logo
Мөнгө угаадаг сүлжээний үзүүрээс шүүрэв бололтой

Мөнгө угаадаг сүлжээний үзүүрээс шүүрэв бололтой

2012/05/02
Дарханд гурав дөрвөн албан тушаалтныг баривчилж, мөрдөнд суулгасан гэнэ. Гэнэ юу байхав барьчихаж. Барихдаа бүр “Чингис хаан” банкны захирал, Нийгмийн даатгалын Хэлтсийн дарга, ерөнхий ня-бо гээд аймагтаа нэр нөлөө бүхий нөхөд баривчлагдаж. Мэдээж зүв зүгээр ажил албаа гүйцэтгэж явсан шударга нэгнийг хэлмэгдүүлээгүй нь лав. Банк даатгал хоёр сүлбэлдэх шалтгаан хоёр гурваас хэтрэхгүй дээ. Хамгийн түгээмэл хэлбэр нь нийгмийн даатгалын мөнгийг банкаар дамжуулан угаах. Хууль ёсоор бол ажил олгогч төсвөөсөө, ажил эрхлэгч цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл сар бүр заавал төлдөг хуультай. Тэр мөнгө “Нийгмийн Даатгалын Сан”-д төвлөрдөг. “Сан”-д хуримтлагдсан мөнгө тэтгэвэр, тэтгэмж болон хувиарлагдах ба үлдсэн хэсэг нь аль нэг найдвартай банкинд байршдаг. Хадгалуулдаг биш байршуулдаг юм. Их ялгаатай. Хадгалах гэдэг нь тодорхой хугацаатай, бас сар бүр зохих хүү нэмэж авах болзолтой. Хадгалагдаж байгаа мөнгийг уг банк бусдад зээлдүүлэх, хөрөнгө оруулалтанд ашиглах зэргээр хэрэглэж эргэлдүүлэн дундаас нь мөнгө олох эрхтэй. Харин байршуулсан мөнгөнд тухайн банк гар хүрэх эрхгүй, зөвхөн хадгалж л байх үүрэгтэй. Хүү төлөхгүй. Тэрбум төгрөг хадгалуулсан бол тэр чигтээ л байж байгаад авна гэсэн үед нь саадгүй буцааж өгдгөөрөө ялгаатай. Хууль нь тийм юм. Тэгвэл зарим овсгоотой \ зальтай гэвэл зохино\ дарга нар нөгөө байршуулах ёстой мөнгөө банкны захиралтай \ ня-ботой ч байж магадгүй. Гэхдээ тийм боломж бараг байхгүй \, эсвэл хоёулантай нь үгсэн хуйвалдаад хадгаламж болгон хувиргадаг. Шалгалт малгалт ирж магад гээд байрших учиртай мөнгөний дүнг цаасан дээр бичээд бэлдчихдэг. Цаасан дээр гэдгийн учир нь даатгалын газар мөнгөө авах гээд ирэхэд өгөх мөнгө байхгүй гэсэн үг л дээ. Яг энэ хэлбэрээр Улсын Нийгмийн Даатгалын Санд байх ёстой 4,3 тэрбум төгрөг “Монгол хоршоо” банкинд байршиж байгаад уг банктай хамт дампуурсан гашуун баримт бий. 1998 онд шин билээ. Мөнгө иймэрхүү байдлаар завшигдаж \ мөнгө угаах ч гэдэг \ байгааг анзаарсан учир тухайн үеийн Засгийн Газар \ Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан үе \ янз бүрийн банкуудад таран байршсан “САН”-гуудын мөнгийг төрийн мэдлийн нэг Банкинд төвлөрүүлэх шийдвэр гаргадаг юм. Тэгсэн чинь дээр дурдсан 4,3 тэрбум төгрөг төвлөрч чадалгүй “цаас” болоод алдагдсан түүхтэй. Хожим олж авсан эсэхийг мэдэхгүй юм. Энэ бол эхний бөгөөд хамгийн хялбар, бас улсад хохирол учраагүй мэт гадна талдаа харагдаж болох ашиглалт гэхэд болно. Байршуулсан байх ёстой мөнгөө эсэн мэнд, тоо бүтэн олж авч чадвал шүү дээ. Мэдээж дундаас нь банкны захирал, даатгалын дарга хоёр сул мөнгө унагааж авна. Жишээ нь 100 сая төгрөг хоёр хувийн хүүтэй хадгалуулаад \ томоохон зээлдэгчид өгч таарна \ сар бүр 2 сая төгрөг зүв зүгээр олоод байх нь. Дээр дурдсан дөрвөн тэрбумаас бол сар бүр 80 сая төгрөг унагаана гэсэн үг биз. Жилийн дотор 100 саяаас 24 сая, дөрвөн тэрбумаас 960 саяыг олох нь байна. Онолын хувьд энэ хоёр дарга байж болох ч амьдрал дээр банк, даатгалын газар хоёрын ня-бо зэрэг бас бус хүмүүс \ мөнгө угаагдаж байгааг мэдэх боломжтой албан тушаалтнууд \ оролцож л байж хийгддэг тухай хуулийн хүмүүсээс сонссон. Өөрөөр хэлбэл тэрүүхэндээ үгссэн сүлжээ зохион байгуулж таарна. МАХН \ одоогийн МАН-ыг хэлж байна \ -ын залуус \ тэдний дотор одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орсон \ Хадгаламж банкнаас 14 тэрбум гаруй төгрөг хулгайлаад “мөрийтэй тоглосон”-той зүйрлэвэл ч бага мөнгө л дөө. Гэхдээ л зүгээр өнгөрөөж болохооргүй мөнгө олдог арга мөн. Мөнгө унагааж болох өөр нэг арга нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд байгууллага, иргэдээс шүүхийн шийдвэрээр хурааж авсан барилга байшин, эд хөрөнгийг худалдаж олсон орлогыг нуун дарагдуулах, буруу мэдээлэх, үнэ хядмруулж өөрсдөө завших зэрэг ордог. Энэ хэргээр шийтгүүлж байсан дарга нар ч бий. Энэ хоёрын аль нь ч байлаа, тэр тусмаа эхний хэлбэр мөн бол дарга ня-бо хоёр үгссэн байх магадлалтай. Гагцхүү банк \ Чингис хаан \ талаас захирал ганцаараа баривчлагсан нь ямар учиртайг бүү мэд. Ийнхүү уг баривчилгааны тухай учир мэдэх эх сурвалжуудаас лавлав. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын Сангийн мөнгийг л угаасан бололтой гэнэ. Угаах угаахдаа бүр 2006-2007 оны үеээс л эхэлсэн байх магадлалтай бололтой юм. Одоохондоо шалгаж эхлээд байгаа бөгөөд цаашаа лавшрах тухай ч яригдаж буй гэх. Чингис хаан Банк анх байгуулагдсан үеэсээ л Оросын мафийн мөнгийг угаадаг банк хэмээн хэвлэлээр бичигдэж байсантай ч холбогдож болзошгүй. Шалгалт цааш лавшран бүр Монгол Улсын Нийгмийн Даатгалын Газар, Чингис Банкны төв гээд үргэлжлэхийг үгүйсгэхгүй байлаа. Эдийн засгийн цагдаагийнхан том сүлжээний үзүүрээс атгаад авсан нь үнэн болж таарлаа. Дарханыхан бол зөвхөн жараахайнууд гэнэ. Тэр дотроо Дарханы Нийгмийн Даатгалын Хэлтсийн дарга Баяраа гэгч нь Ардчилсан Намын партизан байсан нөхөр учир хамгийн түрүүнд золиослогдох байх гэсэн яриа ч дуулдана. Мөнгө идсэн бол партизан байна уу, шинэ цэрэг байна уу ялгаа юу байхав. Гурав дахь Ерөнхийлөгч хүртэл яллагдагч болчихоод шоронд сууж байхад. Харин даатгалын ня-бо нь Чингис хаан банкны захиралын ойрын хамаатан гэнэ. Учиртай л сүлжээ байх нь . Цагдаагийнхан зөв л үзүүр атгасан бодлолтой. Гагцхүү барьж авсан үзүүрээ л тавихгүй хөөх нь чухал юм даа.

Олхонууд ШААБАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш