logo
Ой санамжаа алдагсад

Ой санамжаа алдагсад

2012/04/30
Солонгос, орос, хятад, венесуэль гээд телевизийн олон ангит кинонуудад түгээмэл тааралддаг нэгэн арга бий. Гол баатрын нэг нь амьдралын ээдрээтэй асуудалд тулгармагц уран шийдэл хийж чадахгүй найруулагч, зохиогчид нь аргаа барахдаа ой санамжийг нь алдуулах мэх хэрэглэнэ. Амнезия – түр зуур ой санамжаа алдах үзэгдэл бол амьдрал дээр маш ховор тохиолддог өвчлөл. Гэвч авъяасгүй найруулагчид хамгийн ихээр хэрэглэдэг арга юм. Савангийн дуурийг шимтэн үзэгч монголчууд “Ой санамжаа” алдах талаар хангалттай ойлголттой болсон. Тархи жоохон доргилт авахад л хүн танихаа байчихдаг баатруудыг тэд сайн мэднэ. Яахав арай дөнгүүр найруулагч нь тухайн баатрыг худлаагаасаа ой санамжаа алдсан /хүсмэл ой санамжаа алдагч гээд нэрлэчихье/ мэт болгоод элдэв хор найруулж, бусдын мууг үзэж явахыг “шаарддаг”. Харин манайд олдмол ой санамжаа алдагсад нь байна уу, хүсмэл нь байна уу.

Бидний мэдэхээр бол Хөвсгөлд онгоцны ослоос амьд гарсан хүн хүртэл ой санамжаа алдаж байгаагүй юм. Харин улс төрд донтсон, хөөргөлтийн доргилт авсан олон хүмүүс ой санамжаа алдаж эхэллээ. Хэн хэн ой санамжаа алдсаныг одоо тоочъё.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяртай өрсөлдөж явсан М.Энхсайхан анхлан “Авилгын загалмайлсан эцэг” цолыг бий болгож, “Авлигачдыг цээрлүүлнэ” хэмээн донгодож байлаа. Тэрбээр “Н.Энхбаяр Монгол төрд байсан цагт хэзээ ч монголчууд сайн сайхныг үзэхгүй” гэж ил шууд хэлж, Н.Энхбаярын хийсэн хууль бус үйлдлүүдийг баримтжуулан телевизийн нэвтрүүлэг хийж, сарын турш цацсан. Хариуд нь Н.Энхбаяр М.Энхсайханыгаа хятадын эрлийз болохыг нотлосон нэвтрүүлэг хийлгэж байсан юм. Тэр үедээ М.Энхсайхан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг “шунал нь дуусдаггүй шулам” гэж зүхэж, ярьж, бичиж байлаа. Тэдгээр нэвтрүүлгийг М.Энхсайхантай хамт “ой санамжаа алдах” өвчинд нэрвэгдээд байгаа сэтгүүлч Г.Уянга бэлтгэдэг байсан юм. Г.Уянга нөхрийнхөө хамтаар өөрийнхөө амьдралын зорилгыг авлигын загалмайлсан эцгийг шоронд хатаах хэмээн тодорхойлж байсан ч таван жил ч бололгүй үүнийгээ таг мартжээ. Өнөөдөр тэд харааж, зүхэж, муучилж явсан хүнээ “монголыг аврах хүн” гэж өргөмжилж, оруулахыг хүсэж байсан газарт нь морилуулаад байхад “гарга” хэмээн шаардаж байна.

МАХН-ын нарийн бичгийн дарга гэсэн сэтэр ичихгүй зүүчихээд Л.Цог, эрүүл нийгэм хөдөлгөөний Г.Чимэдцэрэн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан гээд бүгд л “Н.Энхбаярыг улс төрөөс зайлуулж байж Монгол орноо сайхан болгоно” гэж ярьдаг, бүр тоть шиг давтан давтан үглэдэг хүмүүс байв. Одоо болохоор тэд “Энхбаяргүй бол монгол яанаа” гэж нулимс дуслуулан, шүлс үсэргэн харуусах, хашгирах боллоо.

Н.Энхбаярыг баривчлагдсан өдөр түүнд хайртайгаа гэнэт мэдсэн хүний эрхийн хуульч гэх М.Ичинноров бас айхтар өвчинд нэрвэгдээд авчээ. Тэрээр О.Магнай, Ж.Батзандан нартай хамсран “авлигын эцэг Н.Энхбаярыг төрөөс зайлуулъя” гээд жагсдаг байгаагүй бил үү? Эдийн засагч Н.Дашзэвэг, газар шорооны Г.Болд, А.Эрдэнэтуул, О.Магнай бүгд л Энхбаярыг зүхэж, хашгирч явсан, түүнийг эсэргүүцэх үзлээр хооллож явсан улс.

Савангийн дуурийг шимтэн үзэгчдэд эдгээр хүмүүс таалагдаж магад ч эрүүл монгол хүний санаанд яагаад ч багтахгүй байна. Ийм хүмүүсийг эртнээс “Сүнсээ түймэрдсэн амьтад” гэж жигшин үздэг байжээ.

Ичих нүүргүй ийм хүмүүс монгол түмнийг хэтэрхий басч, доромжилж байна. Тэд бусдыг өөрсөд шигээ богинохон ой санамжтай, эрт эдүгээг санах, дүгнэх чадваргүй гээд итгэчихсэн хөөрцөглөж явна. Сонгууль бол савангийн дуурь биш болохоор ой санамжаа алдагсдыг сонгогчид өшиглөөд явуулахаа мэдэх байлгүй.

Нэг зүйл нэмж хэлэхэд: Авилгатай тэмцэх газрыг ажиллаж эхэлсэн цагаас хойш “муу ажиллаж байна, жараахай хөөцөлдөөд, тул барихгүй байна” гэж амтай болгон шаардаж байгаа. Хөөрхий, арай гэж нэг тул шүүрэх гэхээр “боль, боль” гэж хашгичаад байгаа ой санамжгүй хүмүүсийг яах юм бэ. Урьд хэлснээ өнөөдөр мартаад байвал авилгатай яаж тэмцэх юм бэ. “Н.Энхбаярыг цуутай авилгач, авлигын эцэг” гэж ард түмэн бус одоо түүнийг бишрэн далдаганаж байгаа хүмүүс л хэлсэн бус уу. Тэдний хэлсэн үг сонин, сэтгүүлд дурайж, телевизийн бичлэгт бүрэн үлджээ. Ард түмний ой санамжинд ч хэн яаж аяглаж байсан нь тодхон байна. Хэсэг хүмүүс ой санамжаа алдаж болно. Бүгдээрээ ой санамжаа алдаж болохгүй юм шүү, Монголчууд аа!

Д.Жагаа
sharmedee.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш