logo
МАГАТЭ-гийн шинжээч Иранд осолдов

МАГАТЭ-гийн шинжээч Иранд осолдов

2012/05/10
ТЕГЕРАН. /АП/. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ ажилтан Иранд автомашины ослоор амиа алдсан тухай тус улсын цөмийн эрчим хүчний байгууллагын хэвлэлийн алба мэдээлснийг Фарс Ньюс агентлаг уламжилжээ. Осол Арак хотоос холгүй орших хүнд ус үйлдвэрлэдэг "Хандаб" цогцолборын дэргэд болсон байна.
Ираны эрх баригчдын мэдээлснээр, машин онхолдож өнхөрчээ. Машинд хоёр шинжээч явсны нэг болох Өмнөд Солонгосын мэргэжилтэн Ок Сеок Се амиа алдаж, нөгөө шинжээч нь гэмтсэн байна.
Арак хотод цөмийн туршилт явуулдаг цогцолбор байдаг аж. Тус хот дахь реакторыг зөвхөн энхийн зорилгоор ашиглана гэж Ираны эрх баригчид нотолдог юм. Гэвч боловсруулсан түлшийг цөмийн цэнэгт хошууны плутони үйлдвэрлэхээр дахин боловсруулдаг байх гэж МАГАТЭ сэжиглэдэг байна.
Тавдугаар сарын 13-нд Вена хотноо Ираны цөмийн хөтөлбөрийн талаар тус улс болон МАГАТЭ-гийн хооронд хэлэлцээ болно. Үүний сацуу Тегераны төлөөлөгчид Орос, Их Британи, Герман, Хятад, АНУ, Франц улс оролцсон олон улсын зуучлагчидтай уулзах аж. МАГАТЭ эдгээр зургаан улсын тэргүүн нартай хамтран уран баяжуулах судалгаагаа түр зогсоохыг Иранаас шаардаж байгаа юм. Гэвч энхийн атом Ираны хүн амыг эрчим хүчээр хангахад хэрэгтэй гэж Тегеран мэдэгдэж байгаа билээ.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш