logo
“Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал: Сэтгүүл зүйн салбарын үнэт зүйл нь хараат бус байдал

“Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал: Сэтгүүл зүйн салбарын үнэт зүйл нь хараат бус байдал

2012/05/03
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Глоб интернэшнл” ТББ, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Шинэ дуу хоолой: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өчигдөр зохион байгууллаа. Өнөөгийн хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцахаар “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалыг “Өглөөний зочин” буландаа урьсан юм.

-Маргааш болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Монголд Хэвлэлийн эрх чөлөө байна уу гэдэг асуултаар яриагаа эхэлмээр байна?
-Баярлалаа. Өнөөдөр Монголд хэвлэлийн эрх чөлөө байгаа эсэх талаар гадны шинжээч байгууллагуудын дүгнэлтийг эхлээд хэлмээр байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний газрын зургийг гаргаж, индекс тогтоодог “Лейдэн хаус” гэдэг байгууллага байдаг. Энэ байгууллагын дүгнэлтээр манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтдаг. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагын индексээр хэвлэлийн эрх чөлөөний мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд орсон. Жагсаалтаар 2010 онтой харьцуулахад 2011 онд 76-гаас хойшилсон байгаа. Мэдээж үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч Г.Чулуунбаатарыг дөрвөн сар саатуулж хорьсон. Энэ явдал дээрх индекст нэлээд нөлөөлсөн байх.
-Тэгвэл монголчууд маань хэвлэлийн эрх чөлөөг өөрсдөө хэрхэн үнэлж, дүгнэж байгаа бол?
-Зарим хэсэг нь Монголд хэв­лэлийн эрх чөлөө байгаа, хүссэнээ ярьж, хэлж чаддаг гэдэг. Нөгөө хэсэг нь байхгүй гэдэг бол үлдсэн хэсэг нь хязгаарлагдмал гэсэн үнэлэлт өгдөг. Мэдээж Монголд хэвлэлийн эрх чөлөө бүрэн утгаараа хэрэгжээгүй. Эрх зүй, улстөр, санхүүгийн хүчин зүйлүүд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл сэтгүүлчдийн хараат бус байх, иргэд үнэн зөв мэдээлэл авахад хамгийн их саад болж байгаа зүйл нь редакцийн цензур.
Хэдийгээр энэ цензур буюу цагдаагийн хяналтыг хуулиар хязгаарласан ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлөөр дамжиж ирээд байгаа юм. Манайд хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөгчид нь улстөрч, өндөр албан тушаалтнууд, эсвэл улстөрч, эрх мэдэлтнүүдтэй ойрын хэлхээ холбоотой бизнесмэнүүд байдаг. Тиймээс редакцид нэлээд нөлөө үзүүлдэг.
-Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллагыг тэрнийх, энэнийх гэж ярьдаг. Тэгэхээр редакцийн цензурээс гарах боломж ер нь бий юу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн салбарын хамгийн үнэт зүйл нь хараат бус байдал. Бид хараат бус байдлаа нийтлэг эрх ашиг гэж үзээд, үнэн бодит мэдээллийг хүсч буй иргэдтэй хамтарч ажилласнаар редакцийн цензуртэй тэмцэх хэрэгтэй.
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг эрх баригчдаас өгдөг бэлэг биш. Аливаа эрх чөлөөний төлөө хүмүүс нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, лоббидох маягаар тайван аргаар хүргэдэг. Тиймээс хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөгч, редакцийн хооронд сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээг хүндэтгэнэ гэсэн зохицуулалтын бичиг баримт байх ёстой. Харамсалтай нь Монголд энэ зохицуулалтын тогтолцоо, үйлдвэрчний эвлэл ч байхгүй учраас дээрх бичиг баримтыг үйлдэх, хийсэн гэрээгээ хүндэтгэдэг соёл байхгүй.
Мөн санхүүгийн эрх чөлөөтэй байснаар улстөрийн эрх чөлөөтэй байна гэсэн үзэл санаа байдаг. Гэтэл манай хэвлэл мэдээллийн жижиг зах зээлд олон тооны байгууллага ашигтай ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь анхаарал татсан асуудал л даа. Угаасаа шингээх чадваргүй зах зээлд оршин тогтнох чадвар муу учраас хурц, ширүүн өрсөлдөөнийг давахын тулд редакци ямар ч хамаагүй аргаар мөнгө олох шаардлага гардаг. Үүний төлөө зарим үед ёс зүйгүй, хууль бус зүйлүүдийг ч хийж байгаа. Энэ нь төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг гэх зэргээр илэрч чөлөөт мэдээллийн эрх чөлөөг нэлээд хязгаарлаж байгаа.
-Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдахаас гадна сэтгүүлчийн мэргэжлийн эрх зөрчигдөх явдал ч багагүй гардаг шүү дээ. Үүнийг хэрхэн таслан зогсоох вэ?
-Сэтгүүлчдийн дунд мэргэжлийн эрхийн зөрчил гарсаар байгаа. 2005 оноос хойш зөвхөн манай байгууллагад 220 зөрчил бүртгэгдсэн. Өнгөрсөн онд 33 сэтгүүлч бүртгүүлсэн. Энэ бол зөвхөн манай байгууллагад бүртгүүлсэн тоо. Тэгэхээр өөр байгууллагад хандсан, эсвэл бүр хандаагүй хэд хэчнээн сэтгүүлч байгааг мэдэхгүй. Гэхдээ салбартаа ажилласан туршлагаа үндэслээд харахад дээрх тоо нэлээд өссөн гэж бодож байгаа.
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн салбарт том группүүд бий болж, төвлөрч байна. Үүний үр дүнг дүгнэж үзэв үү?
-Хэвлэл мэдээллийн төвлөрлийн асуудал дэлхий нийтийн анхааралд байдаг асуудал. Тухайлбал дэлхийг хамарсан сүлжээтэй “Мардок” гэж байгаа шүү дээ. Энэ мэтчилэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төвлөрлийг хязгаарлах эрх зүйн хандлага бий болоод байгаа. Маш олон орон дээрх хязгаарлалтыг хийгээд эхэлсэн. Яагаад ийм арга хэмжээ авч байна вэ гэхээр олон мэдээллийн хэрэгсэл нэг хүний гарт төвлөрөхөөр олон ургальч үзлийг боомилж эхэлдэг. Тиймээс энэ төвлөрлийг хязгаарлах хуулиуд бий болж байна.
Манай хуулиудад дээрх хязгаарлалтыг хийх эрх зүйн зохицуулалтууд бий. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд компанийн бүртгэлтэй байдаг. Ингэснээр ашгийн төлөөх компанид тавигддаг бүх шаардлага тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавигдана гэсэн үг. Тухайлбал компанийн засаглал, ил тод байдал, өрсөлдөөний тухай хууль гэх зэргээр зохицуулсан хуулиуд үйлчлэх ёстой юм. Харамсалтай нь Монголд хууль маш муу хэрэгждэг учраас өрсөлдөөн болон төвлөрлийн асуудлаар хэрэг үүсгэж, шүүхэд хэлэлцэгддэг үйл явц тогтоогүй л байна.
Эндээс харахад манайд хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульч огт байдаггүй. Тиймээс хэвлэл мэдээллийн эрх зүйг тусад нь салбар болгон хөгжүүлэх ёстой гэж би боддог. Бусад оронд Иргэний эрх зүй гэдэг шиг тусдаа салбар болон хөгжөөд, олон хуульч хүчээ сорьдог болсон. Ингэсэн цагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдөө эрх ашгаа хамгаалах, сэтгүүлч, редакцийн хоорондын асуудал, хамтын гэрээ зэргийг зохицуулах боломжтой.
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ удаа “Шинэ дуу хоолой: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах нь” сэдвийн дор тэмдэглэхээр болсон. Хязгаарлагдмал эрх чөлөөтэй хэвлэл мэдээллийн салбарынхан нийгэмд өөрчлөлт оруулж чадаж байна уу?
-Хэвлэл нийгмийн хөгжилд асар их хувь нэмэр оруулж байгааг би үгүйсгэхгүй. Ардчилсан хөдөлгөөн Монголд анх үүсч байхад ч дэмжиж, манлайд нь явж байсан хүмүүс бол манай сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн байсан.
Бид хувь нэмрээ оруулахын зэрэгцээ нийгмээ хөтөлж явж чадаж байна уу гэдэг нь өөр асуудал. Дөрөв дэх засаглалынхан хяналтын үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл хяналт гэдэг маань үүргийн биелэлт шүү дээ. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг нь олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээллийг өгөх шүү дээ.
Нэгэнт ард түмний гарт засгийн бүх эрх мэдэл бий. Өөрийгөө төлөөлүүлж хэн нэгнийг сонгож байна, өөрийнхөө халааснаас төрийн байгууллагуудыг санхүүжүүлж байна. Тэгэхээр намайг төлөөлж, надаас цалин авч байгаа хүн ажил үүргээ гүйцэтгэж чадаж байна уу гэдэгт хяналт тавих ёстой. Гэвч ч хүн бүр өөрсдөө хяналт тавих боломжгүй. Тиймээс тэрхүү итгэл найдвараа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгдөг.
Харин хэвлэл мэдээллийнхэн засаглалын бүх салбартай харилцахдаа хяналт тавих тогтолцоо үүсгэх ёстой. Гэтэл өнөөдөр тэгж чадахгүй байна. Хүчирхэг биш учраас улстөрд дөрлөгдчихөөд хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш