logo
Обама афганистанд гэнэтийн айллчлал хийлээ

Обама афганистанд гэнэтийн айллчлал хийлээ

2012/05/03
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мягмар гарагт Афганистанд гэнэтийн айлчлал хийлээ. Айлчлалын гол зорилго нь стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах явдал байв.
Уг гэрээнд заасны дагуу АНУ Афганистаны нийгэм болон эдийн засгийн хөгжлийг дэмжих үүргийг хүлээх бөгөөд мөн 2014-2024 оны хугацаанд тус улсын аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах юм. Энэ нь Америкийн цэргүүд 2014 оноос хойш ч тус улсад үлдэнэ гэсэн үг юм. Афганистанд үлдэх цэргүүдийн гүйцэтгэх гол үүрэг нь тус улсын хүчний байгууллагын ажилтнуудыг сургах, түүнчлэн "Аль-Каида" байгууллагын гишүүдийг устгах ажиллагаанд оролцох явдал ажээ.
Гэрээ ёсоор, АНУ Афганистанд байнгын бааз байрлуулахгүйгээс гадна афганы суурингуудад гэнэт нэвтрэн, ажиллагаа явуулахаа зогсоох юм. Мөн тус улс Афганистаныг НАТО-гийн гишүүн бус орнуудын дотроос гол холбоотон улс гэдгийг гэрээнд заасан байна.
Обамагийн хэлснээр, тус улсын нутаг дэвсгэр Афганы аюулаас хамгаалах хүчний бүрэн хяналтад орох "шилжилтийн үе"-ийг дээрх гэрээгээр зохицуулж байгаа юм. Тэрбээр Баграм дахь агаарын цэргийн баазад байрлаж байгаа Америкийн цэргүүдэд хандан үг хэлжээ.
Обама Ерөнхийлөгчийн үүрэгт ажилд орсноосоо хойш гурав дахь удаагаа Афганистанд айлчлал хийж байгаа бөгөөд энэ удаагийнх нь Усама бен Ладеныг устгасны нэг жилийн ойтой давхцаж байгаа юм.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш