logo
МАН Н.Энхбаярын хам хэрэгтнээр дутахгүй

МАН Н.Энхбаярын хам хэрэгтнээр дутахгүй

2012/05/02
МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар албан ёсоор гарч МАХН руу орох болсноо зарлаж байна. Намаасаа гарах олон олон шаlтаг байгаагаас тэдний өөрсдийн тайлбарлаж буйгаар "Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан буруутай үйлдлийн хариуцлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээх ёстой" гэж үзсэнд гол гогцоо бий юм.

Ц.Нямдорж сайдыг огцруулах операци явагдсан боловч бараагүй учир МАН-аас тэд гарч байгаа юм байх аа. Ер нь Н.Энхбаярыг өмгөөлөхийн тулд Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын нэр бүхий гишүүд төрж өссөн гэрээсээ яагаад явах болов. Монголын төрөөс төрсөн тэрбумтан эдгээр нөхдүүд хам хэрэгтэн Н.Энхбаярыг улаан цайм өмөөрөхөөс өөр аргагүй юм.

О.Чулуунбат гишүүнд Монголбанкны ерөнхийлөгч байхдаа гадаад руу учир битүүлгээр шилжүүлсэн сая, сая ам.долларын хэрэг сөхвөл бэлэн бий. Ц.Улаан Сангийн сайд байхдаа Орост төлөх их өрөн дундаас 50 ,сая ам.доллар алга болсонтой зайлшгүй холбоотой. Ц.Даваасүрэн гишүүний хувьд Их өрийг тэглэх ажлын хэсгийн ахалж байсны хувьд гэрч төдийгүй Сангийн сайд Ч.Улаан, Ерөнхийлөгч Н.Энхбаяр нартай хамсаатан болж таараад байгаа юм.

Д.Тэрбишдагва гишүүн Хөдөө аж ахуйн сайд байхдаа махны ченж болж монголчуудаа шулах болсны хувьд Н.Энхбаяраар бизнесээ дэмжүүлсэн байж таарах гээд байгаа юм. Ийм шуударсан гарууд Н.Энхбаярыг хамгаалахаас өөр аргагүй хөөрхийлөлтэй байдалд орчихсон.

Хэрэг хуучирдаггүйн үлгэрээр авлигын хаан эцгийнхээ араас явчих хамгийн наад захын уурганд орооцолдох загаснууд юм. Торонд орж буй тул загас болох Н.Энхбаярыг баривчлах шөнө ах хүү новширвол хамт аавын хаалга татчихаж мэдэхээр нөхдүүд сандралдчихсан гүйлдэж явсан. Ямар сайндаа Д.Тэрбишдагва Н.Энхбаярын өмнүүр орж шанаагаа цохиулаад сууж байхав. Ч.Улаан гишүүн нүдний шилээ бутартал цагдаагийнхантай үзэж суухав дээ.

О.Чулуунбат гишүүн бас л Н.Энхбаярыг хамгаалж улаан гараараа хүчнийхэнтэй үзэж байв. Ерөөсөө ойлгомжтой ш дээ. Хэрэв чуулганаар Ц.Нямдоржийг огцруулчихсан бол дээрх нэр бүхий гишүүд арай амьсгаа авахтайгаа болох байсан. Тэгтэл Ц.Нямдорж огцордоггүй ээ. Тэгэхээр аавынд дээлээ нөмрөөд суугаа авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаяр хамсаатнуудаа хөлдөө чирэхээс аргагүй байдалд орж болзошгүй байгаа үед мань гишүүд амиараа дэнчин тавиад ч болов МАН, Ц.Нямдорж сайдтай үзэхээс өөр аргагүй болоод байгаа нь тодорхой.

Тиймээс МАН-аас албан ёсоор гарах болсноо тэд зарлаж байгаа нь тэр. МАН-ын их хагарлын үүд гэж зарим ажиглагчид үзэж байгаа ч авлигын хаан эцгээ дагаад гүйж яваа дөрвөн гишүүнээр түүхт МАН дутах уу. Харин МАН авлигачин гаруудаас салж байгаа хэрэг биш гэж үү.

Н.Энхбаярыг шалгаж буй "Өргөө" зочид буудлын хувьчлал, "TV 9" телевиз зэрэг нь наян хуудас хавтаст хэргүүдийнх нь ердөө цэг, таслал төдий. Харин Эрдэнэтэд ган бөмбөлөг нийлүүлэх тендер, Их өрийн дундаас сох дутсан 50 сая ам.доллар, Монголбанкнаас гадаад руу шилжүүлсэн сая сая долларууд, Швейцарь дахь хадгаламжууд нь сөхөгдвөл хоор хоороороо УИХ дахь гишүүд гинжин хэлхээгээр цувраад шоронгийн хаалга татчихаж мэдэхээр.

Ц.Нямдорж сайд өөрөө нэр цэвэртээ цагтаа хамсаатан явсан Н.Энхбаярыг шорон руу илгээгээд байгаа хэрэг ч биш. МАН-ын даргынхаа даалгавраар Н.Энхбаярыг жийе гэсэн операцид мафийн толгойлогчоор Ц.Нямдорж сонгогдохоос аргагүй байсан. Яагаад гэвэл мөдхөн болох сонгуулиар МАХН-д рейтинг доогуур яваа МАН мад тавиулахаа урьдчилж тооцоолоод хариу арга хэмжээ авч буй үйлдэл.

Н.Энхбаярыг дарж авахгүй л бол сонгуулийн дараа олон олон МАН-ын гишүүд эргээд нялуулна гэдгийг урьдчилж тооцоолж харсаных. Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр Ц.Нямдорж сайд хамсаатнуудын нэгний хувьд чадалтай байгаа дээрээ Н.Энхбаярыг шоронд илгээх ажиллагааны удирдагч нь болсон. Үүнийгээ баталж буй мэт улс орон даяар олныг цочроосон баривчилгаа явагдахад Ц.Нямдорж сайд өөрийгөө таг унтаж байгаад мэдээгүй гэж мэлзээд байгаа юм даа.

Ер нь Монголын төрд бүхий л өндөр албан тушаалыг Н.Энхбаяр шиг хашсан хүн бараг үгүй. Цагтаа бусдыг торны цаана суулгана шүү гэж айлгаж явсан Н.Энхбаярыг одоо МАН-ын нөхдүүд өөрсдөө шорон руу нь илгээж байна. Архирсан бар мэт уурссан Н.Энхбаяр ард түмний итгэлийг дахин авч босч ирвэл жинхэнэ дотоод дайсан болно гэдгийг МАН-ынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Сая МАН-ын дөрвөн гишүүн Н.Энхбаярыг өмгөөлж МАХН руу албан ёсоор орох болсон тухай мэдээлэл цацагдахад сайтын сэтгэгдлүүд дээр "Урвагчид хөгийн гарууд" гэсэн үгс хөвөрч байна. Цаадуул чинь үнэндээ урвагчид биш ээ. Эрүүгийн гэмт хэрэгтэн болж буй Н.Энхбаярын хамсаатнууд болчих гээд байна л даа. "Эд нар Энхбаяртай холбоотой болохоо бүүр ч нотолж байна даа, Сүлжээ үүсгэсэн луйварчид" гэх уншигчийн сэтгэгдэл харин үнэнд илүү дөхнө байх аа.

Б.Наран
Эх сурвалж: "Нийслэл таймс"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш