Засгийн газар ямар хүчтэй юм бэ. Хууль тогтоох дээд байгууллага хүртэл өмнө нь өвдөг бөхийчихөж. Стратегийн салбаруудаа гадны монополь болгохгүй байх хууль батлах ёстой байсан УИХ, тэр дундаа олонхын бүлэг Ц.Нямдорж сайдыг авч үлдэхийн тулд өнгөрсөн баасан гарагт үүр шөнийн заагаар нэгдсэн хуралдаан зарлалаа. УИХ асуудлаа цагтаа багтаж шийдэхгүй байх тохиолдол бий. Энэ үед цаг сунгаж хуралдах эрхтэй. Төсөв батлах гэх мэт чухал асуудлыг хэлэлцэх үед ингэдэг. Гэвч энэ удаа шөнийн 04.00 цагт нэгдсэн чуулган зарласан шалтгаан нь өчүүхэн гэхэд дэндүү өчүүхэн байсан юм. Амралтын өдрийг хүртэл ашиглаж, улстөржсөн энэ явдлын цаана УИХ дахь МАН-ын бүлэг олонхоороо далайлган дээрх асуудлыг хэлэлцэж, сайдаа авч үлдэх, АН сөрөг хүчнийг төлөөлж байгаа гишүүдтэй нийлж, огцруулах гэсэн бяцхан эрх ашиг явж байсан юм. Энэ үйл явцын цаашдын өрнөл хийгээд гарсан үр дүнгийн талаар бичихээс дургүй хүрч байна. Үндсэн хуульд УИХ бол эрх мэдлээрээ ард түмний дараа ордог, хууль тогтоох дээд байгууллага гэж заасан байдаг. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар байсан бол өөр хэрэг.
Гэтэл гадаадын тагнуул, хөнжилдөө хууль засаад хэвтэж байдаг, салбарынхан нь бужигнаж байхад ганцаараа дуг нойрондоо дугжирч байдаг, түрээсийн байранд амьдарч байгаа хэмээн худал ярьж, ард түмнээ доромжилдог энэчлэн байнга хэл аманд орооцолдож байдаг нэг сайдын асуудлаар шөнө болтол хуралдаж байгаад ой гутаж байна. УИХ өнөөдөр чуулган эхлэхэд орж ирцээ бvртгүүлчихээд гараад явчихдаг “зальхай″ гишүүдээр дүүрсэн. Хууль хэлэлцэх болохоор “Ажлын цаг дууссан” гээд гараад явчихдаг тэдгээр гишүүд харин Засгийн газрыг хамгаалах асуудлаар шөнө дөлөөр ч хуралдаж чаддаг юм байна.
УИХ-ын Хаврын чуулганы өмнө Байгаль орчны тухай, Инноваци, Хэвлэл мэдээллийн гээд олон хуулийн төсөл хүлээж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл нэг нь ч гараас гараагvй байна. Эдгээр хууль нь бүгд тулгамдсан чухал хэрэгцээтэй хуулиуд. Хэлэлцэх асуудлын тоонд ороогvй Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “нулимахын хооронд” баталсан мөртөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой “Стратегийн ордуудад гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай″ хуулийн төслийг хэлэлцэхгүй хойшлуулсаар. Энэ хууль чуулганы төгсгөлөөр л батлагдаж магадгүй. Гэтэл тэр vед вагон ушёл болсон байна. Өөрөөр хэлбэл энэ хуулийг хүлээсээр Монголын баялаг дээр гадныхан эзэн суучихна гэсэн үг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед байсан бол энэ удаагийн парламентыг дөрвөн жилд хоёр жилийн ажил хийсэн хэмээн баалж, яст мэлхий унуулах байсан нь дамжиггүй.
Нэг сайд нь өөр ажилд томилогдсон, нөгөө нь огцрох гэж байгаа Засгийн газарт чадамж байна уу
Засгийн газар сүүлийн хэд хоногт юу хийгээд байна вэ. Урт хугацааны хөтөлбөр ч гэх шиг юм яриад явах шиг байна. Хамгийн наад тал нь 2015, цаад тал нь 2030 онд хэрэгжиж дуусах эдгээр урт хугацааны хөтөлбөр нь сонгууль дуусахаас нааш гарт баригдаж, нvдэнд үзэгдэхгүй нь харамсалтай. Уг нь ийм хөтөлбөртэй болбол сайнсан. Харамсалтай нь насгүй эд биз дээ. Нэг яам нь сайдгүй байгаа хэдийнэ Элчин сайд болоод үдэлтийн партигаа хийчихсэн. Түүний орны хүнийг томилохгүй байсаар. Эсвэл МАН-д сайд хийчих чадвартай хүн дууссан юм уу. Үгүй бол Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг Италид суух Элчин сайдаар томилогдсон даруйд орны хүнийг томилох байсан бус уу. Эсвэл С.Батболд, У.Хүрэлсүх нар өөрсдийн хүнийг томилох гээд хөлөө жийлцээд суусан хэрэг үү. Төрийн ажлыг ингэж хийдэггүй л баймаар юм. Энэ Засгийн газрын бас нэг сайд нь огцрох гээд байгаа. Сайдыг огцруулах асуудал УИХ-аар орох л юм бол уначих гээд байгаа учраас чоно борооноор гэгчээр шөнө дөлөөр тэнэгтээд байгаа биз. Яг үнэндээ энэ Засгийн газар одоо эрхтэн дутуу хүн шиг л харагдаж байна.
“Үл үзэгдэгч гар” буюу намууд
Нэрт эдийн засагч Адам Смитийн” Эрэлт нийлүүлэлтийн тухай″ хуульд Үл үзэгдэгч rap гэсэн ойлголт байдаг. Үнэ эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж өөрөө тогтдог, энэ хоёроосоо шалтгаалж дээш доош хөдөлж байдаг бөгөөд энэ зохицуулалтыг “үл үзэгдэгч гap” хэмээдэг. Энэ онолыг улс төрд хувиргах гээд үзье л дээ. Оносон зүйрлэл биш ч байж болно. Гэхдээ “Улс орны эрх ашиг хэрэгцээтэй хуулийг шаарддаг, УИХ түүнийг баталж өгдөг. Үл үзэгдэгч rap нь улс орны эрх ашиг″ гэж хэлж болж байна.
Харин өнөөдөр Монголын улс төрд “Үл үзэгдэгч гар”-ын үүргийг улс төрийн намууд гүйцэтгэж байна. Монголын улс төр хоёр намын зөвшилцөөнөөр буюу тэд төрийн ажлыг хийдэг болж. Хийх ч гэж дээ. Эрх ашгаа нэгтгэдэг болж. Хоёр нам зөвшилцөлд хүрвэл хууль батлагдана. Зөвшилцөлд хүрэхгүй бол чуулганаар хэлэлцэгдэх ч үгүй. Гуравдагч намууд нь үлгэн салган, “хоёр намын хэрүүлд оролцохгvй″ гэсэн унжгар байр суурьтай. “Мөрөөрөө мөөмөө унжуулах” байсан юм бол яах гэж парламентад орж ирсэн юм бэ, больчихооч дээ гэмээр. Өнөөдөр Монголд шаардлага хангах улс төрийн нам алга. Шаардлага хангах гэдэг маань мэдээж улс эх орныхоо язгуур эрх ашгийг хамгаалахыг л хэлээд байгаа юм шүү дээ.
Улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох гэсэн дэвшилтэт санаа сүүлийн үед гарч
ирэх боллоо. Тэгвэл улс төрийн бүх намуудыг татан буулгаад, үзэл баримтлал нь тодорхой шинэ нам байгуулаад дэмжих эсэх эрхийг нь ард түмэнд үлдээх бас нэг санаа байна. Аль нь ч хэрэгжсэн байлаа гэсэн байдал одоогийнхоос дээрдэнэ. Энэ байдлаараа бол УИХ нь жижигрээд Засгийн газар нь томорсоор хэдэн хүний халаас дүүрч, ард түмэн нь ядуурсаар африкчуудын араас очих нь гарцаагүй.
Х.Батсайхан