logo
Н.Энхбаярын гэрээслэл

Н.Энхбаярын гэрээслэл

2012/05/14
Монголын нийт ард түмэндээ, өнөөгийн олигархжсан эрх баригчдад, хэвлэл мэдээллийнхэнд:

Миний зарласан хуурай өлсгөлөн, эрүүл мэнд, амь насанд үзүүлэх эрсдэлийг хариуцах эздийн тухай:



Миний бие 2012.04.13-ны өдөр үндэслэлгүйгээр, хууль бус шийдвэрээр хууль зөрчсөн, үлэмж хэмжээний цагдаа хүчний байгууллагын бие бүрэлдэхүүний хүчирхийллийн арга хэмжээний үр дүнд албадуулан саатуулагдаж, цагдуулан хоригдсон. Тэр цаг хугацаанаас өмнө явуулж байсан хууль зөрчсөн үйл ажиллагаагаа Авилгатай тэмцэх газар хуулиар өөрт оногдоогүй эрх мэдлийг эдэлж Эрүүгийн Хуулийн 150.3 хэмээх зүйлчлэлтэй зохиомол хэргийг шалгах хэрэггүй мөртлөө шалгаж, мөрдөн байцаагчид нь алхам тутамдаа хууль зөрчиж, прокрурууд тэдэнтэй үгсэн хуйвалдаж, тэдний үйл ажиллагагааг шалгахын оронд харин өөгшүүлж, шүүх нь АТГ-ын мөрдөн байцаагчид болон тэдэнтэй хуйвалдсан прокуроруудын хэлсэн болгоныг ёсчлон баталгуужуулж хараат бус байдлаа алдсанаа удаа дараагийн үйлдлээрээ баталлаа. Энэ бүхэн намайг улс төрийн зорилгоор хилс хэрэгт холбогдуулах, улмаар сонгуульд шударгаар оролцож өрсөлдөх боломжгүй болгох, миний болон МАХН ба түүний хамтран ажиллаж байгаа нам эвслийн Оюутолгойн гэрээг засаж, Монголын талд ашигтай болгох, 5 толгойн ордыг бүхэлд нь 100 хувь ард түмний мэдэлд өгөх, хээл хахууль авилгатай тэмцэж арилгах, олгирхи системийг бүрмөсөн халах, төр болон улс төрийн намуудыг ард түмний хяналтанд оруулах шударга ёсыг эргүүлэн тогтоох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд саад учруулах зорилготой хэлэхээрээ ч хууль зөрчсөн агуулгаараа ч ард түмний эрх ашгийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа юм. Энэхүү балмад үйл ажиллагаатай үл эвлэрч миний бие энэ оны 5 сарын 4-өөс эхлэн хуурай өлсгөлөн зарлаж, тодорхой шаардлагуудыг тавьсан. Өлсгөлөн зарласнаас хойш 7 дахь хоног өнгөрч 8 дахь хоног болж байна. Эрх баригчид миний тавьсан шаардлагад одоо болтол дорвитой хариулт ирүүлээгүй байна. Харин тэд гэнэт миний эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа мэт жүжиг тоглож, өөрсдийн шилж сонгосон төлөөний эмч нарын баг ирүүлдэг боллоо. Иймд миний зүгээс аль болохоор өлсгөлөнгийн шаардлагуудыг биелүүлэхгүй байх, харин өөрсдийн шилж сонгосон эмч нараараа өөрсдийн санаанд нийцсэн дүгнэлт гаргуулж миний биеийн эрүүл мэнд хэвийн сайн байгаа мэт ойлголт өөрсдөө авч, санаа амар юу ч болоогүй юм шиг малийж суух олон түмэнд худал мэдээлэл өгч, тайвшруулахыг оролдож байгааг нотолж байна. Тэд бас төлөөний хүнээрээ дамжуулж айлган сүрдүүлэх, аргадан сэнхрүүлэх аль аль аргыг хэрэглэж, өлсгөлөнгөө зогсоохыг надаас хүсэж бас шаардаж байнаа. Өлсгөлөн зогсоох 2 арга бий.

Нэгдүгээрт өлсгөлөнг би өөрөө зогсоох. Гэхдээ аливаа юманд учир байдаг. Тэр тусмаа амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж тэмцэж байгаа өлсгөлөнг зарлахад ихээхэн учир бий. Ямар ч байсан өлсгөлөнг эхлэхэд түүнийг зарласан тухайн хүн гэхээсээ илүү эрх баригчдын хууль бус, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэсэн үйл ажиллагаа буруутай гэж тооцогддог. Өлсгөлөн бол зүгээр нэг маяг биш харин эрх баригчдын даварсан хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, засаж залруулахын тулд бүхий л хууль ёсны аргыг хэрэглээд болохгүй болохоор аргагүйн эрхэнд эхлүүлж буй тухайн хүндээ ихээхэн эрсдэлтэй үйлдлээ. Гэм буруутан хүн бүрт өлсгөлөн зарлах сэтгэлийн тэнхээгүй байдаг. Тийм учраас зарлаж чаддаггүй. Харин гэм буруугүй хүн өлсгөлөн зарладаг ч сэтгэлийн тэнхээтэй ч байдаг, тууштай ч тэмцдэг. Эхлүүлэхэд амаргүй. Хуулийн зөрчил адал балмад үйл ажиллагаа засраагүй байхад, өөрөө зогсооход боломжгүй алхам.



Хоёр дахь арга, хоёр дахь алхам: Эрх баригчид тавьсан шаардлагуудыг бүхэлд нь, эсбөгөөс эхнээс нь ширхэгчлэн биелүүлж эхэлбэл өлсгөлөн зогсно. Энэ нь ардчилсан хүмүүнлэг нийгэмд хэрэглэгддэг, баримтлагддаг арга. Өөрөөр хэлбэл иргэдийнхээ зовлон жаргалыг хувцаалцдаг төр өлсгөлөнг зогсоохын тулд өөрөөсөө санаачлага гаргаж, эхний алхмаа хийдэг гэсэн үг. Ингэснээр төр өөрийгөө иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг, иргэнийхээ эрүүл мэнд амь насыг онцгой анхаардаг, энэрэнгүй, хүчтэй зоригтой төр гэдгээ харуулдаг. Тийм ч учир миний бие өдий болтол төр өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагааг үйлдэл эс үйлдлээрээ дэмжиж, өөгшүүлж, гүнзгийрүүлж ирсэн бөгөөд харин одоо буй болсон нөхцөл байдлыг эрүүл саруулаар хараад алдаагаа засах анхны алхамаа хийх чадвартай шударга хүчтэй төр мөн үү, үгүй юу гэдгийг анхааралтай харж, хараад зогсохгүй шаардаж байна. Өнөөгийн төрийг тийм алхам хийсэн тохиолдолд буюу намайг хууль бусаар хорихоо больж элдэв худлаа зохиомол хэрэгт тулгаж, саад учруулалгүй, сонгуульд бусад намуудын удирдлагатай ижил тэгш чөлөөтэй оролцох, шударга өрсөлдөх сонгох сонгогдох эрхээ эдлэх бүрэн бололцоогоор хангавал би ухамсартайгаар өлсгөлөнгөө зогсоох алхам хийх болно. Эстэгвээс иргэний эрүүл мэнд амь нас нь өнөөгийн төрд огтхон ч хамаагүй юм байна гэж үзэж, хамаатай байх ёстой гэдгийгн олйготол нь өлсгөлөнгөө үргэлжүүлэх болно. Энэ бол зөвхөн миний асуудал ч биш. Нийт Монголчуудын маань шударга ёсыг эргүүлэн тогтоох, байгалийн баялагтаа эзэн суух, төрөө ард түмний хяналтанд байлгах, хараат бус шүүх, хууль хяналтын байгууллагын тогтолцоог сэргээж, бат бэх тогтоох тэмцлийн нэг эхлэл хэсэг учир ийм шийдэлд хүрч байгаа юм. Тэгээд ч миний шаардлагыг биелүүлэхийг шаардаж, өөр олон иргэн өлсгөлөн зарласан тул эрх баригчид алдаагаа ухамсарлаж, өөрийн зүгээс хийх ёстой алхамаа хийх шаардлагатай гэж үзэж байна. Өлсгөлөн зарласан хүмүүст хандаж, мөн тэдний өлсгөлөн зарласантай нь холбогдуулж, дараах зүйлийг онцлон хэлж байна.

Үүнд:

1. Уг нь та бүхэн маань өлсгөлөн зарлах хэрэг байсан уу. Өлсгөлөнг зөвхөн сайн дурын үндсэн дээр зарласан байх ёстой. Та нарын маань өлсгөлөн нойтон өлсгөлөн байх ёстой шүү. Мөн өлсгөлөнд суусан улс заавал эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх ёстой шүү. Хоорондоо эвтэй, нэг нэгэндээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна шүү гэдгийг анхааруулъя. Та нарынхаа эр зориг, сайхан сэтгэл тууштай зан чанарыг биширч байна. Та бидний хамтын тэмцэл эхэлснээрээ ялалтыг улам ойртуулж байна.

2. Эрх баригчид, өлсгөлөн зарласан хүмүүсийн шаардлагыг нэн даруй биелүүлэхийг шаардаж байна. Эстэгвээс тэдгээр хүмүүсийн эрүүл мэнд, амь нас хохирвол, өнөөгийн төр засаг, хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдэж байна.

3. Ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө тэмцэлд өөрийн эрүүл мэнд амь насаа золиослон тэмцэж байгаа зоригтнуудад сэтгэл санааны болон бусад дэмжлэгийг үзүүлэх, ялангуяа өнөөгийн эрх баригчдад хатуу шаардлага тавьж өлсгөлөн зарласан иргэдийн шаардлагыг нэн даруй биелүүлэх шахалт үзүүлэхийг нийт олон түмэндээ хандан уриалж байна. Ард түмний итгэл дэмжлэгээс илүү хүч хаана ч , юу ч байхгүй. Монголын ард түмэн маань миний улс орныхоо эрх ашгийг ямагт хамгийн өндөрт тавьж, ард түмнийхээ тусын тулд нэгэн үзүүрт зүрх сэтгэлээр зүтгэж ажиллахдаа өөрөө бодоход чамлахаар, өнөөгийн эрх баригчдын хийсэн бүтээсэнтэй зэрэгцүүлэн зүйрлэвэл чамлахааргүй зүйлийг хийж бүтээснийг минь сайн мэдэж байгаа. Тэд нар маань би өнөөгийн эрх баригчидтай адил ард түмнийхээ баялагаас завшаагүй, гадныханд найр тавьж өгөөгүй, сонгууль луйвардаж байгаагүй, миний ажиллаж байх үед авилгал хээл хахууль өнөөгийнхтэй адил цэцэглэж байгаагүй эээ. Миний ажиллаж байх үед улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө хиймэл хэрэг тулган олон хоног орон шоронд оруулж байгаагүйг бүр сайн мэднэ. Нэг эрх баригчийн хурууны үзүүр хөдөлснөөр хэнд ч хохиролгүй. Харин ард түмэнд шударга ёсонд хожоотой шийдэж болох асуудлыг хүндрүүлж, хүний эрүүл мэнд амь нас хохирох аргаар шийдэх гэж муйхарлавал, өнөөгийн олигархи системийн эрх баригчдын харгис ажиллагаа, улам олон хүний дургүйцэл зэвүүцлийг төрүүлэх нь ойлгомжтой бөгөөд тэднийг эсэргүүцсэн ард түмний тэмцэл улам өргөжин гүнзгийрэх нь тодорхой. Өнөөгийн эрх баригчид яаж ч эсэргүүцсэн шударга ёс тогтох нь тодорхой. Шударга ёсны тэмцэлд хэн яамр байр суурь баримталнж байсныг шударгаар шүүх цаг ирэхэд, нүүр улайхгүй байхаар өнөөдөр хамтдаа тэмцэцгээе. Монгол ахан дүүсээ миний тэмцэл бол ард түмний тэмцлийн нэг хэсэг. Ард түмнийхээ ашиг сонирхлыг хангах нь миний тэмцлийн гол зорилго. Хуурай өлсгөлөнгөөс болж, миний эрүүл мэнд, амь насанд ямар нэгэн хор хохирол учирвал өнөөгийн эрх баригчид, тухайлбал Ц.Элбэгдорж, Сү.Батболд, Д.Дэмбэрэл, Д.Дорлигжав, Д.Зориг, Ц.Нямдорж нар болон тэдний гар хөл бологсод буруутай гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Харин эмч нар ямар ч буруугүй бөгөөд тэд нарт элдвийн дарамт үзүүлж, бурууг тэдэнд тохох гэж оролдвол, эсвэл тэд нарт хүчээр тулгалт хийж, надад албадан эмчилгээ хийлгэх гэсэн аливаа оролдлогыг эрс эсэргүүцэж байгаагаа болон ийм оролдогоос гарах аливаа эрсэдлийг гагцхүү дээр нэр нь дурьдагдсан этгээдүүд хүлээх болно. Шударга ёс мандтугай. Хууль бусаар хоригдож байгаа, хуурай өлсгөлөн зарлаад 8 дахь хоног дээрээ байгаа Н.Энхбаяр.

Улаанбаатар хот. 2012.05.11 өдөр.

Би энэ мэдэгдлийг албан ёсоор бичгээр үйлдэж, бас диктафонд бичүүллээ. Монголчууддаа би итгэдэг шүү. Та нартаа би хайртай. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш