Аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Баруун Зуунмод", "Биндэрьяа Зуунмод" өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанар, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Энэ шалгалтаар "Баруун Зуунмод" өрхийн эрүүл мэндийн төв "дунд", "Биндэрьяа Зуунмод" өрхийн эрүүл мэндийн төв "их" эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Эрүүл мэндийн хяналтын чиглэлээр илэрсэн зөрчлүүд нь төвүүдийн дарга, эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын хариуцлага муу, чанарын багийн үйл ажиллагаа туйлын хангалтгүй, дотоодын хяналт шалгалт огт хийгддэггүй, мөн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөгүй, эмч, мэргэжилтнийг тогтвортой ажиллуулах, урамшуулах тогтолцоог бүрдүүлээгүйн улмаас эмчийн хангалт муу байгаатай холбоотой гэж дүгнэжээ.
"Биндэрьяа Зуунмод" өрхийн эрүүл мэндийн төв нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаагаас халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж эмнэлгээс шалтгаалах халдвар гарах нөхцөл бүрдсэн байна. Яаралтай тусламжийн эмийн хадгалалт, зарцуулалтад хяналт тавиагүйгээс хугацаа дууссан эмийг эмчилгээнд хэрэглэсэн, эмийн зохистой хэрэглээ, гаж нөлөөний талаарх мэдээллээр иргэд, олон нийтийг хангах зэрэг чиг үүрэгт заагдсан ажлыг бүрэн биелүүлээгүй байна.
Д.Лхагвамаа
Эх сурвалж: "Монцамэ"