logo
Өмнөд Солонгосын зарим иргэд хотоос

Өмнөд Солонгосын зарим иргэд хотоос "дайжиж" байна

2012/05/11
Хөл хөдөлгөөн ихтэй хот суурин газар амьдрахаас залхсан иргэд хөдөө шилжих нь нэмэгджээ. 53 настай Чон Ман-гү бол стресс ихтэй хотын амьдралыг орхиж хөдөө амар тайван амьдрахыг илүүд үзэж байгаа олон мянган Солонгосчуудын нэг юм. Samsung Electronics компанид эд анги нийлүүлдэг электроникийн компанид дээгүүр албан тушаал хашиж байсан тэрээр одоо Мунгён хэмээх жижиг хотод нэг акр талбайд жимс жимсгэнэ тарьж байна. Энэ нь өмнөх амьдралын хэв маягаас тэс өөр байгааг тэрээр хэлсэн байна. Чон ярихдаа "Би хотын амьдралыг огт үгүйлэхгүй байна, гэхдээ энд нүүж ирснээс хойш эхнэр маань хотын амьдралыг санагалзсаар байгаа, заримдаа пицца захиалж идэх юмсан гэж ярьдаг, гэхдээ би энд нүүж ирснээр эхнэртэйгээ хамт байх цаг хугацаа нэмэгдсэн, бидний харилцаа урьд нь хэзээ ч ийм ойр байсангүй" гэжээ. Чон хотод амьдардаг байхдаа жилдээ 90 сая воны орлоготой байсан байна. Харин хөдөө ирснээс хойш түүний орлого жилийн 20 сая вон болж буурчээ.  Гэхдээ тэрээр энэ орлого хангалттай гэж үзэж байна.
Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын томоохон хотуудад амьдардаг 10.500 гаруй гэр бүл хөдөө шилжсэн байна. Энэ улсын засгийн газар тэдгээр иргэдээ дэмжсэн бодлого явуулж, татварын хөнгөлөлт, санхүүгийн тусламж зэргийг олгож байгаа юм. Мөн газар тариалан, мал аж ахуй хэрхэн эрхлэх талаар сургалт зохион байгуулж, хөдөөний амьдралын талаар иргэддээ мэдлэг олгодог байна.
Гэхдээ энгийн тайван амьдралаар амьдрахын тулд тодорхой хэмжээний золиос гаргах хэрэгтэй. Шинэхэн фермерүүдийн ихэнх нь өндөр цалинтай ажлаа орхин байгалийн сайханд тайван амьдрахаар хөдөө иржээ.
1970, 80-аад оны үед буюу Солонгос улс үйлдвэржих явцад маш олон иргэн хот суурин газрууд руу эрчимтэй шилжсэн байна. Тэдний хүүхдүүд сайн боловсрол эзэмшиж, хотын иргэд болцгоожээ. Өмнөд Солонгос үсрэнгүй хөгжсөнөөр Сингапурыг эс тооцвол Азийн хамгийн их хотожсон улс болсон юм. Энэ улсын 50 сая гаруй хүн амын талаас илүү хувь нь Сөүл болон ойролцоох хот суурин газруудад аж төрж байна.
Азийн хөгжлийн банкнаас мэдээлснээр Азийн нийт хотуудын хүн ам 2030 он гэхэд 1.1 тэрбумаар нэмэгдэх аж.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш