logo
Тайландын хатан хааныг доромжилсон хэрэгт буруутгагдан хоригдож байсан эр нас баржээ

Тайландын хатан хааныг доромжилсон хэрэгт буруутгагдан хоригдож байсан эр нас баржээ

2012/05/11
Тайландын хатан хаан Сиркитийг доромжилсон утгатай мессеж бичсэн хэрэгт буруутгагдаж, 20 жил хоригдох ял сонсоод байсан 61 настай Амфон Тангноппакул шоронд нас барсан тухай түүний өмгөөлөгч нар мягмар гаригт мэдээлжээ. Үүний дараа Бангкок хотын Эрүүгийн шүүхийн гадна түүнийг дэмжигчид цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
"Uncle SMS" буюу Авга Мессеж нэрээр олонд танигдаад байсан Амфон ялаа эдэлж эхлээд хэдхэн сар өнгөрч байсан байна. Ходоод нь өвдсөн учраас түүнийг өнгөрөгч баасан гаригт эмнэлэгт хүргээд байжээ.
Амфонтой холбоотой хэрэг Тайландад хааны гэр бүлийнхнийг доромжилсон хэрэгт буруутгагдсан хүмүүст хатуу ял оноож байгаа талаар дахин ширүүн маргаан дэгдээсэн юм.
Тэтгэвэртээ гарсан тээврийн жолооч болох Амфоныг 2010 оны наймдугаар сард баривчилсан бөгөөд түүнийг гар утас ашиглан засгийн газрын албан тушаалтан руу хатан хааныг доромжилсон утгатай дөрвөн мессеж бичсэн гэж буруутгажээ. 61 настай Амфон шүүх хурлын үеэр мессеж илгээгээгүй гэж мэдэгдсэн бөгөөд яаж мессеж бичихийг ч мэдэхгүй гэж мэдүүлсэн байна. Тэрээр мөн "Би хаанд хайртай" гэж хэлжээ.
Олон улсын зүгээс Тайландын эрх баригчдад хандан хааны удмынхныг доромжилсон хүнийг шийтгэх заалттай хуулийг шинэчлэхийг уриалсан ч тэд уриалгыг хүлээж аваагүй байна.
Тайланд нь үндсэн хуулийн хаант засагтай бөгөөд энэ улсын одоогийн хаан нь Пхумипон Адульядет юм. Тэрээр Тайландыг 1946 оноос хойш удирдаж байгаа аж.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш