logo
 Монгол оюутнууд буруугүй нь батлагдав

Монгол оюутнууд буруугүй нь батлагдав

2012/04/30
ОХУ-ын Свердловск мужийн шүүхээс хар тамхины хэргээр саатуулагдсан гурван монгол оюутны буруугүйг өнгөрсөн баасан гаригт баталлаа. Уралын холбооны их сургуульд суралцдаг Н, М, Э нарыг энэ сарын эхээр дотуур байрныхаа гадаа зодоон хийсэн учраас цагдаагийнхан баривчилж, хар тамхины шинжилгээ хийжээ.

Эхний шинжилгээний хариугаар тэднийг MDMA төрлийн бодис хэрэглэсэн тогтоосон ч давтан шинжилгээгээр хар тамхины ул мөр илрээгүй юм. ОХУ-ын хуулийн дагуу ийм хэрэг үйлдсэн гадаадын иргэнийг 15 хоног баривчлах захиргааны арга хэмжээ авч, тус улсаас албадан гаргадаг аж. Хоёр шинжилгээний хариу эерэг, сөрөг гарсан учраас монгол оюутнуудад ихээхэн найдлага төрүүлж байжээ.

Гэвч Екатеринбург хотын Киров дүүргийн шүүх давтан шинжилгээний хариуг үл хэрэгсэн оюутнуудыг баривчилсан аж. Харин тэнд суралцдаг оюутнууд нэгдэн үе тэнгийн нутаг нэгт нөхдөө аврах, өмгөөлөх аян өрнүүлсэн билээ. Мужийн хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Татьяна Мерзляковад захидал бичиж, мужийн депутат Георгий Перскийд гарын үсэг зурсан хүсэлт илгээсэн юм.

Депутатын хуулийн зевлөх оюутнуудад Кировын шүүхийн шийдвэрт давж заалдахад тусалснаар Свердловск мужийн шүүх гомдлыг авч хэлэлцсэн байна. Мужийн шүүх хэргийг дахин шалгаж, шинжээчдээс мэдүүлэг авсны үр дүнд монгол оюутнууд хууль зөрчсөн нь батлагдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг Оросын вэб сайтуудад мэдээллээ. Ингэснээр тэд Орост үргэлжлүүлэн суралцах боломжтой болж байна.

Хүний газар суралцаж буй монгол залууст хүн ёсоор хандсан хүн бол мужийн хууль тогтоох байгууллагын депутат Георгий Лерский байлаа. Тэрбээр монгол оюутнуудад тохиолдсон шиг явдлыг өөрөө биеээр амссан учраас хүсэлтийг нь сэтгэлдээ тун ойр хүлээж авсан тухайгаа цахим хуудаснаа дэлгэрэнгүй бичиж байсан юм. Залуусыг эрх чөлөөтэй болсны дараа Перский "Монгол оюутнууд албадан гаргах аюулаас аврагдав" хэмээн мэдээлжээ.

Тэрхүү мэдээн дотор "Ура, шударга ёс яллаа. Өнөөдөр мужийн шүүх Кировын шүүхийн шийдвэрийг цуцалж, гурван монгол оюутныг буруугүйг хүлээн зөвшөөрлөө. Ойрын хугацаанд тэд эрх чөлөөтэй болно. Залууст тусалж чадсандаа сэтгэл хангалуун байна. Энэхүү дурсгалтай мөчийг бид гэрэл зургийн хальсанд буулгав" хэмээн бичиж үлдээжээ.

Н.Цэц
Эх сурвалж: "Unen.mn"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш