logo
110 жилийн өмнө асаасан чийдэн одоо ч унтраагүй байна

110 жилийн өмнө асаасан чийдэн одоо ч унтраагүй байна

2011/06/19
Америкийн Калифорни мужийн Ливермор хот дахь гал унтраах ангийн барилгад  нэгэн чийдэн зуу гаруй жил тасралтгүй орчин тойрноо гэрэлтүүлсэн гэвэл та итгэх үү. Энэ хотын гал унтраах ангийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Лин Өүвенс хэлэхдээ 60 ваттын гэрлийн чийдэнг дөрвөн ватт орчим эрчим хүчээр ажиллуулсан, яагаад ийм удаан ажилласныг нь хэн ч мэдэхгүй байх гэсэн байна.
Орон нутгийн нэгэн бизнес эрхлэгчийн бэлэг болгон өгсөн энэхүү гэрлийн чийдэнг анх 1901 онд гал унтраах ангид асааж байжээ. 1903 онд богино хугацаанд, 1937 онд долоо хоног, түүнээс хойш 1976 хүртэл цөөн удаа эрчим хүч түр тасалдсаныг эс тооцвол гэрлийн чийдэн орчин тойрноо тасралтгүй гэрэлтүүлсэн байна. Энэ нь 960 мянга гаруй цаг гэсэн үг юм. 1897 онд Охайо мужийн чийдэн үйлдвэрлэдэг компанид ажилладаг байсан профессор Эдол Шилейгийн бүтээсэн онцгой загвар нь энэ чийдэн юм байна. Интенио нийгэмлэгийн гишүүн Стив Бан хэлэхдээ энэ бол үнэхээр онцгой чийдэн, бүтээхэд илүү их хөрөнгө мөнгө, хянуур байдал шаардагдсан, нэг бүрийг нь гараар хянаж шалгаж байсан гэжээ.
Дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд энэхүү чийдэнг одоо ажиллаж байгаа хамгийн хуучны чийдэн гэж бүртгэсэн байна. 110 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн энэхүү жижигхэн чийдэн дахиад олон жил орчин тойрноо гэрэлтүүлж магадгүй юм.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш