logo
9-13 хүний бүрэлдэхүүнтэй тойргийн хороонд нийт  260 орчим төрийн албан хаагч ажиллах нь

9-13 хүний бүрэлдэхүүнтэй тойргийн хороонд нийт 260 орчим төрийн албан хаагч ажиллах нь

2012/05/04
Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн  тойргийн хороо байгуулах асуудлыг өчигдөр  болсон Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар хэлэлцжээ.
Хуульд заасны дагуу тойргийн хороодод зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг ажиллуулах бөгөөд  аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн судалгааг  үндэслэн ийнхүү тойргийн хороодыг байгуулжээ. Тойргийн хороог  9-13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж тэдгээрт нийт  260 орчим төрийн албан хаагч ажиллахаар байна.
Мөн өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л.Амарсанаа  хуульд заасан хугацаанд нь  сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор хүргүүллээ.
Тус газрын цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн үед бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин сууга газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлтийг тусган сонгогчдын нэрийн жагсаалтыг 26 тойрог, 1908 хэсгийн хороогоор гарган цаасан болон цахим хэлбэрээр ийнхүү Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор  хүлээлгэж өгчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш