logo
Р.Фрийдланд манай улстөрчдөөс зайгаа барихад хүрч, хятадууд өмнийн говийг эзэгнэсэн далд хуйвалдаан ил болов

Р.Фрийдланд манай улстөрчдөөс зайгаа барихад хүрч, хятадууд өмнийн говийг эзэгнэсэн далд хуйвалдаан ил болов

2012/05/02

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн “Finаncial Times” сонин нэгэн дуулиантай мэдээлэл цацсан юм. Энэ нь монголчуудтай шууд холбоотой байлаа. Манай говь  талын онгон байгалиас ашиг хүртэж буй Канадын “Саусгоби сэндс” компани хувьцааныхаа 57,6 хувийг Хятадын “Чайналко” компанийн охин компани “Чалкод”  худалдсан нь уул уурхайн магнатуудыг алмайруулж орхисон юм. Тусгаар улсын баялаг дээр гадаадын аль ч компани дураар тонгочиж болдгийн нэг тод жишээ энэ ажээ. Хятад, Канадуудын наймаа Монголын Засгийн газарт огт хамаагүй, бид үүгээр зохицуулж л таараа гэх маягаар “Чалко”-гийн захирлууд мэдэгдэж байна. Үүнийг манай зарим эрх мэдэлтнүүд хүлээн зөвшөөрч буй нь эмгэнэлтэй агаад инээдэмтэй.

Хятадын төрийн мэдлийн “Чалко” нь 540 сая ам.доллараар дээрх хувьцааны наймаан дээр тохиролцож, ойрын үед үүнийгээ баталгаажуулахаар болоод байгаа. Монголын тал хууль эрх зүйн шинэчлэлийг үүнээс өрсөн хийж амжих эсэх нь тодорхой бус хэвээрээ. Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан боловч сонгууль монгууль гэсэн элдэв адармаатай асуудлууд зэрэгцээд учир тоймоо олохоо болив бололтой, 76 гишүүн нь. Уг нь өөр улсын компаниуд орж ирээд аль нэг салбарт нь ноёлохыг дэлхийн бусад аль ч   улсад зөвшөөрдөггүй. Ялангуяа ардчилал, чөлөөт зах зээлийн өлгий гэгддэг АНУ-д бол гадаадын хэнтэй ч хийсэн, ямар ч худалдаа, хөрөнгө оруулалтыг 30 хоногийн дотор судалж зөвшөөрөх эсэхээ шийддэг хуультай юм шүү дээ. Гунигтай нь манайд ийм зохицуулалт алга. Иймээс Өмнөговь аймгийн нутаг дахь Овоот толгой зэрэг нүүрсний томоохон ордыг Хятад, Канадууд өөрийн юм шиг ухаж, маш хямдаар зөөж  байна.

Анх 2007 оны долдугаар сарын 26-нд тус ордыг  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд улсын бүртгэлд албан ёсоор оруулсан юмсанж. Ингэхдээ Нарийн сухайтын залгаа хэсэг буюу Овоот толгойн нүүрсний нөөцийг 188 сая тонн хэмээн тогтоосон байв. 1992 онд У.Дашхорол нарын геологичид энэ районы зүүн хэсэгт “А” зэрэглэлээр 1,6 сая тонн, “В” зэрэглэлээр 2,5 сая тонн, “С1” зэрэглэлээр 17,7 сая тонн хэмээн тогтоосон. Харин гүн рүүгээ 125 сая тонн нөөцтэй гэжээ. Өөрөөр хэлбэл улсын төсвөөр хийгдсэн хайгуулын ажлын үр дүн ийм байлаа. Тэгвэл  “Саусгоби сэндс” нь өөрийн вэб  сайтдаа 184+99,3 сая тонн нөөцтэй Овоот толгой болон 76,9 сая тонн нөөцтэй  Сүмбэрийн ордыг бид эзэмшиж буй гэсэн байна. Тэгтэл тус компани олон улсын хөрөнгийн биржээр зарлахдаа 535 сая тонны нөөцтэй гэжээ. Хайгуулын ажлын дүнгээр ийм нөөцтэй болсон байж болох л юм. Монголчууд төсвийнхөө хөрөнгөөр тухайн үед хайгуул  хийхдээ газрын гүний хэсгийг судалж амжаагүй байх. Гэлээ ч “Саусгоби сэндс”-ийн нөөцийн тооцоо илэрхий зөрүүтэй байна. Эд нар хайгуулын зардлаа будлиантуулах зорилгоор ийнхүү худал хэлдэг болов уу.  Хятадын хөрөнгө оруулалтын корпорациас 500 сая ам.долларын санхүүжилт авахад нь  хуурамч тооцоо хэрэг болсон ч юм билүү, хэн мэдлээ. Юутай ч өнөөдөр Монголын стратегийн ордод тооцогдох ёстой Нарийн сухайтын бүлэг ордыг Канад, Хятадын компаниуд гартаа бүрэн оруулаад авлаа. Гэхдээ хятадууд “Жанжлах үүрэг”-тэй болов. Эзэнгүй айлын  голомтыг самрах гэгч л энэ юм болов уу даа. 

Мөн үүнтэй зэрэгцээд манай улсад бүртгэлтэй “Саусгоби сэндс”-ийн 45 лицензийг эзэмшигч нь “Саусгоби энержи ресурс” гэдэг компани байсан тухай  хачирхалтай мэдээлэл түгэж  байна. Аль нь охин, аль нь толгой компани юм бол гээд судлаад явтал энэ хоёр нь хоорондоо хамааралгүй болж таарав. Салбар компани бол манай хуулиар лиценз эзэмших эрхгүй. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт зэрэг хүмүүс энэ бүхний учрыг мэдэж л байгаа. Иймэрхүү хэл ам босоод ирмэгц харин Д.Зоригт сайд одоо амаа хамхиж, ажин түжин таг сууна.

Ер нь баялаг ихтэй ядуу улс орон бүрийн дамжин гардаг нэг аймаар тойрог байдаг ажээ. Зарим нь тэр тойргоос гарч чадахгүй их удаан хугацаагаар зовдог бололтой. Зовлонгоо тэд эдийн засгийн аллага, баялгийн хараал хэмээн янз бүрийн нэр томъёогоор тайлбарлана. Эдгээр гачаалын хэв загвар Монголд нэгэнт нутагшсан тухай гадаад, дотоодын судлаачид хэлж эхэллээ. Өнөөгийн Ливи дэх дайн байлдааныг бид өдөр бүхэн сонсч байна. Эхлэл нь ялгаагүй баялгаас  үүсэлтэй. Персийн булангийн дайнаас ч ширүүн юм боллоо, Ливид. 1970-аад оны үеэс Америкчууд Панамын сувгийг хяналтандаа авах, нефтийн цооногуудыг эзэмшихийн тулд тийш нь цэрэг оруулсан гашуун түүх бий. Тус улсын Ерөнхийлөгч асан Тиррохос газрынхаа баялгаас ард түмэндээ шударгаар хуваарилахын төлөө хатуу байр суурь баримталж байсан юм. Гэвч түүний ийм чанар харийнханд таалагдаагүй. Тэр нэг л өдөр нисэх онгоцны ослоор өөд болсон юм. Үхлийн шалтгааныг Америкийн тагнуулчид элдэв янзаар тайлбарлахыг оролдсон боловч  эцсийн дүгнэлт нь “хорлогдсон байх магадлал маш өндөр” гэж гарсан байв. Түүний дараа 1984 онд Панамын Ерөнхийлөгч болж генерал цол хүртсэн Норьега харин Тиррохосоос  их өөр хүн байлаа. Авлигад идэгдсэн, хар тамхины наймаанд оролцсон, ёстой адын гэмээр амьтан байжээ. Баялагт шунагчид ер нь ямар ч сайн хүнийг элдэвлэж дөнгөдөг л дөө. Норьегад ард түмэн нь ихээхэн итгэл хүлээлгэсэн ч тэр цагийн аясаар Америкийн цэргүүдэд баривчлагдсан. Тэрбээр “Би Тиррохосын үйл хэргийг үргэлжлүүлж улс төрийн тогтворгүй байдлыг намжаахын төлөө Америкчуудтай байлдахаас аргагүй байсан юм. 1986-1999 оны байлдаант жилүүдэд таван мянга гаруй хүнээ алуулсандаа харамсаж байна” гэжээ. Энэхүү бяцхан дурсамжийг Монголын говьд байгаа Овоот толгой хэмээх нүүрсний орд тойрсон Хятад, Канадуудын зоргоор үйлдлүүдтэй шууд холбох нь утга учир муутай ч болзошгүй нөхцлөөс сэрэмжлэн өгүүлэхийн буруу гэж юу байхав.

“Саусгоби сэндс” бол ердийн нэг оператор компани юм. Нүүрс олборлолтоор хоёрхон хувийн ашигтай ажилладаг. Уурхайн ил аман дээрээс нэг тонн нүүрсийг хорин доллараар ачуулж байна. Гэхдээ хутгаад авч буй нүүрс нь дэлхийд ховорт тооцогдох сайн чанарын нүүрс. Тус компанийн жинхэнэ ноёнтон нь “Айвенхоу майнз”-ийн эзэн Р.Фрийдланд. Түүнийг уншигчид маань андахгүй. Сүүлийн үед мань эр бидний бараг хамгийн сайн мэддэг хүний нэг болоод байгаа. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар  сард Лондонын нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “Би Монголын бохир улс төр, дэндүү болхи бизнесийн орчноос залхаж байна. Тэдний дунд би хэтэрхий гүнзгий орчихсон байжээ. Тиймээс одоо зайгаа авахаас аргагүй боллоо. Гэхдээ тэнд миний чамгүй их хөрөнгө бий. Саяхан Оюу толгой хэмээх тэр агуу том уурхайгаас дутахааргүй, зарим талаараа хэд дахин давуу гэж хэлж болмоор баялаг алт, зэс, ховор элементийг олсон” гэжээ.  Түүний хэлсэн үгнээс юун түрүүнд  Монголын улс төрийн амьдрал руу хэдэн жилийн турш хөлөө жийж явжээ гэдэг нь одоо бидэнд тов тодорхой ойлгогдож байна. Нөгөөтэйгүүр тэр “Би Монголоос авдгаа авсан ч дахиад авах боломжтой” гэсэн санаагаа нуусангүй. Авахдаа хятадуудтай хамсаж, хавсайдаж авахаар шийджээ, янз нь. Мөн улс төр рүү хэт анхаарсан гээд байгаа нь 2008 оны сонгууль, түүнээс үүссэн аймшигт үймээнийг ч эрхгүй санагдуулна. Иймээс түүний үг бүрийг тагнуулын байгууллагынхан сайтар цэгнэхэд гэмгүй болов уу. Үгэнд учир, суманд гичир гэдэг. 

Өмнөговь аймгийн нутагт нүүрс олборлож байгаа бүх компанийг Хятадын төрийн өмчийн компаниуд шууд болон шууд бусаар худалдан авч эхэлжээ. Энэ арилжаанд Р.Фрийдланд хамгийн том хамтрагч болсныг “Чалко”-той хийсэн наймаа нь харуулж байна. Монголын нүүрсийг нийлүүлэгч нь ч, худалдан авагч нь ч Хятадын төрийн өмчит компаниуд боллоо. Нэг үгээр хэлбэл, олборлолт, үйлдвэрлэлт, борлуулалтын бизнесийн бүх циклийг бүрэн хяналтдаа авчээ. Нүүрсний үнийг монголчууд биш, тэд  тогтоох болж байна. Яг ийм ажиллагааг хятадууд Африк, Латин Америкийн олон оронд явуулж, түүхий эдийн үнийг хямдруулсаар нутагтаа авчраад  өөрсдийн үйлдвэрлэгчдэдээ өгч байгаа. Үүнийг нь дэлхийн олон орны удирдагчид  шүүмжилдэг. Гэвч Хятадууд овжин, зальт аргаа орхихгүй байна.  Өмнөговьд Овоот толгойгоос гадна нүүрсний өөр гурван том сав газрыг таван компани эзэмшдэг. Компани бүрийг Хятадын төрийн компаниуд аажимдаа авах бодлогоо хэрэгжүүлж байгааг бас  харж болно. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби сэндс” компанийн 57.6 хувийг “Айвенхоу Майнз”, 14 хувийг “China Investment Corporation” (100 хувь Хятадын төрийн өмчит компани), 28.3 хувийг нь олон нийт эзэмшиж байгаа. Өмнөговь аймгийн найман сумын нутгийг хамруулсан 29 лицензтэй энэ компанийн гол эзэн “Айвенхоу Майнз”-ын бүх хувьцааг “Чалко” авчихвал Хятад улсын Засгийн газар нийтдээ 70 хувийг нь эзэмшинэ гэсэн үг. Тэгээд хятадууд шийдвэрийг дангаараа гаргах эрхтэй болно. Монголчууд  баялгаа ийнхүү өмнөд хөршдөө зүгээр л тавиад өгчихлөө. Фрийдландын далд хуйвалдаан ч улам ил болж буй ажээ. Одоо бид яах ёстой болж байнаа, аан. Монгол маань 80-аад оны Панам биш л юмсан, уг нь.

Б.Отгонбаяр

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш