logo
0-16 насны хүүхдүүд төрсний гэрчилгээгээрээ эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо

0-16 насны хүүхдүүд төрсний гэрчилгээгээрээ эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо

2012/05/11
Нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчидад даатгалын үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалд даатгуулсныг гэрчлэх баримт бичгийг шинэчлэх, сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлжээ.
Энэхүү ажлын хүрээнд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шинэчлэх ажлыг эхлүүлж эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэдийн даатгалын гэрчилгээг бусад албан ёсны баримт бичигтэй хамтатгах мөн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 16 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг төрсний гэрчилгээтэй адилтган үздэг болох асуудлыг Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 05 сарын 08-ны өдрийн хуралдаанд оруулж шийдвэрлүүжээ.
Дээрх шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд шинээр төрсөн хүүхдүүдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг олгохгүй бөгөөд өмнө нь даатгалын гэрчилгээгээ гээсэн болон дахин авч чадаагүй байгаа 0-16 насны хүүхэд гэрчилгээ дахин авалгүй төрсний гэрчилгээгээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Ийнхүү дээрх шийдвэр гарснаар 0-16 насны хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тулгардаг шат дамжлага багасаад зогсохгүй иргэдийн ажил хөнгөвчлөгдөх боломж бүрдэх юм.  Үүнээс гадна эрүүл мэндийн дэвтэрт зарцуулдаг байсан хөрөнгийг эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний төлбөр, санхүүжилтэнд хуримтлуулах боломжтой болно гэж үзэж байгаа төдийгүй эрүүл мэндийн дэвтрээс татгалзаж эхэлсэн энэ шийдвэр нь нийгмийн даатгалын үйлчилгээ цааснаас татгалзаж, нэгдсэн цахим бүртгэлд шилжих зорилтын суурь бэлтгэл тавигдаж байгаагийн эхлэл гэж хэлж болох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш