Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд хэл ам, хэрүүл тэмцэл нэлээд өрнөж, улс төрийн хүрээнийхэн дор бүрнээ хөдөлгөөнтэй байна. Намуудын хооронд төдийгүй нэг нам дотроо уур бухимдалтай, өөр хоорондоо өрсөлдөн хөрвөж байх зуур хүний нэр төр гээч нь ёстой л уланд гишгэгдэн юу ч биш болж байгаа нь харамсалтай.
Зарим хэвлэлээр гарсан улс төрийн хоёр гол намын сонгуульд нэр дэвшигчдийг жагсааж, эрэмбэлсэн байдлыг харахад намын дарга, Ерөнхий сайд, намын ерөнхий нарийн бичгийн дарга, шадар сайд, УИХ-ын гишүүн гэхчлэн одоогийн төр, засгийн толгойд байгаа удирдагчид, улс төрийн зүтгэлтнүүдийн нэрс дурайна. Улсын Ерөнхийлөгч аснуудын нэр ч дээгүүр зоогдсон харагдана. Намууд тэднийгээ албан тушаалаар нь, алба хашиж буй эрэмбэ, цолоор нь голчлон дараалуулж, жагсаасан юм уу даа гэхээр.
Дэлхий нийтийн жишиг, дэвшилтэт арга хэлбэрийг сонголоо хэмээн манайхан хэлээд байгаа ч олны нэрлэх болсон “28”-ын гэгдэх тэрхүү намын жагсаалтад энэ удаа үнэхээр улс оронд маань хэрэгтэй, монгол төрийн бодлогыг зангидаад аваад явчих улс төрчид орж чадсан эсэхэд харин ард иргэд, сонгогчид эргэлзээд байгаа бололтойдог. Хэдийгээр урьдчилсан байдлаар жагсаалтын дүнг хэвлэлийнхэн олж авсан гэж байгаа ч дараа нь төдийлөн зөрөхгүй байх. Гэхдээ л нам, намын энэ цагийн лидерүүд гэгдэж буй хүмүүс тэрхүү намын нэрээр бичигдэх “лист”-д жагсчихаад л байгаа бололтой.
Намын жагсаалтаар сонгуульд нэр дэвшин орох хүмүүсийн нэрс ингэж нийтэд цацагдсанаас хойш олон түмний дунд янз бүрийн яриа хөврөх болжээ. Сонгуулийн холимог тогтолцооны шинэхэн элементээр хууль тогтоох байгууллагын төлөөллөө анх удаа сонгох гэж буй болохоор арга ч үгүй биз. Тэрхүү пропорциональ буюу хувь тэнцүүлэн сонгогдох хэсгийн нэрсийн жагсаалтад оруулах 28 хүнийхээ нэрийг тун ч хариуцлагатайгаар бичиж, зоох хэрэгтэй болоод байгаа юм. Учир нь шинэ хуулиар намын нэрээр авсан саналын дүнгээр хувь тэнцүүлэн тэр 28 хүнээс УИХ-ын гишүүн тодрох юм. Тэгэхээр 28-д намуудаас хэн хэн орсон бэ, хэн орвол зохилтой вэ гэдэг нь нэлээд анхаарал татаад байна. Ямар ч хамаагүй аргаар эргээд гишүүн болохоор зүтгэж байгаа нь хэд вэ, жинхэнэ чин сэтгэлээр төрийг түшихээр шулуудсан нь хэд вэ гэдэг ч бас сонин. Эндээс л сонгуульд оролцох намуудын хариуцлага харагдах биз.
Гадаад улсын жишгээр хөдлөх дуртай манайхан үнэхээр тэр л сонгодог байдлаар нь сонгуулиа хийж чадах юм бол цаашдаа сайн жишиг тогтоох нь лавтай. Энд яриад байгаа 28-ыг аваад үзье л дээ. Яахав МАН гэхэд л намынхаа даргыг, араас нь генсекээ гээд л албан тушаалын урт цуваа хөврүүлж байна. Гэхдээ тэр дунд УИХ-ын даргын нэр, албан тушаал лав харагдаагүй. Мань хүний нэр тойрогт, тодруулбал Ховд аймагт “тууж” яваа харагдсан. Уг нь бол парламентын засаглалтай орон юм шүү дээ, манай Монгол. Зүй нь сонгуульд нэр дэвших бүртээ намдаа суудал авчирсан Д.Дэмбэрэл дарга 28-ын жагсаалтыг өнгөлмөөр байгаа юм.
“Листээр орох лидерүүдийн жагсаалт” гэсэн нэр хаяг зүүсэн тэрхүү жагсаалтыг шүүн хэлэлцэх хүмүүс олон байна. Үнэхээр л тэгж эх оронд хэрэгтэй хүн “хэрэгтэй” байгаа юм бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг МАН-ынхан яагаад орхисон юм бэ гэсэн сэтгэгдэл сайт дээр бичсэн байна лээ. Нэр цэвэр, лиценз энэ тэр эзэмших байтугай сонирхлын зөрчлөөс ангид байж, улс орны эрх ашгийн төлөө бүхий л амьдралаа зориулсан Д.Дэмбэрэл гуай шиг төрийн хар хүмүүсийг олноор нь нэр дэвшүүлээсэй гэж олон нийт хүсч байна .
МАН, АН-уудаас сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх, мөн намын нэрээр 28-д жагссан хүмүүсийн дунд Монголын толгой сайн улстөрч эрхмүүдээс цөөнгүй гээгдсэн байна гэдгийг хүмүүс илэн далангүй хэлээд байгаа юм. Иргэд сонгогчид “албан тушаал яах вэ, алгын чинээ улаан нүүрээ улам улайлгаад явахааргүй нэр төртэй улстөрчийг гаргаад ирээч ээ, намууд аа. Тэгвэл бид сонгоод өгье л, чухам” гэсэн байна лээ. Эндээс санаа аваад бодоод үзэхүл нээрээ л тэдний зөв санагдаад байна.
“Нэр хугарахаар яс хугар” гэдэг үг ч бий. Парламент, Засгийн газар, төрийн толгойд сууж, ард олны хүслийг гүйцэлдүүлэхдээ нэр цэвэр явсан нь хэд билээ, хэн билээ гэдгийг ард түмэн өөрсдөө шүүчихсэн л байгаа. Төрийн хэрэгт ер нь хоосон алдар юуны хамаатай, харин ч туршлага, зангараг, нэр төр л чухал юм биш үү. Намууд нэр дэвшигчдээ ая тал засалгүй, нэн хариуцлагатай хандаж, нэр төрийн эрхэм эрэмбээр нь жагсаан бичиж өрсөлдүүлэх нь зохилтой бус уу.
“Үндэсний шуудан” сонин. 2012.05.11.