Энэ сарын 20-ны өдөр Баруунтуруун сумын нутаг дахь улсын хилийн 233 дугаар баганы чиглэлээр ОХУ-ын талаас хоёр морьтой хүн хил зөрчин орж ирсэн мөрийг тухайн үед хилийн манаа хийж байсан байлдагч Ч.Бямбадорж, Б.Баяртогтох нар илрүүлсэн байна. Энэ дагуу Хилийн цэргийн 0311-р ангийнхан Дөрөө, Тохой, Харцагаан усны заставын хилчдийн хамт гурван өдөр эрэл хайгуул хийсний үр дүнд улсын хил зөрчигчдийг баривчлан саатуулжээ. Уг этгээдүүд нь Увс аймгийн Тэс сумын харьяат Цээлэйгийн Галдандагва, Баруунтуруун сумын харьяат Сонинпилийн Ганзориг, ОХУ-ын Тува улсын иргэн Соном-Оол Чингис Соянович нар байсан бөгөөд бэлчээрт байсан 12 толгой адууг хулгайлан хил давуулахаар тохиролцсон байжээ.
Хилчид хулгайлагдсан 12 тооны адууг малын эзэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэн н.Нэргүйд хүлээлгэн өгчээ. Ийнхүү Баруунтурууны отрядын хилчид Улсын хил хамгаалах, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахиулах, төрийн болон иргэдийн өмчийг гэмт этгээдүүдийн халдлагаас хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, иргэдэд учрах байсан 10 сая гаруй төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чадлаа. Хулгайлагдсан адуунд аймаг, сумынхаа наадамд олон удаа айраг, түрүү авч байсан хурдан хүлгүүд байсан аж.
Б.Батхүү
Эх сурвалж: "Монцамэ"