logo
Ц.Нямдорж гэргүй, зурагтгүй ядаж байхад гэртээ хонодоггүй

Ц.Нямдорж гэргүй, зурагтгүй ядаж байхад гэртээ хонодоггүй

2012/05/12
Н.Энхбаярын хуурай өлсгөлөн хэдийнэ 200 гаруй цаг үргэлжилж, амь насыг нь аврах боломжгүй болсон тухай эмч нарын дүгнэлт гарчээ. Тиймээс Н.Энхбаярын гэргий О.Цолмон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл буюу төрийн гурван өндөрлөг, МУ-ын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хуульзүйн сайд Ц.Нямдорж нарын хүмүүст шаардлага хүргэхээр зорьжээ. Гэтэл мэдээлэл авсан төрийн өндөрлөгүүд тус тусдаа арга сүвэгчлэн, “туулайдах” ажиллагааг амжилттай зохион байгуулав. Энэ үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэнэт хөдөө орон нутагт ажиллаж яваа болж хувирсан байна. Мэдээж хаана ажиллаж байгаа нь тодорхой бус. Харин хуульзүйн сайд Ц.Нямдорж “Гэртээ хоноогүй” гэдэг хариултыг ар гэрийнхнээрээ өгүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл хэлэмгий доломгой сайд өөрөөсөө зайлуулах аргыг гаргууд эзэмшээд сурчихсанаа дахин нотлов. Тэрээр анх тагнуулчийн хэрэгт холбогдоход “Би тагнуул биш, надад зовлон байна” гэж гасалсаар мултарсан. Дөрвөн жилийн өмнөх Долдугаар сарын нэгний хэрэг гарах үед буюу сонгуулийн будлианаас үүдсэн дуулиант бослого гарч, намынх нь байр нь шатаж, таван хүнээ намнаж байх үед гадаадын түншүүдтэйгээ салхинд гарсан шигээ зугаалж явсан гэсэн. Мөн МСS-ээс авилгалаар байр авсан гэх дуулианд орон гэргүй, түрээсийн байранд амьдардагаа зарласаар байгаа юм. Харин Н.Энхбаярыг баривчилсан шөнө “Унтчихсан байсан, дээр нь гэртээ зурагтгүй” гээд гүрийгээд, сандал ширээнээсээ зуурч үлдчихээд байгаа овжин хэрнээ тун “өрөвдмөөр” хүн. Ядаж байхад эрхэм сайд маань түрээсийнхээ, зурагтгүй гэртээ хонодоггүй байж таарлаа. Улс эх оронд онцгой үйл явдал болох бүрт сайд амбан эзгүй байхын дээр ар хударгаар нь өөрийнх нь удирддаг салбарынхан дур мэдээд хэрэг тарьчихаад байдаг “дэггүй жаалууд” бололтой юм. Магадгүй Н.Энхбаярт энэ өдрүүдэд муу зүйл тохиолдвол мань хүн гэртээ хонохгүйгээр барахгүй, ажлаа ч тасалж мэдэх юм байна. Тиймээс цагдаа хүчнийхэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх юм байна. 
Э.Болор www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш