logo
Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо

Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо

2012/05/10
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, генерал М.Ганхүү нараас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдлын талаар танилцуулга сонсчээ.
Ерөнхий сайд С.Батболд төрийн тусгай хамгаалалтад байгаа Н.Энхбаярын биеийн байдлын талаар удаа дараа танилцуулга сонсож, дээрх хүмүүст үүрэг даалгавар өгч байгаа аж.  
Үүний дагуу Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд урьдчилан хорих газарт очиж түүнд  хоёр удаа явуулын үзлэг шинжилгээг хийлгэсэн юм байна. Энэ үндсэн дээр Эрүүл мэндийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай байгаа тухай хүсэлт гаргаснаар түүнийг Нэгдсэн Хоёрдугаар эмнэлэгт авчирсан байна.
Эмнэлэгт ирснээс нь хойш нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг Ерөнхий сайд С.Батболд үдээс хойш дахин тодруулж сонсоод Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн байдалд үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг  Эрүүл мэндийн сайд, ШШГЕГ-ын дарга болон Төрийн тусгай хамгаалалтын удирдлагуудад үүрэг болгожээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш