2012 оныг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга геодези зураг зүйн газраас "Ус хэмнэлтийн жил" болгон зарласан. Энэ ажлын хүрээнд тусгасан төлөвлөгөөний нэг гол асуудал Нийслэлийн орон сууцны айл өрхүүдэд усны тоолуурыг эргэн төлөх нөхцөлтэйгээр суурилуулах явдал юм. Улаанбаатар хотын хэмжээнд 50 орчим хувь нь тоолууржаагүй гэсэн мэдээ бий. Усны тоолуурын талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Улаанбаатар хотын усны нөөц эрс багассантай холбогдуулан усыг хэмнэх зайлшгүй шаардлага гарч байгаа. "Монгол улсын хэмжээнд төвлөрсөн усан хангамжийн 270 гаруй сая шоо метр буюу нийт хэрэглээний 70 орчим хувийг Улаанбаатар хотын усны хэрэглээ эзэлж байна гэдэг нь судалгаагаар тогтоогджээ.
Орон сууц нийтийн аж ахуйн компаниуд Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газартай байгуулсан гэрээний дагуу орон сууцны хэрэглэгчдийг усаар хангах үйл ажиллагааг явуулдаг. Усан хангамжийн шугам сүлжээнээс усаар хангагдаж байгаа нийт хэрэглэгчдийн усны хэрэглээний 75 хувь нь орон сууцны хэрэглэгчдэд хамаардаг. Гэсэн хэдий ч орон сууцны хэрэглэгчдийн усны хэрэглээний алдагдлыг нэлээдгүй үүсгэдэг аж. Түүний гол шалтгаан нь ус авах, зайлуулах сантехникийн хэрэгслүүдийн эвдрэлээс болдог нь тогтоогдсон.
Энэ алдагдал нь Нийслэлийн усны алдагдлын 60 орчим хувийг эзэлж байгаа аж. "Ус хэмнэлтийн жил"-ийн хүрээнд "Ус чандмань эрдэнэ" төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийслэлд 75400 айл өрх тоолуургүй байгаагаас эхний ээлжинд 49800 өрхөд усны тоолуурыг тавихаар төлөвлөсөн. Айл өрхийг тоолууржуулснаар хоногт 66 мянган литр, сард хоёр сая литр усыг хэмнэх боломжтой нь судалгаагаар тогтоогдсон аж. Иймээс орон сууцны айл өрхийг усны тоолуураар хангах нь нэн тэргүүний хийх ажлын нэг болоод байгаа аж.
Тоолуургүй айл өдөрт 250 литр ус хэрэглэдэг бол тоолууртай айл 110-120 литр ус хэрэглэдэг гэнэ. Иймээс тоолуур суулгуулсан айл өрхийг жил хагасын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр ажлын хөлсийг чөлөөлөн 200 мянга орчим төгрөгөөр усны тоолуурыг суурилуулах ажлыг эхлүүлж байгаа аж.
Орон сууцны оршин суугчдын усны хэрэглээг тоолууржуулах ажлыг эрчимжүүлж тоолуурыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах ажил хийгдэж орон сууцны конторуудтай хийх ус хэрэглээний тооцоог тоолуураар хийж эхэлсэн нь усны алдагдлыг багасгахад чухал түлхэц болох аж.
Тоолууртай хэрэглэгчид нэг дахин бага төлбөр төлдөг
ОСНАА-н "Дулаан өргөө" ХХК-ийн зөвлөх инженер Ш.Цэдэндамбатай ярилцлаа.
-Нийслэлийн хэмжээнд усны хэрэглээ ямар байдаг вэ?
-Манай улсын хувьд газрын гүний усны нөөц, жилд унах тунадасны хэмжээгээрээ дэлхийн бусад оронтой харьцуулахад бага орны тоонд хамрагддаг. Туул голын дагуух 160 гаруй гүний худгаас Улаанбаатар хот төвлөрсөн усан хангамжийн хэрэгцээнд хоногт дунджаар 152.2-155 мянган шоо метр усыг нийслэлийн хүн ам, албан байгууллагуудад хүргэх ажлыг Ус сувгийн удирдах газар, үйлчилгээг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ) хариуцан ажилладаг. Хот тэлж томорч байгаатай холбогдон усны хэрэглээ нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар өдөрт дунджаар 212 мянган шоо метр ус хэрэглэж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын 90 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг. Газрын доорхи ус нь экологийн нэн эмзэг тогтоцтой, усны горим тэжээлийн систем нь өвөрмөц, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн арав, хэдэн зуун жилээр тооцогддог учраас газрын доорхи усыг онцгой хамгаалтанд авч нөхөн сэлбэгдэх хэмжээнээс үл хэтрүүлэн ашиглах шаардлагатай байдаг. Нийслэлийн хүн амын төвлөрсөн усан хангамжийн дээд ба төв эх үүсвэрийн нийт хүчин чадал 151 мянган метр куб хоног нөөцтэй байна.
-Усны тоолуур суурилуулснаар иргэд суугчдын хувьд ямар эерэг давуу талтай вэ?
-Усны тоолууртай хэрэглэгч зөвхөн хэрэглэсэн усныхаа мөнгийг л төлнө. Харин тоолуургүй өрхийн хувьд хоногт нэг хүн 230 литр, сардаа 6.9 метр куб ус хэрэглэдэг гэж тооцоод тогтмол үнэ тарифаар cap бүр мөнгөө төлдөг. Та бүхэнд би нэг энгийн жишээ тайлбарлая. Гэртээ усны тоолуургүй дөрвөн ам бүлтэй өрхийн усны хэрэглээ сард 12 мянган төгрөг байгаа бол тоолуур тавиулсан дөрвөн ам бүлтэй айл 5 мянга орчим төгрөгийг сардаа төлдөг аж. Үүнээс харахад усны хэрэглээндээ ч тэр, мөнгө төгрөг санхүүгийн хувьд ямар хэмнэлттэй байгаа нь харагдаж байгаа байх. Та гэртээ усны тоолуур тавиулснаар cap бүр усны төлбөрөө 30-40 хувь хэмнэж чадна гэсэн үг.
-Дээрх хэмнэлтүүд гарахаас гадна өөр ямар аргаар усыг хэмнэж болох вэ?
-Бидний хэрэглэж заншсан халуун хүйтэн усны холигч крант, душийг шинэчлэн сайжруулснаар их хэмжээний усыг хэмнэж болно. Цоргоноос минутад 5-7 литр ус гоожиход л хүний хэрэгцээг бүрэн хангадаг болохыг эрдэмтэд тогтоосон бөгөөд хуучны орон сууцнуудад суурилуулсан крантнаас минутад 12-15 литр ус гоождог. Энд асар их зөрүүтэй тоо харагдаж байгаа биз. Манай компани нь 2009 оноос эхлэн АНУ-ын Neoperl брэндийн ус хэмнэлтийн шүүр буюу аэроторыг анх оруулж ирэн айл өрхүүдэд суурилуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Бага тойруу, VI хорооллын орон сууцны айл өрхүүдэд 2 мянган ширхгийг суурилуулаад байна. Би үүгээр юу хэлэх гээд байна гэхээр дэмий сул урсах усыг хэмнэх хэрэгтэй гэж л хэлэх гээд байгаа юм. Энэ аэроторыг суурилуулснаар нэг хүн хоногт 10-15 литр ус хэмнэх бүрэн боломжтой. Манай ус хэрэглэгчид өөрсдийн оршин сууж буй орон сууцны сантехникд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд цаг алдалгүй арга хэмжээ авч байх хэрэгтэй.
-Усны зохистой хэрэглээний талаар иргэдэд юу хэлмээр байна?
-Дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа гол асуудлын нэг бол ундны усны хомсдол. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтран ус хангамжийн өнөөгийн төлөв байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлсон 2004 оны судалгаагаар Монгол орон усны багавтар нөөцтэй болох нь тогтоогдсон. Иймээс хүн төрөлхтний үйлдвэрлэн гаргаж авч чадахгүй байгаа бүтээгдэхүүн болох цэвэр усаа хайрлан үр ашигтай, ухаалгаар хэрэглэж орчин үеийн техникийн дэвшлийг ашиглаж хэрэглэж хэвших хэрэгтэй гэж хэлмээр байна. Усны хэмнэлтийн талаар зөвхөн мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд мэдлэгтэй байхдаа биш усаа хайрлан зүй зохистой хэрэглэж сурах дадал хэвшлийг хүн бүр өөртөө төлөвшүүлж хэвшүүлснээр бид өдрөөс өдөрт багасч байгаа усны нөөцөө хамгаалж чадна.
Л.Болорцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"