logo
Мусульман болон мормон шашинт америкчуудын тоо өссөөр байна

Мусульман болон мормон шашинт америкчуудын тоо өссөөр байна

2012/05/03
Америкт мусульман болон мормон шашинтнуудын тоо өсөх хандлага ажиглагдаж байгаа бол протестант болон католик шашинтнуудын тоо буурч байгаа гэнэ. Ийм дүгнэлтийг "Америкийн шашны статистикийн холбоо"-ны судлаачид 2000-2010 оны хоорондох АНУ-ын шашны бүтэц дэх өөрчлөлтийн талаарх илтгэлдээ хийсэн байна.
Судалгаанаас үзвэл, 2010 онд АНУ-д 2,6 сая исламын сургаалыг баримтлагчид амьдарч байсан бол энэ тоо 2000 онд ердөө 1 сая байжээ. Мусульманчуудын тоо ихэвчлэн Баруун Дунд мужуудад өссөн бөгөөд харин Өмнөд мужуудад еврейчүүдийн тоо өсчээ. Америкт лалын шашинтнуудын тоо ийнхүү өсөн нэмэгдэж байгаа нь цагаачлал болон бусад шашнаас шинээр шүтлэгтнүүд орж ирж байгаатай холбоотой гэж илтгэл бэлтгэхэд оролцсон судлаач Дейл Жонс ярьжээ.
Харин христэд итгэгчид Америкийн бүх муж улсад тархсан томоохон шашны бүлэг хэвээр байна. Христийн шашинтнуудаас мормон урсгалыг баримтлагчдын тоо харьцангуй өсчээ. Мормон урсгалыг баримтлагчдын тоо 2000-2010 оны хооронд 45 хувиар өсч, 6,1 саяд хүрсэн байна.
Тэгвэл католик шашинтнуудын тоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд 5 хувиар буурч, 58,9 сая болжээ. Мөн протестант шашинтнуудын тоо буурсаар байна. Харин баптистуудын тоо 19,9 сая хэвээр байгаа бол методистуудын тоо 4 хувиар буурч 9,9 сая, лютерын шашинд итгэгчдийн тоо 18 хувиар буурч 4,2 сая болжээ.
Харин Буддын шашныг шүтдэг 1 сая орчим хүн байгаа бөгөөд тэдний тоо өсөн нэмэгдсээр байгаа гэнэ.
Илтгэлд тэмдэглэснээр, Америкчуудын 55 орчим хувь нь шашны цугларалтад байнга очдог бол 158 орчим сая нь ямар ч шашин шүтдэггүй байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш