logo
Төрийн байгууллагууд хувийн компаниас хандив авахыг зогсоох нь  гэж зүйтэй

Төрийн байгууллагууд хувийн компаниас хандив авахыг зогсоох нь гэж зүйтэй

2012/05/09
Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн хурал өчигдөр Төрийн ордонд болж тус зөвлөлийн дарга, Ерөнхий сайд С.Батболд хурлыг нээн үг хэлжээ. Тэрбээр, Манай Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд тус санаачилгын олон улсын баталгаажуулалтад орж, санаачилгыг хэрэгжүүлэх “нэр дэвшигч” орон байснаа 2010 онд “хэрэгжүүлэгч” дэлхийн 4 дэх орон болсон гэдгийг тэмдэглээд Үндэсний зөвлөл 3 удаагийн тайлан гаргасан бөгөөд энэ удаагийн хурлаараа  5 дахь тайлангаа хэлэлцэж байна гэжээ.
Тайлан гаргаж байгаа болон тайланд хамрагдаж байгаа компанийн тоо жилээс  жилд нэмэгдэж байна. 2006 оны нэгдсэн тайланд 25 компани хамрагдаж байсан бол энэ удаагийнханд 101 компани орсон. Мөн тайлангаар илэрч байгаа зөрүү жилээс жилд багасч байна. Энэ бол Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг Монголд Улсад хэрэгжүүлж байгаагийн бодит үр дүн, сайн үзүүлэлт юм хэмээн онцолжээ.
Үндэсний зөвлөлийн гишүүдийнхээ санал, зөвлөмжийг сонссоны дараагаар Засгийн газрын тэргүүн С.Батболд дараах зүйлүүдийг даалгавар болгож анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. Ингэхдээ төрийн байгууллагууд ой, баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэхдээ хувийн компаниудаас хандив авахыг зогсоох нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлоод энэ талаар асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна. Харин цэцэрлэг, сургууль, соёлын төв зэрэг нийгмийн салбарт өгсөн хандивыг иргэдэд ил тод зарлаж мэдээлж байх шаардлагатайг сануулсан байна.     
Мөн уул уурхайн салбарт лицензийн наймаа хэмээн газар авдаг, хайгуулын ажлыг зохих ёсоор гүйцэтгэлгүйгээр зөвхөн лиценз нэрээр наймаа хийдэг хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой гэж мөн хатуу анхааруулжээ. Үүний тулд өнөөдөр сул чөлөөтэй лицензгүй, орон нутгийн тусгай  хэрэгцээнд байгаа бүх газрыг Засгийн газрын нөөцөд авч, цаашид гагцхүү УИХ-ын шийдвэрээр Үндсэн чиглэлийн дагуу нөөцөөс гаргаж байх арга хэмжээ авах нь зүйтэй гэж тэрбээр тэмдэглэжээ.
Засгийн газрын тэргүүн энэхүү хуралдааны үеэр Ашигт малтмалын газрын шинэ дарга Г.Алтансүхэд тусгайлан үүрэг өгчээ. Ашигт малтмалын газарт бүтцийн өөрчлөлт хийж, ёс зүйтэй, хууль эрхзүйн хүрээнд ажиллах чадвартай хүмүүсийг ажиллуулахыг даалгаад Ашигт малтмалын газар авилгад өртөмтгий, элдэв хэл аманд байнга орооцолдож байдаг. Үүнийг цэвэрлэх арга бол ёс зүйтэй, хуулийн мэдлэгтэй хүмүүсийг сонгон ажиллуулах юм гэв.
Гол усны эх бүрэлдэх газар, ой модны сав газар ашигт малтмал олборлохыг хориглох хуулийн хэрэгжилт удаашралтай байгаа. Ирэх долоо хоногт асуудлыг Засгийн газрын хуралд танилцуулж эхний 240 гаруй лицензийг цуцлах, стратегийн ач холбогдолтой орд газруудын нэмэлт жагсаалтыг ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн барихыг үүрэг болгосон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш