logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын зарим гишүүдтэй уулзаж Н.Энхбаярын талаар байр сууриа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын зарим гишүүдтэй уулзаж Н.Энхбаярын талаар байр сууриа илэрхийллээ

2012/05/14
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар сарын 12-ны бямба гарагт УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан нарыг хүлээн авч уулзаж, МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэнд, амь насны асуудал онц ноцтой, хүнд байдалд байгаа тул Ерөнхийлөгч тантай уулзаж, тодорхой хүсэлт тавьж байна. Өчигдөр /5 дугаар сарын 11/ 17.00 цагийн байдлаар Монгол Улсын тэргүүлэх эмч нарын гаргасан дүгнэлтийг үзэхэд Н.Энхбаярын бие организмын нэлээн хэсэг нь үхлийн байдалд шилжиж байна. Энэ дүгнэлт гарснаас хойш дахиад 24 цаг болж байна. Монгол Улсын төрийн тэргүүн таныг Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, ҮАБЗ-ийн дарга байсан энэ хүний бие эрүүл мэндийн байдал секунд минутаар хэмжигдэж байгаа энэ үед хууль хүчний байгууллагатай ярьж, ҮАБЗ дээр танилцуулан арга хэмжээ авч өгөөсэй гэж хүсч байна.
ЭМЯ-ны зөвлөх эмч нарын багийн хувьд, өлсгөлөнгөө зогсоо гэсэн хатуу байр суурьтай байгаа. Н.Энхбаяр өөрөө бол улстөрийн өлсгөлөн зарлахдаа 5 шаардлага тавьсан, харамсалтай нь ямар нэг байдлаар энэ таван шаардлагыг авч үзэж ярилцах хандлага байхгүй байна. Тийм учраас энэ өлсгөлөнгөө зогсоох боломжгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:
-Урьд нь би гурван хүний амь авраад Танаас шагнал аваад их баярлаж байсан. Өнөөдөр Монголын төрийн тэргүүн байсан хүнийхээ амийг аврахад хамтарч хүчин чармайлт гаргаач ээ гэж хүсч ирж байгаа юм аа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Хүний амь насны асуудал чухал байгаа. Гадаа тодорхой иргэд бас өлсгөлөн зарлаж байгаа, үүнд бас санаа зовж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. Ер нь амь насаараа дэнчин тавьсан ийм тэмцлийн хэлбэр сонгохгүй байх талаар бодох ёстой гэдгийг би өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хэлсэн. Нөлөөлж болох арга зам байгаа бол та бүхний зүгээс энэ өлсгөлөнг зогсоох тал дээр тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа юм.
Ер нь өлсгөлөн гэдэг бол өлсч байгаа хүн өөрөө эхэлж санаачилж өлсгөлөнгөө зарладаг, өөрийнх нь л зогсоох асуудал шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүн бол өөрөө өлсч байгаа. Тэр хүнийг аль нэгэн төрийн байгууллага юм уу, хүмүүс өлсөхийг шаардаагүй. Амь насанд нь нэгэнт эрсдэл учирч байгаа үед эмчилгээ хийлгэх ёстой. Үүнийг нэгдүгээрт хэлэх ёстой гэж бодож байна.

Хоёрдугаарт хэлэх зүйл бол, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Саяын энэ тавигдаж байгаа асуудал, батлан даалттай холбоотой асуудлыг авч үзэхээр, энд Н.Энхбаяр гэдэг хүн хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа учраас энэ асуудлыг тусад нь авч үзээч гэдэг асуудал байх ёсгүй. “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, Энхбаяр гэдэг хүн илүү эрхтэй” гэдэг зүйл заалт байхгүй. Монголд шударга ёс тогтооё л гэж байгаа бол хуулийн шударга хэрэгжилтээс зугатах хэрэггүй. Хуулийн тэгш хэрэгжилтийг л шударга ёс гэж нэрлэж байгаа.
Батлан даалтын асуудлыг хуулийн байгууллага шийдэж болно. Энэ бол Ерөнхийлөгчийн шийддэг асуудал биш. Ерөнхийлөгч аль нэг нам, эмнэлэг, дарга, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй. Харин төрийн зүгээс хуулийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллах ёстой.
Хууль зөрчсөн хүмүүстэй хуулийн дагуу хариуцлага тооцоход бид нөлөөлж болохгүй. Үүнийг дахиад л ардчилал гэж байгаа юм.
Бид эвтэй байж, асуудлаа ойлголцдог байх ёстой, түүнийг ойлгож байна. Гэхдээ энэ бүхэн хууль, шударга ёсны үндсэн дээр л явж байх ёстой. Мэдээж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд буруу зөрүү зүйл байгаа бол шийддэг газар нь нэг л байгаа. Шүүх дээр очоод л шийднэ.
Тэгэхээр Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн хувьд бас энэ гаргаж байгаа байр суурийг харж байхад, өмнө нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан, дуудаад ирдэггүй байсан, асуух гэхээр болдоггүй байсан. Батлан даалтад гарна гэвэл хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж тодорхой хүмүүс батлан даадаг, тэр батлан даалтыг хүсч байгаа иргэн өөрөө энэ амлалтаа бичгээр өгдөг. Тэгэхээр батлан даалтад гаргая гэж байгаа бол шууд хуулийн байгууллагад журмынх нь дагуу хандах ёстой гэж үзэж байна. Тэгээд дахиад хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр Монголд хууль гэдэг юм тэгш хэрэгждэг ийм л нөхцөл байвал асуудал хүндрэхгүй гэсэн байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Хууль хяналтын байгууллагад хандсан. Батлан даалтад гаргах асуудлаар өмгөөлөгчөөр нь дамжуулаад, шүүх прокурор, АТГ-т хандсан.
Журмын нөхөд нь, олон жил хамт ажилласан нөхөд нь өмгөөлөгчөөр нь дамжуулаад уулзах хүсэлтээ тавьж байгаа ч одоо болтол уулзуулахгүй байна. Одоог хүртэл нөлөөлөх, ярих боломж олгоогүй учраас хууль хяналтын байгууллагад итгэх итгэл суларч байна.
Дараагийн нэг зүйл бол, бид ямар нэг байдлаар шүүхийн өмнө ижил тэгшээр хариуцлага хүлээх ёстой гэдгийг бид сайн ойлгож байгаа. Гэхдээ өчигдөр ОУ-ын Эмнести Интернэйшнл байгууллага албан ёсоор мэдэгдэж, олон улсын хүний эрхийн хуульч ирээд, мөрдөн байцаалтын үед зугатаж магадгүй тул хорих шаардлагатай гэдэг шийдвэр гарсан байна, харин одоо мөрдөн байцаалт дууссан, хорих хууль эрхзүйн шаардлагагүй үед хориод байна гээд байгаа. Энэ нь өөрөө хууль зөрчөөд байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагын хүмүүст би сануулж хэлж байсан. Та бүхний үйл ажиллагаа нээлттэй ил тод байх ёстой. Хүний эрхийг дээд зэргээр хангах ёстой. Мөн олон улсын байгууллагууд, гадна дотны хуульчид манай нөхцөл байдалд санаа зовоод ирж байгаа бол хүлээж аваад уулзах хэрэгтэй. Байгаа нөхцөл байдлаа танилцуулаад, хуулиа танилцуулаад уулзах хэрэгтэй. Шалгуулж байгаа иргэний хувьд ар гэрийнхнийх нь хүсэлтэд хүнлэг энэрэнгүй хандах ёстой гэдгийг би хэлж байгаа гэлээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш