logo
II эмнэлгийн эмч өлсгөлөнг зогсоох шаардлагатай байна гэлээ

II эмнэлгийн эмч өлсгөлөнг зогсоох шаардлагатай байна гэлээ

2012/05/11
Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын даргаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Намбарын Энхбаярын эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл авч анхаарал тавих үүргийг НББСШУ-ны байнгын хорооны дарга А.Тлейханд өгсөн билээ. Үүний дагуу өчигдөр үдээс хойш Байнгын хорооны дарга А.Тлейхан Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Клиникийн II нэгдсэн эмнэлгийн захирал Г.Баясгалан нарын мэдээллийг сонслоо.
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өгсөн мэдээлэлдээ, хуурай өлсгөлөн зарлаад байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар Эрүүл мэндийн яамнаас хоёр удаа тушаал гаргасныг дурдав. Эхний удаад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч Ажлын хэсэг байгуулсан аж. Ажлын хэсэг газар нь дээр үзлэг шинжилгээ хийж дүгнэлтээ гаргасан байна. Энэ дүгнэлтийг холбогдох газруудад албан ёсоор мэдэгджээ. Мөн хугацаа алдахгүй эмчилгээ үйлчилгээ, үзлэг шинжилгээ явуулах зорилгоор хоёр дахь Ажлын хэсгийг байгуулсан гэнэ. Энэ нь өмнөх ажлын хэсгийг өргөтгөж төрөлжсөн нарийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх багаж тоног төхөөрөмжтэй үзлэгийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги дээр очиж зохион байгуулжээ. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээнүүд авагдаж одоо Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Эрүүл мэндийн яамны харьяа Клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлэгт шилжин эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хяналтан дор байгаа гэлээ. Мөн 461-р ангид байхдаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хяналтан дор байжээ. Одоо хууль эрх зүйн хүрээнд зохих арга хэмжээ авагдаж байна гэв.
Харин Клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлгийн захирал Г.Баясгалан өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа гээд гол нь өлсгөлөнг ямар нэгэн байдлаар зогсоох шаардлагатай, яагаад гэвэл биед гарч байгаа өөрчлөлтүүд, гарч байгаа хүндрэлүүд цэвэр өлсгөлөнгөөс шалтгаалж буй учир өлсгөлөнг ямар нэгэн байдлаар зогсоох нь чухал байна гэлээ.
Байнгын хорооны дарга А.Тлейхан, энэ нь хүний амь настай холбоотой учраас хууль дүрмийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч, ажлаа эрчимжүүлэн анхаарал тавьж ажиллах үүрэг чиглэл өгөв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш