logo
УИХ-ын гишүүн асан Ша.Батбаяр: Ийм аймшигтай хэрэг болсон юм байна гэдгийг олон түмэн үнэн зөвөөр нь мэдэж байх ёстой

УИХ-ын гишүүн асан Ша.Батбаяр: Ийм аймшигтай хэрэг болсон юм байна гэдгийг олон түмэн үнэн зөвөөр нь мэдэж байх ёстой

2012/05/02
УИХ-ын гишүүн асан Ша.Батбаярын 1999 онд “Нөгөөдөр” сонины сэтгүүлч Р.Даваажавт өгсөн ярилцлагыг хүргэж байна. УИХ-ын гишүүн Шаравжамцын Батбаяр манай сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгснийг эрхэм уншигч танд толилуулж байна.

-С.Зориг агсны хэрэг илрэх болов уу?

-Илрүүлэх юмсан, илрээсэй гэж маш их бодож байна. Яг баталгаатай хурдан илэрнэ гэдэгт эргэлзэж байгаа. Яагаад гэвэл илрэх байсан бол өдийд илрэхээр хугацаа болчихсон. Ингээд хугацаа алдаад, сунжраад байна гэдэг нь ингэж байгаад илрэхгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

Гэхдээ би, тодорхой хүмүүс, энэ хэргийг хийсэн хүнийг мэдэж байгаа хүмүүс гэмт этгээд их ойр­хон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Яг гаргаж ирэх нь үнэхээр төвөгтэй цаг үе ч байж магадгүй. Бүр хэзээ хойно ч гарч болзошгүй, хэрэг сунжраад байгаа нь ер нь ингээд илрэхгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлээд байгаа юм.

-Зоригийн хэрэг «казино», «Мон Макао»-той холбоотой байж болох уу?

-Үүнийг үгүйсгэх аргагүй. Хуу­лийн байгууллагынхан түүн­­тэй холбоотой гэж үзээд Их Хурлын зарим гишүүнийг хүр­тэл хорьчихсон байгаа нь тэр үндэслэлээ хайж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл талийгаачийг ямар үндэслэлээр алав гэсэн олон таамаглал гаргасан байх л даа. Жишээ нь, казино, Эгийн го­лын Усан цахилгаан станц ч гэдэг юм уу. Ерөнхий сайд болох гэж байгаатай холбоотой ч гэдэг юм уу, байж болох янз янзын таамаглалуудыг гаргачихаад түүн дотроос хамгийн их магадлалтай нь энэ казино байж магадгүй гэсэн байдалд хүрсэн болов уу гэж тааж байгаа юм.

-Алуурчдын гар их урт байж магадгүй гэж та боддог уу?

-Ер нь цаад талд нь их урт гар байгаа гэдэг нь ойлгомжтой. Хэвлэл мэдээлэл дээр гарсныг ямар ч хүн уншиж үзээд, казиногийн тендерт өрсөлдсөн хоёр том ком­пани байгаа юм байна. Энэ хоёр ком­панийн нэгнийх нь цаад талд Макаогийн нөхөд байгаа юм байна, нөгөөгийнх нь цаад талд Европын талын хүмүүс байгаа юм байна. Тэгээд энэ хоёр хоорондоо үзэлцэж байгаа юм байна, бодвол энэ хоёр бүлэг хуулийг гаргах, хэрэгжүүлэх нөлөө бүхий хүмүүсийг хуваагаад авчихсан хоёр бүлгийн хоорондох тэмцэл явж байна гэж үзэж болохоор байгаа шүү дээ. Тэгэхээр ор үндэсгүй юмыг хүмүүс санаанаасаа зохиогоод ярьж байгаа гэж үзэж болохгүй шүү дээ. Энэ бол цаанаа ямар нэгэн үндэслэл байгаа. Цаана нь нэлээд урт гар байгаа, тэр бол ойлгомжтой. Гар хэдий чинээ урт, хол байх тусам төдий чинээ л хэрэг илрэхгүй. Тэгэхээр энэ их төвөгтэй асуудал болж хувирч байх шиг байна.

-Зарим гишүүнийг барьж хорьсныг 1930-аад оны хэлмэг­дүү­лэлттэй эгнүүлэх нь ч байх юм. Саяын арга хэмжээний талаар?

-Саяын арга хэмжээ бол хуу­лийн байгууллагын хэрэглэдэг янз бүрийн арга тактикийн л нэг хэсэг нь явж байгаа байх л даа. Энэ нь хэргийг өөр сувгаар эрж хайхын тулд наад талд нь ингэж өнгөлөн далдалсан ч юм уу, хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн үйл ажиллагаа ч байж бол­зошгүй. Гэхдээ арай ч 1930, 1940-өөд оны хэлмэгдүүлэлт ямар нэгэн өөр хэлбэрээр давтагдаж бай­на гэж хэлэхэд бас хэцүү л байх. Гэхдээ л энэ авч явуулж бай­гаа арга хэмжээ бас тийм байд­лыг гаргахад хүргэж болох тийм байдал энд харагдаж байгаа юм. Ухаандаа, ямар ч хүнийг үүнийг ер нь буруутгая гэсэн хэнийг ч гэсэн ийм үндэслэлээр барьж хорьж, хэлмэгдүүлж болж л байгаа байхгүй юу. Жишээ нь, нэг сурвалжлагчид ч юм уу хэдэн төгрөг өгөөд, за, чи тэр хүний тухай юу ч хамаагүй зохиогоод хэд хэдэн сонинд бич. Тэгээд сонин хэвлэлд гарсан гэсэн үндэслэлээр гээд дараа нь бид баривчилчихъя гэсэн тийм юм байхыг ч бас үгүйсгэх арга байхгүй шүү дээ. Энэ бол миний таамаглал л даа.

