх нь.
Нөгөө худалч, зальтай, луйврын мэргэжилтэн нөхдүүд гарч ирээд хулгай, луйвраа үргэлжлүүлээд л эхэлнэ. Сонгуулийг луйварддаг арга тэдэнд бас бий. Сонгуульгүйгээр асуудлыг шийдэх боломж бий. Энэ нь 1990 оных шиг Үндэстний Зөвшилцөл явуулах.
7. “Монгол орноо гадныханд худалдсан” гэдэг нь үнэн
Монгол улс байгалийн бүхий л баялгаа гадныханд алдаж байгаад олон Монгол хүн шаналаж, бухимдаж байна. Эрх баригчид асуудлаас зугтаж, тойрч зориуд төөрөгдөлд оруулах зэргээр асуудлыг замхаруулахыг хичээж байна. Газар доорхи баялгаа гадныханд өгөөд зогсохгүй Монголын ард түмний нэрээр их хэмжээний өр тавьжээ. 2011 оны байдлаар гэхэд 9.6 тэрбум долларын өр тавьчихсан байна. Нэг Монгол хүнд 5 сая төгрөгний өр ногдохоор болжээ. Монголчууд бид зүгээр сууж байгаад л өрөнд орчихлоо. Энэ их өрийг яаж, хэрхэн төлөх талаар эрх баригчид ярих нь битгий хэл энэ их өрийг нуух гэж, үгүйсгэх гэж аль байдгаараа оролдоцгоож байна. Харамсалтай нь үнэн “булавч бултайж”, “даравч дардайн” гарч ирж байна. Энэхүү өрнөөс Монгол оронд, Монголчуудын амьдралд юу ч наалдаагүй. Харин энэ их мөнгө эрх баригчдын халаасанд орсон нь хамгийн үнэн билээ. Эрх баригчид бидний газар нутагтай маань хамт худалдчихаж. Одоо юу хийх вэ?
8.“МАН, АН-тай байхад хэзээ ч Улаанбаатарынхан цэвэр агаар амьсгалахгүй” гэдэг нь үнэн
Хүйтэн орохоор санаж, дулаан орохоор мартдаг зүйл нь Улаанбаатар хотын утаа. Хүн амынх нь 40 хувь, тэр дундаа залуучуудынх нь дийлэнхи нь амьдардаг энэ хотын утааны асуудлал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй л байна. МАН, АН-тай байсан цагт хэзээ ч утаанаас салахгүй гэдэг нь тодорхой ажээ. Утааныхаа мөнгийг хуваагаад наргичихдаг нөхдүүдэд найдаад ч хэрэггүй. Сонгууль дөхөхөөр Улаанбаатарыг хот биш хог болгосон нөгөө нөхдүүд үнэн гоё гоё юм ярьж байгаа нь даана ч инээдтэй. Мөнгөнд туйлын шуналтай, Монголд туйлын дургүй эрх баригчид Улаанбаатарынхны төлөө сайн зүйл хийхгүй гэдэг нь үнэн.
9.“Намуудаас болж улс орон ядуурч, төрийн тогтолцоо гацаж байна” гэдэг нь үнэн
Монгол төрийн тогтолцоо зогсож, үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх ямар ч бололцоогүй боллоо. Үүнийг Монголын ард түмэн биеэрээ мэдэрч, сэтгэлдээ шаналж байна. Энэ бүхний буруутан ялзарч, доройтсон улс төрийн нам нэртэй улс төр бизнесийн бүлэглэлүүд. Намаар хуваагдаж байгаа мэт боловч цаанаа нэг эрх ашигтай, нэг түрийвчтэй нөхдүүд байгаа нь тодорхой боллоо. Улс төрийн намууд бол сайн дурын байгууллага. Энэ сайн дурын байгууллага Монголын ард түмний төрийн дээр хэзээ ч байж болохгүй. Намуудын хэт намчирхалаас болж Монгол төрийн ажил зогсчихлоо. Одоо гадны дайсан халдвал гараа өргөөд бууж өгөхөөс өөр гарц үгүй болжээ. Өнөөдрийн намууд нам биш болж зөвхөн л намын ард нуугдсан улс төр-бизнесийн бүлэглэлүүд бий болжээ. Намуудыг татан буулгаснаар асуудлыг шийдэх цор ганц гарц л бидэнд үлдлээ. Эсвэл намчирхаж, хоорондоо тэмцэлдэж Монгол орноо дайны талбар болгох уу?
10. “Эрх баригчид гадаадаас ажиллах хүчин авч байгаа” гэдэг нь бас үнэн
Монголын төр зөвхөн Монгол хүний төлөө ажиллах ёстой. Гэтэл Монгол залуусаа гадаадад ажиллах хүчнээр гаргаад хариуд нь урд хөршөөс хятад ажилчдийг воган воганаар нь оруулж ирж байгааг юу гэж ойлгох вэ? Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сар 19-ны хуралдаанаарааЧойр-Сайншанд чиглэлийн 176, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто зам, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах барилгын ажил, далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн суурь бүтэц, угсралт хийх зэрэг ажилд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахаар тогтжээ.Гадаадын гэсэн сайхан нэртэй ч үнэндээ Хятадууд л орж ирэх нь тодорхой. Монголд зам тавьж чаддаг хүн алга уу. Уул уурхай, зам барилгын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудаа одоо тэгвэл хаах хэрэгтэй юм биш үү. Нэгэнт л гаднаас зам барилга дээр ажиллах хүчнээр авчирчих учраас. Засгийн газрын энэхүү бодлогыг Монголын төлөө гэх үү? Ийм л гадны ажиллах хүчнийг дэмждэг эрх баригчидад найдаад суугаад байх уу?
11. “Сонгуулийн дүнг луйварддаг” гэдэг нь үнэн
Сүүлийн 22 жилийн турш явуулж ирсэн сонгуулийн дүнг эрх баригч намууд луйварддаг, эсвэл урьдчилан хоорондоо тохиролцдог байна. Тиймээс өнөөдрийн сонгууль мөн адил луйврын сонгууль болох нь нэгэнт тодорхой. Эрх баригчид ард түмнийг гурил будаахнаар хуурч болох гэнэн амьтад хэмээн дорд үзэн харж, бах таваа хангаж байна. Үнэн дургүйцэж байсан ч уулзаад ирэхээр бялдуучлаад гүйдэг тэнэг хүмүүс шүү дээ хэмээн шоолж байна. Ард түмэн бол цагаан цаас, тэдэн дээр яаж ч бичсэн болно гэсэн Хятадын удирдагчийн үгийг Монголын эрх баригчид зарчимаа болгожээ. Тэд мөнгөөр сонгуулийн дүнг яаж ч өөрчилж чаддаг аргатай. Энэхүү аргаа тэд хэрэглэхэд бэлэн болжээ.
12. “Монгол орон хямралтай байгаа “ гэдэг нь үнэн
Монгол улс өнөөдөр улс төр, эдийн засаг, нийгмийн гүн хямралд орчихоод урагшилж чадахаа больжээ. Улс төрийн ажил зогслоо, эдийн засгийн өсөлт хоосон тоо төдий боллоо, нийгмийн хөгжил ухарч байна. Цаг хугацаа өөрчлөгсөн ч бид орчин үеэс улам л холдсоор. Бидний боловсрол, мэдлэг хүн төрөлхтнөөс улам л хоцорсоор байна. Товчхондоо Монгол хямралд орчихож. Үүний хүн бүр хүлээн зөвшөөрч нэгдсэн байр суурьтай болох нь чухал байна.
13. “Монголын төр үгүй болсон” гэдэг нь үнэн
“Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүсэглэдэг итгэл найдварын илэрхийлэл болсон Монгол төр өнөөдөр үгүй болжээ. Төрөө шүтнэ гэдэг бол миний төр намайг хамгаална гэсэн л итгэл найдвараа илэрхийлж буй л хэлбэр. Тэгвэл өнөөдөр намайг хамгаалах миний төр үгүй болж, намайг хамгаалахаа больжээ. Төрийн эзэн нь ард түмэн өөрсдөө байх ёстой байтал өнөөдөр нам нэртэй улс төр-бизнесийн бүлэглэлүүд эзэн суужээ. Тэд хэзээ ч ард түмний төлөө ажиллахгүй харин уул уурхайн компаниудын төлөө л ажилладаг. Уул уурхайн компаниуд хэрхэн дураараа дургиж байгааг хүн бүр мэдэж байгаа. Хэрэв ард түмний төртэй байсан бол хэзээ ч ийм зүйл тохиолдохгүй байлаа. Одоо тэгвэл ард түмэн минь өөрсдөө төрөө байгуулъя. Энэхүү төр байгуулах үйл явцын эхлэл нь харилцан ойлголцож “гэрээ” байгуулахаас эхэлнэ. “Бүгд үнэнч, хариуцлагатай байна шүү” гэсэн нэг нэгнийхээ өмнө үүрэг хүлээж гэрээ байгуулахаас бүх зүйл эхэлдэг. Энэхүү гэрээ нийгмийг бүхэлд нь хамарсан байх учиртай. Гэрээ байгуулж эхэлснээр бид төрөө байгуулах боломжтой болно.
14. “Оюу Толгойн гэрээ бол Монгол үндэстний эсрэг гэрээ” гэдэг нь үнэн
1962 оны НҮБ-ээс гаргасан “тухайн улсын байгалийн баялаг тухайн ард түмний өмч” гэсэн заалтыг илт зөрчиж, Үндсэн Хуулинд заасан “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн зүйл заалтыг илт зөрчиж хууль бусаар гадаадын компанид өгсөн Оюу Толгойн гэрээ бол хууль бус гэдэг нь улам тодорхой болж байна. Энэхүү гэрээг хийсэн нөхдүүд өнөөдөр хариуцлага хүлээж, тэднийг албан тушаалаас нь татан буулгах ёстой. Оюу Толгойн гэрээ бол авлигалаар хийгдсэн гэрээ.Тиймээс энэхүү гэрээг эргэн харах ёстой.
Үнэн Монголыг аврана
Энэ мэтээр Монголын төрд гарч дураараа дургиж байгаа эрх баригчдын булхай луйвар, үнэн мэт ярьж, ухуулж ирсэн худал зүйлсийг жагсаавал урт жагсаалт үүснэ. Монгол орон сайн сайхан больё, хөгжиж дэвшье гэвэл юун түрүүнд дээрх худал хуурмагаасаа салах хэрэгтэй.
Бүх юмыг харлуулаад яах вэ? гэсэн нэрэлхүү Монгол хүний зан одоо бол хэрэггүй. Энэ бол бид өөрсдийгөө хуурч байгаагаас л ялгаагүй. Үнэнийг хэлэхгүй байна гэдэг худлааг дэмжиж байна л гэсэн үг. Худал хэлж, үнэнийг дарлаа гээд эцсийн эцэст бид өөрсдөө л хохирно шүү дээ. Хэзээ ч нэгэн цаг худал үнэнд гүйцэгдэнэ.
Эцсийн эцэст өнөөдрийн энэ олон худлаануудаасаа улс орон салж байж л цаашид хөгжин дэвших боломжтой. Худлаагаа хажуудаа хөтлөөд хөгжил дэвшил рүү явах ямарч бололцоо байхгүй. Энэ бол дампууралд хүргэнэ. Амьдрал хоёр талтай учраас худал үнэн хоёр зэрэгцэн орших ёстой хэмээн хэн нэгэн мэдэмхийрч магадгүй. Үгүй шүү гэж хариулмаар байна. Аль болох л худлаагаа багасгаж, үнэнийг цэцэглүүлэх ёстой.
Сайн нь багасаад, муу нь цэцэглэвэл муу л болно. Хэн ч сайн гэж хэлэхгүй. Тиймээс хүн төрөлхтөн аль болох нь сайн руу тэмүүлж, мууг даран сөнөөсөөр ирсэн. Хүн бүр сайныг хүсэж, сайн амьдралаар амьдрахын төлөө тэмцдэг. Тэрхүү сайн амьдралын үндсэн нөхцөл нь “хүн бүр идэх тэжээллэг хоол, дулаан хувцас, тохьтой орон байр, сургууль цэцэрлэгийн боловсрол авах боломж, хөдөлмөрлөх бололцоо болон эрүүл агаар, цэвэр усаар хангагдах”. Энэ бол хүний сайн амьдралаар амьдрахын урьдач нөхцөл. Үүн дээр суурилаад цааш сайн амьдрахад шаардлагатай олон зүйлийг жагсааж болно.
Монгол хүмүүс ч мөн адил сайн амьдралаар амьдрахыг хүсэж байна. Тиймээс сайн амьдрал руу явахын тулд дээр жагсаасан олон худлаануудаа салах хэрэгтэй. Олон худлаануудаас хэрхэн салах вэ гэхээр худлааг ярьдаг, дэлгэрүүлдэг худалч эрх баригчдаас сална гэсэн үг. Худалч эрх баригчдаас хэрхэн салах вэ гэхээр сонгуулиар салах бололцоо бага. Нэг гарц бий. Энэ бол “Үндэстний Зөвшилцөл”.
“Үндэстний Зөвшилцөл” бол Монголчуудад шинэ зүйл биш. 1990 онын Ардчилсан Хувьсгалыг зөвшилцлөөр явуулсан учраас “огтны хамраас ч цус гаргаагүй” хувьсгал хэмээн үнэлдэг. Ардчилагчид болон Улс төрийн товчооныхон хоёр ширээний ар талд сууцгаасан. Тэнд нэг алдаа гаргасан ба тэр нь юу вэ гэхээр хуучин улс төрийн тогтолцоог бүрмөсөн халах ёстой байсан. Шууд хэлвэл МАХН-ыг татан буулгах хэрэгтэй байсан.
Энэ бол өнгөрсөн түүх. Гэхдээ эндээс бид сургамж авах ёстой. Одоо “Үндэстний Зөвшилөл”-ийг явуулахад сүүлийн 20 жил улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг оруулахгүй байх. Харин тэдэнтэй хариуцлага ярих ёстой. Хэрэв оруулах юм бол Монгол шинэчлэгдэхгүй. Эцсийн эцэст шинэчлэл сайн сайхны төлөө гэдгийг мартаж болохгүй.
“Үндэсний Зөвшилцөл”-ийг ард түмний төлөөлөл оролцож, явуулах ёстой. Өөрөөр хэлбэл ард түмэн одоо төрөө босгох гэж зөвшилцөж байна гэсэн үг. Энэ бол Монголчуудын хувьд өнөөдрийн үүсээд байгаа хямралаас гарах хамгийн зөв гарц. Энэ бол үнэн.
Б.Гансүх