Ашигт малтмалын хуулинд компаниуд ашиглалт явуулах талбайдаа археологийн судалгаа явуулах үүрэгтэй. Уул уурхайн лиценз авч, олборлолт явуулж байгаа олон байгууллага бий. Тэдний ердөө 50 гаруйхан нь археологийн хүрээлэнгээр судалгаа хийлгэжээ. Хамгийн үлгэр жишээч нь “Айвенхоу Майнз”. “Айвенхоу Майнз” компанийн ерөнхий геологич Д.Гарамжав Оюутолгойн ордоос эртний чулуун зэвсэгүүдийг олжээ. Энэ олдвор нь Монголын төмөрлөгийн түүхийг бичихэд маш чухал үнэтэй баримт болж байгаа ажээ. Мөн хүрэл зэвсгийн үед зэс хайлуулж байсан янз бүрийн зуухнууд олджээ. Судалгаа хийж байсан Японы эрдэмтэд “Ийм сайхан олдвор байх гэж” хэмээн шагширч байсан гэнэ. Тавантолгойн орд дээр археологийн олон дурсгал байгаа ажээ. Археологийн судалгаа хийгээгүйгээс эртний ховор олдворууд ихээр сүйдэж байгаа ажээ. Канадын “Каскада” компани Ноён уулын орчимд үйл ажиллагаа явуулж байснаа гэнэтхэн нэг өдөр лицензээ өөр компанид зараад явчихсан гэнэ. Гэтэл тэнд Ноён уулын дэлхийд гайхагдсан Хүнүгийн булш байжээ. Хөшөөтийн уурхайг эзэмшдэг “Мон Эн Ко” компани Улсын мэргэжлийн хяналтын шахалтаар археологичид аваачиж, хайгуул хийлгэж байгаа ажээ. Гадны эрдэмтэн судлаачид манай түүхэн дурсгалууд устаж буйд эмзэглэдэг гэнэ. Төв аймгийн Заамарын гүүрнээс Дархан-Уул аймаг хүртэлх олон голын хөндийд сүүлийн 15 жилийн турш гадаад, дотоодын 50 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа эртний үнэт дурсгалуудыг устгажээ. Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн амны уурхайн талбайгаас хэд хэдэн эртний хүний яс гарсан боловч талбайг бульдозероор тэгшилж дурсгалуудыг ямарч баримтгүй болгожээ. Хамгийн гол нь гадаадын том компаниудад ажиллаж байгаа монгол инженерүүд өөрсдөө Монгол орныхоо түүхэн дурсгалт газруудыг авран хамгаалахад санаа тавих хэрэгтэй байна.
Ц.Баяр www.shuum.mn
Ц.Баяр www.shuum.mn