-Өнөөдрийн Монголын бодит байдал үнэхээр төвөгтэй л байгаа юм байна даа?

-УИХ-ын гишүүн бүр дотроо бас түгшиж явах нь байна шүү дээ. За байз, би чинь хаана ямар хүлээн авалтад орж хэнээс ямар бэлэг авч байлаа гээд бодох нь байна. УИХ-ын гишүүдэд чинь баяр ёслол, ямар нэгэн арга хэмжээ болоход урилга, заллага ирж л байдаг. Урилганд нь очиход ямар нэгэн гарын бэлэг өгөх явдал байнга л байж байдаг шүү дээ. Жишээ нь, намайг дөнгөж УИХ-ын гишүүн болсны дараа манай УИХ-ын гишүүд «Улаанбаатар» зочид буудалд Эгийн голын УЦСтанцын тендерт ялсантай холбоотой том хүлээн авалтад оролцоод, бүгдээрээ гарын бэлэг аваад л гарч байсан. Гэтэл дараа нь Малайзын тал хүчингүй болоод тендерийг Чехийн тал авчихсан байх жишээтэй. Тий­мэрхүү арга хэмжээнүүд баривчлах үндэслэл болж л байгаа байхгүй юу. Жишээ нь, Батчулуун гишүүнийг тийм хүлээн авалтад очсон, тэгээд гарын бэлэг авсан гээд баривчилж болох талтай л байхгүй юу.

-Монголын төрийн бодлогод гадны гар яваад, янз бүрийн юм хийгээд байгаа юм биш биз?

-Тэрийг үгүйсгэх аргагүй. Цаад талд нь ямар нэгэн хөрөнгө мөнгөтэй эзэд зогсож байгаа гэ­дэг нь ойлгомжтой. Харин тэр эзэд нь хэн бэ гэдгийг хуулийн бай­гууллагынхан олж тогтоох байл­гүй. Аль ч хөгжсөн орнуудад байгаа мафиуд чинь их урт гартай шүү дээ. Юунд ч оролцож болдог. Тэр байтугай хүчирхэг орнууд чинь сүүлдээ мафийг хүлээн зөвшөөрдөг. Тэрийг зөв талаар нь ашиглаж, улсынхаа хөгжилд ч гэсэн нэмэр болгох зорилгоор хэрэглэдэг улсууд ч бий. Тэд бол манайх шиг ийм жижигхэн орон, тэр тус­маа эдийн засгийн хувьд ингэж ядарч, наашаагаа гар сунгасан хүн бүхэн рүү харайж очиход бэлэн байж байгаа энэ нөхцөлд мафийн сүлжээнд нэг орооцолдчих юм бол энэ сүлжээнээс гарахад хэцүү.

-Монголын төрийг мафиас хараат биш байлгах бололцоо бий юу. Эсвэл заавал тэр сүлжээнд орох ёстой юм уу?

-Ер нь мафийн сүлжээнд бараг дэлхийн ихэнх орон ямар нэгэн байдлаар орчихсон байдаг шүү дээ. Тэгэхээр манай улсын хувьд, нэгэнт тэр сүлжээнд орчихвол га­рахад нэлээн төвөгтэй л болох байх. Ямар мафийн сүлжээнд орчихоод байгаа юм бэ, тэрнээсээ илүү хүчтэй улсыг түшиж, тэр улсын нөмөр дор байж л гарна уу гэхээс биш Монгол ийм жижигхэн орон дангаараа тэр орчихсон сүл­жээ­нээсээ гарахад хэцүү байх. Ер нь мафид орсон улс бүр ч бас муу байгаад байдаггүй шүү дээ. Тэрийгээ үнэхээр ухаалгаар, улс орондоо ашигтайгаар хэрэглэж чадах юм бол улсаа хөгжүүлээд аваад явчихдаг. Тайвань бол хам­гийн их мөнгө угаадаг газар шүү дээ. Тэнд мафийн бүх сүлжээ төв­лөрч байдаг. Тайванийн ард түмэн түүнээс нэг их хохирчихсон нь юу байгаа юм бэ. Ард түмнийх нь амьдрал нь дээшилчихсэн бүр Хя­тадад хөрөнгө оруулалт хийгээд явж л байна.

Хонгконг ч гэсэн, Макао ч гэсэн ялгаагүй, тэр бүхнийг зохицуулаад байж чадаж байгаа учраас улс орноо хөгжүүлээд аваад явж чадаж байна шүү дээ. Харин тэр олж байгаа ашгийг нь цөөхөн хэдэн хүн хувааж цохиод байгаа бол өөр замаар л явна гэсэн үг. Тэр угааж байгаа мөнгийг улс эх орныхоо хөг­жилд зарцуулаад, улс орноо хөг­жүүлээд, дараа нь болохоо болилоо гэхэд эргээд төлчих чадвартай бол­чихсон улсууд тийм юмнаас (мафиас) айхаа больчихож байгаа юм шүү дээ. Жишээ нь, Хонгконг, Макао эдийн засгийн хувьд хүчир­хэг болчихсон учраас эргээд ямар ч төлбөрийг төлөх чадвартай, хараат биш болчихож байгаа юм. Манайд одоохондоо тийм юм алга. Цалин тэт­гэвэрээ ч тавьж чадахгүй, банкууд валютын ченжүүдээс мөнгө зээлж, зарим газрын цалинг тавьж байгаа тохиолдол хүртэл гарч байна шүү дээ.

-Таны бодлоор бидэнд өнөө­гийн энэ бэрх байдлаас өөр гарц байгаагүй юм болов уу?

-Мэдээж ямарваа нэгэн юманд заавал гарц байсан байх ёстой. Тэр гарцаа яаж сонгосон гэдгээс хамаг юм хамаарч байгаа юм. Жишээ нь, манайх бол бэлтгэлгүй байж байгаад нэг өдөр л зах зээл рүү шилжээд орчихсон улс. Тэгэхээр хүмүүс нь оюун санааны хувьд бэлтгэгдээгүй байсан уч­раас ардчилал гэдгийг хүн бү­хэн дураараа дургиж болдог тийм тогтолцоо юм байна гэсэн сэт­гэхүйгээр асуудалд дээр дооргүй ханд­сан шүү дээ. Тухайн үед төр барьж байсан хүмүүс ч гэсэн, ингээд бүх юм чөлөөтэй, эмх замбараагүй боллоо, амжаад ахиухан шиг хөрөнгөтэй болъё гэсэн сонирхол бүгдийнх нь толгойд эргэлдэж бай­сан учраас анхнаасаа байдлыг хүндрүүлчихсэн байхгүй юу. Эр­­гээд залруулъя гэхээр хэцүү болчихсон.

Нэгэнт тараагаад хаячихсан юмаа буцааж цуглуулж авна гэдэг ойлголт байхгүй болчихож байгаа юм. Тэгэхээр одоо богино хугацаанд засахад үнэхээр төвөгтэй байдал бий болсон. Гадаадын орнуудын итгэлийг их хүлээж, Монгол Улсад хөрөнгө хаячих юм бол түүнийг нь үржүүлээд улс орноо богино хугацаанд эдийн засгийн хямралаас гаргаж чадна гэсэн итгэлийг тө­рүүлэх ёстой л доо. Тийм үйл ажил­­лагааг ма­най төр засгийн зүгээс явуулах ёс­той. Тэгж байж бид гадны дэмж­лэг авч, богино хугацаанд энэ бэрх­шээлийг гэтлэн туулж чадах ёстой. Тэгэхгүйгээр УИХ нэг хууль баталчихаад, маргааш нь шүүмж­лэхээр нь хүчингүй болгож хаячихаад байдаг бол…

Казиногийн хууль бол бас л нэг жишээ л дээ. «Хууль» гэдэг утгаараа, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруу­лагчид, мөнгөтэй хүмүүсийг татдаг хууль гэдэг утгаар нь авч үзэх юм бол Казиногийн хуулийг хүчингүй болгосон нь тийм ч зөв шийдэл биш. Харин Казиногийн хууль гарсан тэр цаг үе, нөхцөл болзол, түүнийг хэрэгжүүлж эхэл­сэн байдал нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бус явагдсан. Түүнийг нь гадаадын хүмүүс ойлгож байгаа бол нэг өөр асуудал. Үнэхээр хууль бус процесс явагдсан учраас энэ хуулийг хүчингүй болгожээ гэж ойлговол сайн. Энэ нь харин ч сайн нөлөө үзүүлж байж болох юм. Монголд хууль бус юмыг үзэж чаддаггүй юм гэсэн сэтгэхүйг төрүүлж болно. Тэгэхээр аливаа асуудалд нэг талаас нь хандаж болохгүй, нөгөө талд нь түүнээс нь илүү ашигтай хувилбар байж болдог учраас тэр талаас нь бас асуудалд хандах ёстой.

-Казиногийн хуулийг хүчингүй болгосон нь таны дээр хэлсэн хоёрын аль нь давамгайлсан алхам болсон бол?

-Энэ хууль анхнаасаа УИХ-ын Дэгийн тухай хуулиасаа гажууд замаар явчихсан юм. Тухайн чуул­ганаар хэлэлцэгдэх асуудлын төлөвлөгөөнд Казиногийн тухай хууль огт байхгүй байснаа гэнэтхэн орж ирсэн. Ингэж гэнэт орж ирэхдээ “Ер нь Монгол шиг жижигхэн оронд казино бол маш их ашигтай, гад­ны мөнгө маш их урсаж орж ирнэ. Казиногоос орох орлого нь Эрдэнэтийг ч дагуулахгүйгээр асар богино хугацаанд Монголыг хөл дээр нь босгочихно” гэсэн тайлбар, танилцуулга явагдсан. Тийм уч­раас эдийн засаг бэрхшээлтэй бай­­­сан үед ийм бэлэн мөнгө орж ирээд, ийм ашигтай болох юм байна гэсэн сэтгэхүй давамгайлж байгаад л энэ хууль батлагдчихсан юм. Батлагдсаных нь дараа, энэ чинь юу баталчихав аа гэдгээ эргэж харж, хянаж эхэлсэн.

Тэгээд энэ бол ерөөсөө хууль бус юм баталчихжээ гэдэг нь то­дор­хой болж эхэлсэн. Тодорхой бо­лоход нь түлхэц өгсөн юм бол тендерт өрсөлдөгч компани нө­гөө талд булхай байсан гэдгийг илрүүлж гаргаж тавьсан нь хүчтэй нөлөөлсөн л дөө. Тийм маягаар энэ хууль хүчингүй болсон. Үүнийг нөгөө талаас харахад хоёр компани өрсөлдөөд, эрх мэдэл бүхий хү­мүүсийг хоёр хувааж авчихаад хоорондоо үзэж байгаа юм байна гэж мушгиж бас болохоор л байгаа байхгүй юу. Тэр тохиолдолд ялагд­сан тал нь ялсан талаасаа хариугаа авч байгаа юм байна гэж мушгисан ч бас болохгүй гэх аргагүй шүү дээ. Явж явж казино чинь ийм их хар мөр дагуулаад ирсэн, юунд ч хүргэж болох эмзэг асуудал юм уу гэсэн сэтгэгдэл төрж болохоор л байгаа юм.

Анхнаас нь Казиногийн хуулийг хэлэлцэж байхад цөөнгүй гишүүд казино бол янз янзын гэмт хэргийг дагуулж явдаг учраас аль ч улс улсынхаа нийслэл дотроо казино байгуулдаггүй, нийслэлээс нэлээд зэлүүд зайдуу газар байгуулдаг, Замын-Үүдэд ч байгуулъя гэдэг юм уу, тийм янз янзын саналууд гарч байсан. Тухайн үедээ үүнийг хэн ч нухацтай авч хэлэлцсэнгүй. Казиногийн тухай мэддэг гишүүн ч цөөхөн байж, тийм байдлаар энэ асуудал шийдэгдсэн байх.

-Та Казиногийн хуулийг анх батлагдахад санал өгсөн үү?

-Зарим оронд казиногийн ор­логын тодорхой хувийг нь нийг­мийн эмзэг бүлэг тэр тусмаа тахир дутуу хүмүүсийг ажлын байраар хангахад зарцуулдаг улс байна. Энэ нь улсын төсвөөс мөнгө авал­гүйгээр тодорхой хэмжээний үр ашгаа өгчихдөг. Тийм учраас би энэ (тахир дутуу иргэдийн) бай­гуул­лагын сонгуультайн хувьд ка­зиногоос тахир дутуу хүмүүсийг дэмжих үнэхээр их боломж гарах юм байна гэдэг талаас нь бодож байсан болохоос, казино гэж юу ч байдаг юм бэ, амьдралдаа тэнд орж ч үзээгүй. Тийм болохоор надтай адилхан бодож суусан гишүүд бас зөндөө байгаа байх л даа.

-Энхбаатар гишүүн тоглоомд одтой гэдэг?

-Энхбаатар гишүүн юм юманд овсгоотой тоглоом бүхэнд сайн шүү дээ. Биллъярд, шатар, хөзөр ч л байсан тоглоомонд одтой л доо. Үнэхээр сайн юм байна лээ.

-Танд талийгаач Зоригийн зад­лангийн материал байгаа. Та энэ материалуудыг хэзээ ил гаргаж тавих вэ. Хүмүүс үзье, харъя гэж байна уу?

-Намайг УИХ-ын гишүүн бай­хад УИХ-ын гишүүн дөрвөн хүн нас барсан. Би нэгд нь комиссын дар­гаар, гуравт нь комиссын ги­шүүнээр оролцсон. Чимидцэрэн, Зориг талийгаач хоёрын хоёуланд нь би комиссын гишүүнээр орж, шүүх эмнэлэг, эмнэлгийн талын асуудлыг хариуцаж байсан мэр­гэжлийн хүний хувьд энэ материалууд бүгд над дээр төвлөрч, миний гараар дамжсан. Тэгээд сүүлийн хоёр талийгаачийн үед би ЭМНХ-ын сайдын үүрэг гүйцэтгэж байсны хувьд тэртэй тэргүй миний хийх ёстой ажил байсан. Тэгээд материалыг бүрдүүлсэн.

Чимидцэрэн талийгаачийн материал надад нэлээн удаан байсан. Гадны нөлөө, ямар нэгэн юм байгаагүй учраас хуулийн байгууллага тэр материалыг нэг их сонирхоогүй байх. Тэр материалыг авах хүн олдохгүй байж байгаад комиссын дарга байсных нь хувьд талийгаач Зоригт би тэр материалыг өгсөн юм. Тэгтэл Чи­мидцэрэн талийгаачийн Шүүх эм­нэлгийн материал Зориг талий­гаачийн сейфнээс гарсан гэж сүүлд нь дуулдаж байх шиг байна лээ. Харин Зоригийн материалыг би хоёр, гурван хувь бэлдүүлсэн. Яагаад гэхээр, энэ ээдрээтэй, мар­гаан­тай асуудал учраас сүүлд нь эргэж магадлах, ямар нэгэн байд­лаар материал алга болох ч юм уу, тийм тохиолдол гарч болзошгүй гэдэг болгоомжлолын үүднээс тэр ма­териалыг авч үлдсэн. Сүүлд үнэхээр материал олдохгүй алга болсон тохиолдолд, чухал хэрэг болсон тэр цагт нь гаргаж холбогдох байгууллагуудад нь өгнө л дөө.

-Тэр материалыг танаас авахаар сүрдүүлж барьсан то­хиол­дол бий юу?

-Үгүй, тийм юм байхгүй. Зүгээр хэвлэлийнхэн л надад тэр материал байдаг гэдгийг сонссон учраас үзье, заримыг хэвлэлд тавья гэж ирсэн. Би хэнд нь ч өгөөгүй ээ.

-Та Зориг агсны задлангийн зураг материалуудаас зарим нэг зургийг сонинд гаргахыг зөв­шөөр­лөө. Эдгээр материалыг ний­тэд гар­гасны сайн тал нь юу байна гэж та бодож байна вэ?

-Үнэхээр ийм аймшигтай хэрэг болсон юм байна гэдгийг олон тү­мэн гуйвуулсан маягаар биш, үнэн зөвөөр нь мэдэж байх ёстой. Нөгөө талаас, талийгаач жирийн хүн биш Монголын төрийн том зүтгэлтэн учраас тэр талаас нь авч үзэх юм бол тавих гэж байгаа зурагнууд нь ёс суртахууны хэм хэмжээг ба­римталсан байх хэрэгтэй. Тэгэхдээ хү­мүүст яг үнэн байдлыг хүргэх тийм зурагнууд тавихад бол болохгүй юм байхгүй л дээ.

-Энэ зураг хэвлэлд гарч байгаа нь, мэдээллийн хэрэгслээр алдартай хүмүүсийн үхлийн тухай Монголын түүхэнд анх удаа гарч байгаа фото баримт. Ард түмэн үүгээр, түүхэндээ анх удаа л аймшигт явдлын тухай будагдаагүй үнэнийг харах болох нь тун сайн хэрэг л дээ?

-Тийм ээ. Анх удаа ийм аймшигтай хэрэг гарч байгаа юм. Талийгаач Төмөр-Очир гуайн хувьд ямар нэгэн зураг гараагүй. Төмөр-Очир гуайг нас барахад би Сэлэнгэд Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан. Яг Төмөр-Очир гуайг нас барсных нь маргааш задлан хийсэн эмч нь Сэлэнгэд Шүүх эмнэлгийн задлан хийх гэж ирээд болсон явдлын тухай надтай уулзаж ярилцаж л байсан.

-Манай сонинд нийтлэг­дэж байгаа зургуудыг хараад тэр алуурчид өөрсдөө эсвэл тэднийг мэдэх, энэ хэргийн учрыг гадарлах хүмүүст ямар нэгэн байдлаар юм бодогдуулж, магадгүй, тэд­нийг илчлэх шийдвэр гаргах ч юм бил үү?

-Байж болно шүү дээ. Зураг гарахад хүмүүст янз янзаар нөлөөлнө. Ийм нэр хүндтэй хүнийг би хөлс аваад, хүмүүсийн хатгаасаар алчихсан юм байна гэж олон түмний сэтгэлийг мэдрээд, өөрөө ухамсраараа гарч ирж ч болзошгүй. Тэрийг бас үгүйсгэх аргагүй. Би Монголын ард түмэн гашуу­дахаар хүнийг алж, үнэхээр их нүгэл хийсэн юм байна гэдгээ тэр хүн ухамсарлаад тэр хүн өөрөө гарч ирж болзошгүй шүү дээ. Тэгэх юм бол хүмүүс харин энэ муу алуурчин, яргачин гэхээсээ илүү энэ бол ухвар мөчид хүн, хүмүүсийн гар хөл болжээ гэж үзнэ. Тэгээд өөрт нь ч гэсэн тэр хүнд ашигтай болж болно шүү дээ. Асуудал нь арай өөр болно, нуугдаж байгаад шууд цаазаар авахуулах байсан бол өөрөө шууд хэргээ хүлээгээд гараад ирвэл тэр хүний амьдралд нааштайгаар шийдэгдэж болзошгүй.

-Та мэргэжлийн хүний хувьд, цөөнгүй түүхэн үйл явдлын гэрч болсны хувьд хэзээ ч юм дурсамж бичих бодол байгаа юу?

-Ер нь шаардлагатай бол бичиж л таарах л байх. Үнэн бодит байдлыг хүмүүст хүргэх, түүх болгох үүднээс бол болно. Жишээ нь, талийгаач Чимидцэрэнг өөд болоод удаа ч үгүй байхад гадны нөлөөгөөр нас барсан гэнэ ээ гээд бичиж л байна шүү дээ. Тэнд гадны ямар ч нөлөө байхгүй. Агаарт нисч явсан хүн унаад, толгойгоороо газар мөргөж нас барсан нь задлан шинжилгээ бүх юмаараа нотлогдчихсон юм чинь тэнд бол ямар нэгэн гадны нөлөө байхгүй.

-Сая Хонгконгт хуралд оролцоод ирсэн зарим гишүүнийг тагнаж байсан бололтой. Эндээс харахад гишүү­дийг гадна, дотны этгээдүүд тагнаж чагнаад байгаа юм биш биз. Таны хувьд?

-Одоо тэгдэг л байлгүй бодвол. Би ямар нэгэн асуудалд холбогддоггүй бо­лохоор намайг нэг их тоодоггүй биз. Ер нь ямар нэгэн юманд холбогдож болзошгүй гэж үзэж байгаа гишүүнээ тагнаж чагнах ёстой байх гэж би боддог шүү дээ. Тэрний тулд Аюулаас хамгаалах байгууллага, Тагнуулын төв газар гэдэг байгууллага байж байгаа. Тэр чинь үндсэн үүрэг нь угаасаа тийм л үүрэгтэй улсууд шүү дээ. Харин хэнийг тагнаж, чагнах вэ гэдэг нь өөр.

Тэрнээс ямар ч үндэслэл­гүйгээр хүн бүрийг тагнаж чагнаад байх тухай ойлголт байхгүй шүү дээ. Ямар нэгэн асуудалд холбогдож болзошгүй юм уу эсвэл тэр талаар мэдээлэлтэй байгаа хүнийг бол тагнаж чагнах ёстой. Тэр нь Үндсэн хуультай зөрчилдөөд байгаа асуудал биш. Яагаад гэвэл, тэр нь үндэсний аюулгүй байдлын үүднээс хийж байгаа асуудал. Улс эх оронд юм уу, нийгэмд ямар нэгэн сөрөг үр дагаврыг авч ирж болзошгүй тийм үйлдэлд холбогдож байгаа бол тагнаж чагнах ёстой. Жишээ нь, намайг тагнаж, чагналаа гэхэд миний Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдлөө гэж би л лав хэл ам хийхгүй. Яагаад гэвэл надад ямар нэгэн тагнаж чагнахаар үндэслэл байж л байгаа юм байж дээ гэж бодно. Тэгээд би ямар юманд орооцолдов гэж өөртөө анхаарал тавьж, үйлдлээ болгоомжтой хий­хээс эхлээд л юм бодно шүү дээ.

Түүнд нэг их айхтар муу юм байхгүй болов уу гэж бодож байгаа. Ямар хүний хувийн нууц руу ороод байгаа биш улс орны эрх ашиг юм чинь. Харин тэрийг нь хэн хийж байгаа вэ гэдэг бол өөр асуудал. Эрх бүхий тагнуулын байгууллага нь хийж байгаа бол хууль ёсны юм. Тэгэхгүй өөр шугамаар гадна, дотны байгууллага ч юм уу, хувь хүмүүс зохион байгуулаад хэн нэгнийг мөрдүүлдэг ч юм уу, ийм юм хийж байгаа бол харин хууль бус ажиллагаа.

-УИХ-ын нэгэн сонгуулийн хугацаа дуусах дөхөж байна. Та энэ хугацаанд УИХ-ын гишүүний хувьд ямар ямар тодорхой ажлуудыг хийж амжив?

-Хийх юмсан гэж төлөвлөж бодож явсан, гишүүнээр нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө дурдсан, төлөвлөж байсан зүйлүүдээ өөрийнхөө хэмжээнд бие­лүүлчихлээ гэж бодож байгаа. Гол нь би тэтгэвэр, нийг­мийн даатгалын тогтол­цоог л мөрийнхөө хөтөл­бөрт дэвшүүлж тавьсан. Халамжийн талаар асуудлаа дэвшүүлсэн, эрүүл мэндийн даатгал, хуультай холбоотой зорилтуудыг дэвшүүлсэн. Тэр талын ажлууд үндсэндээ хийгдсэн. Нийгмийн даат­галын тухай хуулийн төс­лийг би УИХ-ын гишүүн болонгуутаа барьж авч хийсэн. Дараа нь Халамжийн төрөлжсөн хуульд олон санал оруулж батлуулж чадсан. Эрүүл мэндийн хууль, Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль бол цэвэр миний бодож байсан хувилбараар хийгдэж батлагдсан. Одоо Хөдөлмөрийн хууль, Тэтгэв­рийн шинэчилсэн хууль дээр өөрийн саналаа оруулж чадсан. Гол гол өөрийнхөө хийе гэсэн юмнуудаа хийсэн л гэж бодож байгаа.

-Тэтгэврийн хуримт­лалын тогтолцоонд шилж­вэл ашигтай юу?

-Манай тэтгэврийн тогтол­цоо өнөөдөр хуваа­рилал­тын тогтолцоо гэдэг зарчмаар явж байгаа юм. Энэ нь ирээдүй муутай тогтол­цоо. Яагаад гэвэл, өнөөдрийн шимтгэл төлж байгаа хүмүүс тэтгэвэрт гарах болоход цуглуулж авсан шимтгэлээ буцаагаад тарааж өгөөд л явдаг ийм тогтолцоо. Хуримтлалын тогтолцоонд шилжих юм бол, миний энэ дансанд хийж байгаа мөнгө намайг тэтгэвэрт гарахад баталгаатай байж байх тийм тогтолцоо. Тэр шимтгэл рүү хичнээн төгрөг хийнэ вэ, тэр хэмжээгээрээ миний тэтгэвэр тогтоогдож байх тийм шударга зарчим. Өнөөдөр шимтгэл хэчнээнийг хийс­нээс үл хамаараад цалингаар нь тэтгэврийг тогтоодог. Үүнийг УИХ-ын гишүүд маань зөв ойлгоод хүлээгээд авчихвал тэр шударга тогтолцоо руу орно.

Бидэнд өнөө маргаашдаа мэдрэгдэхгүй, 10, 20 жилийн дараа тэтгэвэрт гарах хүмүүст жинхэнэ үйлчилнэ. Ажил хийсэн ч бай, хийгээгүй ч бай хүн тэтгэврийн даатгалд өөрийнхөө бололцоогоор мөн­гөө хийх юм бол тэт­гэвэрт гарахдаа тэр хүн цуглуулсан мөнгөө нэг мөр авч үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдагсан уу, эсвэл сар сард нь бага багааар аваад байх уу гэдгээ өөрөө шийднэ. Тэтгэврийн даатгалд хийсэн мөнгийг нь даатгалын байгууллагууд өөр юманд хөрөнгө оруулаад эргүүлж байдаг, тэндээс олсон ашгаасаа бас хүү төлдөг байх. Тэр мөнгө маань жил бүр банкны хүүгээр хүү нь өсч байдаг, тухайн үеийнхээ үнэ ханштай уялдаад индексжиж байна. Тэгэхээр энэ бол ирээдүйтэй тогтолцоо.

-Мэдээллийн хэрэгс­лүүдээр Зинамэдэр гэдэг хүн таны тухай элдвийг бичих юм. Энэ ер нь ямар учиртай юм бэ?

-Надаас чухам юу хүсээд байгааг нь би одоо хүртэл ойлгож чадахгүй байгаа. Надтай олон удаа уулзаж байсан. Уулзаад ярихаараа байдлыг ойлгоод, та их зөв юм хийж байгаа юм байна, баярлалаа гээд гардаг. Гарсан хойноо шал өөр юм ярьдаг. Намайг хангалттай гүтгэж байгаа хүн. Зинамэдэрийн сонин хэвлэлд өгснөөр бол би их олон миллярд төгрөг идэж ашиглачихсан хүн байгаа юм. Тухайлбал, тахир дутуу хүмүүст Америкаас өгсөн 200 сая долларыг би лав хувьдаа цохисон шиг байгаа юм. Хаанаас тийм мэдээлэл олж бичээд байдаг юм бэ бүү мэд. Би бас тахир дутуу иргэдийг дэмжих сугалаа гаргах гэж хятадын нэг хүнээс 400 сая юань зээлж авсан шиг байгаа юм гэх мэтчилэнгээр янз бүрээр бичээд л яваад байгаа.

Би намайг гүтгэж байна гээд тэр залуутай зарга зайлхай хийгээд явалтай биш. Тэртэй тэргүй хийж байгаа ажил, цаг хугацаа бүхнийг харуулах учраас би дуугүй л яваад байгаа. Ер нь намайг бол маш олон газар бичсэн л дээ. Ерөнхийлөгчид, УИХ-ын даргад, шүүхэд, Нийгмийн бодлогын байнгын хороонд, Ёс зүйн хороонд гэх мэтчилэн маш олон газар гүтгэж доромжилсон өргөдөл өгдөг юм шиг билээ. Түүнд нь нэг их реакци үзүүлээд байх ч хаашаа юм бэ, чимээгүй байгаад байх ч хаашаа юм. Хамгийн гол нь, Зинамэдэр бол өөрөө хууль эрхийн мэдлэг муу учраас төрийн бус байгууллага орчин үед ямар байх ёстойг сайн мэдэхгүй байх шиг. Хуучин социализмын үед бол төрийн бус байгууллагыг дээрээс нь зохион байгуулалттайгаар байгуулчихдаг. Төрөөс хө­рөнгө мөнгө өгөөд төрийн байгууллага шиг ажил­луулдаг байсан яг л тэр үе шиг байлгах гээд байгаа юм л даа. Ухаандаа, тахир дутуу иргэдийн байгууллага гэхээр өөрөө л байх ёстой гэж үзээд байгаа юм. Үндэсний холбоог тараана гэсэн асуудал тавиад байгаа. Төрийн бус байгууллагын эрх зүйн хуулиар хичнээн ч төрийн бус байгууллага байж болно гээд заачихсан, тэр нь олон байх тусмаа илүү сайн, төрд хэрэгтэй юм.

Төрийн бус байгууллагууд зэрэгцээд үйл ажиллагаагаа явуулж байх ёстой, тэндээс сайн үйл ажиллагаа явуулж байгаад нь төр итгэл үзүүлж, гэрээ хийгээд төр өөрийнхөө гүйцэтгэх зарим үүргээ төрийн бус байгууллагад шилжүүлж болдог. Тийм учраас Зинамэдэр үнэхээр тахир дутуу хүний төлөө Төв зөвлөл гэдэг байгууллага байгуулаад юм хийгээд сайн ажиллая гэж байгаа бол зөвхөн ажлаа л хийх хэрэгтэй. Үндэсний хол­боотой тэрсэлдээд, надтай тэрсэлдээд байх ямар ч хэрэг байхгүй л юм байгаа юм. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа тахир дутуу иргэдийн 13 байгууллага нэгдээд Үндэсний холбоо бол­чихсон юм. Тэгэхэд манай­хыг тараагаад өөрийнхөө «Төв зөвлөл» гэдэг байгууллага оронд нь байх ёстой гэдэг асуудал тавиад байдаг.

Гэтэл нэг төрийн бус байгууллага нөгөө төрийн бус байгууллагаа тараагаад оронд нь гарах тухай ойлголт бол ерөөсөө байхгүй. Харин ч ингэж хоорондоо хөлөө хийлцээд байх нь тахир дутуу иргэдийнхээ эрх ашигт улам л сөрөг нөлөө үзүүлнэ. Манай Үндэсний холбоо байгуулагдаад жил гаруй болох хугацаанд хүмүүст харагдаж үзэгдэхээр нэлээд юм хийсэн. Оргүй байсан байгууллагыг өнөөдөр өрөө тасалгаатай, өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй, гадаад харилцаатай, гадаадад нэр хүндтэй болголоо гээд олон хийсэн ажил байна. Зас­гийн газраар бид «Тахир дутуу иргэдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр»-ийг батлуулсан. Энэ жилээс мөрдөгдөөд эхэлж байна.

Халамжийн хуульд тахир дутуу иргэдийн нийгмийн халамжтай холбогдсон тусгай бүлгийг хүртэл оруулж батлуулсан. Хөдөлмөрийн хуульд тахир дутуу болон одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай тусгай бүлэг оруулж байна. Манай холбооны л хийж байгаа ажил. Аймаг бүрт салбараа байгууллаа. Бид тахир дутуу тамирчдыг анх удаа бөөнөөр нь 15 хүнийг гадаадад явуулж тоглолтод оруул­лаа. Тахир дутуу ир­гэ­дийн байгууллагын төлөөлөгч төрийн хэмжээний албан ёсны айлчлал хийлээ. Энэ бүхэн бол хийж байгаа л ажил. Зинамэдэр үнэхээр юм хийе гэж байгаа юм бол бидэнтэй нийлээд ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэрнээс зүгээр энд тэнд яваад хов жив яриад явах шаардлага байхгүй.

Хамгийн сүүлд л гэхэд, «Тахир дутуу иргэдийг дэмжье» гэсэн сугалааг Зинамэдэрийг явуулах гэж байхад нь би патентыг нь хулгай хийгээд сугалаа гаргачихлаа ч гэх шиг, энэ бол хэрэггүй юм. Сугалаа бол тэртэй тэргүй байж л байсан, урьд нь Монголд явуулдаг л байсан, сая гэнэтхэн санаачилж хийсэн үйл ажиллагаа биш шүү дээ. Хүн өөрийнхөө хэр хэмжээг мэдэж байх хэрэгтэй. Дүлий иргэдийн тавдугаар хурал гэж боллоо. Дүлий иргэдийн нийгэмлэг тэргүүнээ шинээр сонгоход Зинамэдэр нэрээ дэвшүүлээд нэг ч хүний санал авч чадаагүй шүү дээ. Зөвхөн Дүлий иргэдийн нийгэмлэгээсээ нэг ч хүний дэмжлэг авч чадаагүй байж Монголын бүх тахир дутуу иргэнийг би удирдах ёстой гэсэн юм яриад явж болохгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш