logo
Эдийн засгийн алуурчид ба Санжийн Баяр

Эдийн засгийн алуурчид ба Санжийн Баяр

2012/05/14
Эдийн засгийн алуурчдын тухай бүдэг бадаг ч гэсэн хааяа ярилцдаг болжээ, монголчууд. Алуурчин гэдэг энэ үг хүмүүст аймшигтай сонсогдож байгаа нь мэдээж. Гэвч өөрөөр нэрлэх боломжгүй ажээ. Баялаг ихтэй улс орнууд руу их гүрнүүдээс явуулж байгаа далд бодлогоор энэхүү алуурчдын дүр төрх тодорхойлогдоно. Эдийн засгийн алуурчид гэдэг нь дэлхийн олон улс орон, үндэстнүүдээс хэдэн арван тэрбум долларыг залилан хулгайлдаг, үүнийхээ төлөө өндөр шан харамж авдаг хүмүүс ажээ. “Эдийн засгийн алуурчдын золиосууд” номд тэдний талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Америкт төвтэй Олон улсын хөгжлийн агентлаг, сүүлийн хориод жилд бидний “авралын ганц од” гэх нь холгүй шүтэн биширч ирсэн Дэлхийн банк ч тэрхүү алуурчдыг тэтгэж байгаа аж. 1990-ээд оны эхнээс дэлхийн “том найм”-ын удирдагчид Латин Америк, Африкийн ядуу буурай 10 гаруй улсын 40 гаруй тэрбум долларын өрийг цуцалсан нь угтаа баялгийг барьцаалах нэг арга болсон байлаа. Ядуу орнууд тухайн үед өрнөөс саллаа хэмээн ухаангүй баярлаж байж. Нийт мөнгөн дүнгээр тооцоод үзвэл 40 тэрбум нь үнэндээ хэтэрхий бага, бүх өрийн дөнгөж нэг хувь хүрэхтэй үгүйтэй. Америкийн эрх баригчид буурай хөгжилтэй орнуудын өрийг цуцлахдаа юун түрүүнд “нээлттэй эдийн засагтай” байхыг тулгажээ.

Зах зээлийн харилцаанд төрийн зохицуулалт хэрэггүй гэх маягийн суртал ухуулгыг ч хүчтэй хийсэн байна. Гэтэл Америк өөрөө төрийн хамгийн нарийн зохицуулалттай эдийн засгийг хөгжүүлсэн, одоо ч энэ хэвээрээ байгаа юм. Монголын Орост төлөх их өр бүрэн тэглэгдсэн гэдэг боловч бас л эргэлзээтэй. Оросууд хожим нь манайхаас үлдэгдэл мөнгөө нэхэж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гувчуулсан гэх 50 сая долларын маргаан олон жил үргэлжилж байна. Ерөөсөө манай их өрийн мөрөөр Канад, Америкийн эдийн засгийн алуурчид шургалчихаж. Үүнийг бид Оюу толгойгоос харж болно. Дэлхийн хэмжээний том уурхай, үйлдвэр байгуулна гэсэн нэгэн тэнэмэл Канад эр Монголын эрх баригчдыг хөөрхөн дөнгөж орхижээ. Р.Фрийдланд гэгч энэ нөхөр арав гаруй жил монголын баялгийг судлахдаа зөвхөн өөртөө хөдөлмөрлөөгүй, цаад эздийнхээ даалгаварт үнэнчээр зүтгэсэн байна.

Тэрбээр Латин Америк, Африкийн орнуудад 20 шахам жил ажилласан “мэргэжлийн алуурчин” Фон Перкинсийн хэлснээр “Нэг сая доллар олох гэвэл арилжааны журмаар ярилц, 100 саяыг авна гэвэл хуулийг нь өөрчлүүл, хуйгаар нь хамж авахыг хүсвэл үзэл суртлаар довтол” гэсэн зарчмаар ажилласан нь өнгөрсөн жилүүдийн сургамжаас тодорхой харагдана. Манай ашигт матмалын тухай хууль хоёр удаа шинэчлэгдэхдээ түүний нөлөөгөөр хийгджээ. Үүнтэй маргах мулгуу толгойтон одоо байхгүй болоод байна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Оюу толгойн алдагдалтай гэрээний талаар удаа дараа харамслаа илэрхийлсэн. Саяхан тэр “Луйврын энэ гэрээнд Сангийн сайд нь хүртэл биечлэн оролцсон” гэв. Маш том хахуулиар хийгдсэн гэрээ ажээ. 2004, 2008 оны сонгуульд гаднаас их хэмжээний санхүүжилтийг Ардын намд өгсөн гэх мэдээлэл бий. Тиймээс ч тухайн үед тус намын даргаар ажиллаж байсан С.Баяр “Манай нам сонгуульд заавал ялна”, “Оюу толгойн гэрээний хариуцлагыг би хүлээнэ” гэсэн биз. Хэрвээ сонгуулийн санал худалдан авах замаар ”Ялалт”-ыг намдаа авчирч чадаагүй бол Фрийдланд зэрэг эдийн засгийн алуурчдын өмнө тэр том өртэй хоцрох байсан болов уу. Иргэн бүрд 1,5 сая төгрөг бэлнээр олгоно гэсэн амлалт нь С.Баярын санаанд багтахгүй байсан ч мань хүн нэгэнт олдсон их мөнгөний өмнө үнэндээ жулдаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг энүүгээр “чимэглэсэн” юм. Одоо амлалтынх нь үлдсэн нэг сая төгрөг энэ оныг дуустал бүрэн шийдэгдэхгүй болж байна. Монгол банкнаас 150 орчим тэрбум төгрөг зээлээр авч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гарыг 350 мянгаар цайлгасан ч цаана нь ийм хэмжээний “хишиг” хүртэж чадаагүй олон мянган хүн хоцорно. Сонгуулиас өмнө бүх хүнд нэг сая төгрөг олгох боломжгүй боллоо. Харин үлдсэн мөнгө нь дахиад сонгуулийн шоу болж, халамж горилогсдыг гижигдэж эхлэв бололтой. Ардын намынхан “Бидний төлөө саналаа өгвөл урьдах амлалтынхаа дутууг энэ ондоо багтаан гүйцээнэ” гэх ухааны юм ярьж байна.

Бэлэн мөнгөний амлалт инфляцийг навсайлгаж өгөв. Улс төрийн муйхар шийдлүүд баялгийг хоол бус, хор болгож хувиргадаг ажээ. “Уул уурхайгаас өнгөрсөн гурван жилд 1.5 их наяд буюу 1500 тэрбум /1 500 000 000 000/ төгрөгийг “Хүний хөгжлийн сан”-д татан төвлөрүүллээ” хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Mining Mongolia-90” чуулга уулзалтын индэр дээрээс бахархалтайгаар мэдэгдсэн юм. Энэ бага тоо биш. Бахархмаар тоо. Багцаагаар Улаанбаатараас Ховд хүртэл төмөр зам тавчих хэмжээний их мөнгө юм. Үүнийг бодохоор бас бухимдахгүй байх аргагүй их мөнгө. За тэгээд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж ямархуу байгаа билээ дээ. Эдгээрийг тооцоод үзэхэд харамсмаар. Эдийн засагчид үүнийг популизмын гай гэж байна. Энэ мэт балайрлаас Ардын нам тийм ч амархан салахгүй нь бололтой.

Эдийн засгийн алуурчид сүүлдээ Монголын баялгийг хоорондоо наймаалалцаж эхлэв. Гадаадын компаниуд Монголд үйл ажиллагаа явуулсан орлогоосоо татвар төлөх хуультай. Гэсэн ч талаар өнгөрч байна. Татварын “диваажин”-д заларсан Фрийдландын “Айвенхоу майнз” нь өөрийн хувь эзэмшлийн “Саусгоби сэндс”-ийнхээ хувьцааг Хятадын “Чалко”-д худалдсан орлогоосоо Монголд юу ч өгсөнгүй. “Чалко”-той хийсэн 891 сая ам.долларын арилжааг нь манай эрх мэдэлтнүүд зүгээр л хараад сууж байна. Уг нь тэдний наймаа хуурамч хэлцэл учраас хүчингүй болох ёстой. Тиймээс саяхан авлигатай тэмцэгчид гэнэт сэхээ авсан мэт “Саусгоби сэндс”-т анх лиценз олгосон нь буруу гэж үзсэн байна. Ашигт малтмалын газрын дарга асан Б.Батхуягийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж буй аж. Гэхдээ лиценз олгосон нь ч, хуулийн орчинг сайжруулж чадаагүй Засгийн газар ч ялгаагүй л буруутаж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт бол хаанахын хэн байх хамаагүй мэтээр тонгочиж явах цаг биш гэдгийг зарим нь саяхнаас ойлгож эхэлж байх шиг байна.

С.Баярын Засгийн газрын үед Америкийн “Голдман сакс” банк Оюу толгойн гэрээний төсөл дээр түүний урилгаар ажилласан юм. Энэ талаар тэр үед Засгийн газар огт мэдээлдэггүй байлаа. Харин гэрээнд гарын үсэг зурснаас хойш үүнийг иргэний байгууллагууд ил гаргасан. Хамгийн гол хор найруулга ийнхүү хийгдэж, тус банкны мэргэжилтнүүд С.Баярт булхайтай гэрээнийхээ төслүүдийг хэд хэдэн хувилбараар санал болгож, заримдаа бүр тулган шахаж байв. “Голдман сакс” Америкийн Ерөнхийлөгч асан Клинтон, түүний гэр бүлийнхэнтэй нягт холбоотой байсан нь ч монголчуудад сүүлдээ ил болж билээ. Ер нь ганц С.Баяр биш, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр зэрэг нөлөө бүхий улс төрчид “Голдман сакс”-ыг Оюу толгойн төсөл дээр ажиллуулахыг дэмжиж байжээ. Өнөөдөр энэ банк нь Америкийн санхүүгийн хямралыг гүнзгийрүүлж, хууль бус үйл ажиллагаа явуулсан хэргээр шүүхийн хаалга татаад байна. Эдийн засгийн алуурчдын гар хөлийн үзүүрт Америктаа овоо томоохонд ордог “Голдман сакс” банк ч бас Монголд мөнгө зувчуулдаг оффшор банкны үүрэг гүйцэтгэсэн байж болох ажээ. Ямартаа л “Монгол газар” компанийн лицензийг барьцаалан их хэмжээний зээл өгөв гэж. Нөгөөтэйгүүр “Айвенхоу майнз” нь манай Засгийн газраас Нидерландын вант улсын татварын диваажин буюу оффшор банкуудын луйврын зарчмаар тус улстай давхар татварын гэрээ байгуулсан нь бүр ч таатай нөхцөл бүрдээд байжээ. Оффшор банкууд эдийн засгийн алуурчдын мөнгөө нуудаг хамгийн найдвартай сав юм. Оюу толгойн гэрээний бас нэг аймшигтай нь манай хилээр гадагш гарсан зэс, алт бүхий бүтээгдэхүүнээс нэг ч центийн ашиг унахгүйд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, бид зэсийн баяжмалаа “Рио Тинто”, “Айвенхоу майнз”-ын хүсэлд нийцүүлэн хямдаар гаргаад, дараагийн үйлдвэрлэлээс юм хүсэх ч хэрэггүй болж байна. Мөн оффшорууд манайд татварын бүх талын хөнгөлөлт эдлэхийг хичээж байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ ч ийм л байдлаар хийгдсэн юм.

Ингэж монголынхоо баялгийг харийнханд зүгээр шахуу тавьж өгсөн С.Баяр, Н.Энхбаяр нар одоо хонь чоно мэт болсон нь тун сонин. Сонин ч юу байхав дээ, С.Баярын хэтэрсэн шунал, Америк, Монголд “багтаж ядсан” олон байшин сав, Ухаа худаг буюу “Энержи ресурс” дэх хувь эзэмшил зэрэг нь Н.Энхбаярт таалагдаагүй байж магадгүй. Бас С.Баяр долдугаар сарын 1-ний хэрэгт хэтэрхий их хутгалдаж, Орос түншүүдээ хүртэл дайчлан жагсагчид руу буу шагайлгасан гэх учир нь гүйцэд тайлагдаагүй үйл явдлуудад сүүлдээ Н.Энхбаяр гэрч болохоор шийдсэн байв. Гэвч тэр бүхнийгээ бүрэн дэлгэж амжилгүй Авлигатай тэмцэх газрынханд эрт урьдын хэд хэдэн хэргийнхээ улмаас баривчлагдан хоригдсон болов уу.

Одоо С.Баяр нуувчиндаа ороод байна. Олны өмнө гарч үг алдахгүйг хичээж буй нь харваас илт ажээ. Эдийн засгийн алуурчид хийгээд долдугаар сарын 1-тэй тэр салшгүй холбоотой гэж хардах эрх хэнд ч бий тул ингэж хэлэхээс аргагүй. Гэхдээ зөвхөн хардлага төдий зүйл биш байх аа, энэ бүхэн. Түүний хувьд нүглээ наминчлах цаг хугацаа ойртож байгаа бололтой.

Н.Энхбаярын биеийн байдал улам муудлаа. Түүнд С.Зориг агсны хэргийг ч тохож, эрүүгийн хуулиар оноосон зүйл ангийг нь өөрчлөх гэж байна гэсэн мэдээлэл ирж байна. Хэрвээ тэр долдугаар сарын 1-ний хэрэг болон стратегийн орд газруудын луйврын эсрэг тууштай байр сууриа илэрхийлсээр эмнэлгийн орон дээр өлсгөлөн зарласан чигээрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлбэл яах вэ. Нэг талдаа өөрийнх нь болоод өрөөл бусдын олон гэмт үйлдлүүд улам бүдгэрч хоцрох байх. Эсвэл Н.Энхбаярт бага сага алдаа байсан ч дийлэнх нь С.Баяр болон түүний хамсаатнуудын дунд олигтой гэрч болох хүнгүйгээр үлдэж мэдэх юм.

Үргэлжлэл бий.

Б.Отгонбаяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш