logo
Эдийн засгийн боломжийг бодит ажил болгоход ТОП-уудын үүрэг их гэдгийг Ерөнхий сайд онцоллоо

Эдийн засгийн боломжийг бодит ажил болгоход ТОП-уудын үүрэг их гэдгийг Ерөнхий сайд онцоллоо

2012/05/02
Монгол Улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийн улс орныхоо эдийн засаг, бизнесийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж дүгнэдэг ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалт арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож шилдгүүдэд шагнал гардууллаа.
Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэн бүтээж байгаа та бүхний  хичээл  зүтгэлийн үрээр  өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 17,3 хувьтай гарсан нь түүхэн явдал боллоо гэдгийг Ерөнхий сайд үгийнхээ эхэнд тэмдэглээд энэ бол монголчууд бидний тэр дундаа бизнес эрхлэгчид та бүхний амжилт, хамтын бүтээл юм гэлээ. 
Монгол Улсын эдийн засаг энэ эрчээрээ өсөх хандлага, төсөөлөл байна. Энэ бол Монгол Улс, монголчууд бидний бол том боломж. Энэ боломжийг бодитой болгох гол хүч нь бизнес эрхлэгч, баялгийг бүтээгч та бүхэн юм. Гэхдээ энэ боломжийг бодит зүйл болгох хамгийн том хариуцлагыг Засгийн газар үүрэх учиртай. Эдийн засгийн хөгжлийн боломжоо урт хугацаанд тогтвортой, бизнесийн орчныг таатай, өрсөлдөх чадвартай байлгах, бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх бодлого гаргах нь Засгийн газрын үүрэг гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод энэ бодлогынхоо суурийг тавьж хэрэгжүүлж байна. Улам эрчимжүүлэх шаардлага байгаа гэдгийг дурдлаа.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уриаллаа.
Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг энэхүү арга хэмжээг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын Засгийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил 11 дэх удаагаа боллоо.
ТОП аж ахуйн нэгжүүдийг амжилт бүтээл, тогтвортой үйл ажиллагаа, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрээр нь шалгаруулдаг байна.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш