logo
Сая төгрөгийн олголт удааширч байгаад орон нутгийн иргэд бухимдаж байна

Сая төгрөгийн олголт удааширч байгаад орон нутгийн иргэд бухимдаж байна

2012/05/10
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймгийн Хөлөнбуйр, Булган, Цагаан овоо, Сэргэлэн, Чойбалсан сумдуудад өнгөрсөн хоногт буюу энэ сарын 7-8-ны өдрүүдэд ажиллаж, иргэдтэй уулзжээ.
НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр Засгийн газар болон НХХЯ-наас гарч байгаа бодлого шийдвэр, хууль тогтоомжийн талаар ард иргэдэд мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. НХХЯ-ны хувьд өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын болон халамжийн бодлогын хүрээнд шинэчлэлтэй олон асуудлыг шийдэхийн зэрэгцээ “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн хийж төлөвлөсөн цөөнгүй ажил байгаа талаар салбарын дэд сайд Н.Номтойбаяр уулзалтынхаа эхэнд хэлсэн.
Хүний хөгжил сангаас өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогдох нэг сая төгрөг, хувьцаа, тэтгэврийн нэмэгдэл гээд иргэдийн хувьд үнэн зөв мэдээллийг авах гэсэн хүлээлт үүссэн нь харагдаж байсан юм. Харин салбарын дэд сайд энэ талаар хэлэхдээ “Энэ нэг сая төгрөг хуулийн хугацаандаа буюу ирэх зургаан сардаа багтаж олгогдоно гэдгийг хэлмээр байна. Та бүхэн минь тайван хүлээцтэй байх хэрэгтэй. Манай яамны зүгээс хариуцсан бүртгэлийн ажлаа дуусгасан, Сангийн яамыг шахаж байгаа, харин сангийн яам “Эрдэнэс MGL” компанийг шавдуулж байна” гэсэн юм.
Хэдхэн хоногийн өмнө хуралдсан Засгийн хуралдаанаар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180.300, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 145.200, дундаж тэтгэврийн хэмжээг 175 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүллээ.
Үүнээс гадна халамжийн тухай хуулийн хүрээнд алслагдсан сумдын иргэдэд хүнс тэжээлийн талон олгох хөтөлбөр ямар шатандаа яваа, мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ зэрэг олон асуудлын талаар НХХ-ийн дэд сайд мэдээлэл өгсөн.
Дээрх таван сумдын иргэдийн хувьд гол сонирхож байсан зүйл нь өндөр настан, өрхийн хөгжлийг дэмжих, хөдөөнөөс хот руу нүүдэллэх шилжилт хөдөлгөөнийг бууруулах асуудлуудыг хөндөн ярьж байсан юм. Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх сая төгрөг олгогдохгүй, халамжийн чиглэлээр олгогдож байгаа хүнсний талон эзнээ олж зорилтот бүлэгтээ хүрэхгүй байгаа талаар иргэд гомдоллож байсан. Тиймээс НХХ-ийн дэд сайдын тус аймагт ажиллаж, иргэдтэй уулзсан нь цаг үеэ оллоо гэж дээрх сумдын иргэд хэлж байв. Төрийн бодлого шийдвэрийг засаг захиргааны анхан шатны нэгжүүд хэрхэн хэрэгжүүлж, иргэдэд оновчтой хүрч байгаатай Засгийн газрын гишүүн ийнхүү танилцсан. НХХ-ийн дэд сайд ажлын хэсгийнхнийхээ хамтаар тус аймгийн Баян-Уул, Баяндун сумын иргэдтэй өнөөдөр уулзаж цааш Дашбалбар, Чулуунхороот, Хэрлэн сумдад ажиллана.
Н.Туяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш