Балбын вант улсад бямба гаригт болсон усны үерээс болоод 13 хүн амь насаа алдснаас гурав нь гадаадын иргэн байжээ. Хэдэн арван хүн сураггүй алга болсон байна. Гадаадынхан их ирдэг Покхара хотын ойролцоо их ус бууж Сети голын усны түвшинг эрс нэмэгдүүлснээс болж гамшиг учирсан байна. Балбын вант улсад жил бүр борооны улиралын үеэр болдог хөрсний нуралт, усны үерээс болж хэдэн зуун хүн амь насаа алддаг юм. Энэ улсад борооны улирал 6-р сараас 9-р сарыг дуустал үргэлжилдэг аж. Амь үрэгдсэн гадаадын иргэд бүгд Украйны жуулчид байсан гэж эх сурвалж мэдээлж байна.