Эрхэм хүндэт Хайсандай багш Танаа
Таны амрыг эрье. Куланда дэд сайдтай түүний албан тасалгаанд уулзахдаа би манай сургуулийн монгол хэлний хичээлийн талаар ярьсан юм. Эрхэм дэд сайд бол Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яамны Эрдэм шинжилгээний ажил хариуцсан дэд сайд бөгөөд 2010 оны 11 дүгээрр сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Японд хамт айлчлан, манай сургуульд зочилсон сайд хүн тул би түүнтэй Япон дахь Монгол судлалын хөгжил, бас манай сургуулийн монгол хэлний хичээлийн талаар ярьсан.
Дэд сайд маань ч өөрөө надаас манай сургуульд Ерөнхийлөгч айлчилсан үеийн тухай асуусан. Миний хувьд бол, нэг шавь маань одоо Монголд сурч байгаа тул түүнд талархал илэрхийлэхээр очсон юм. Тэгэхэд эрхэм дэд сайд маш сайнаар хүлээн авч, манай сургуулийн талаар өөрөө эхлээд асуусан. Би маш баярлаад Куланда сайдын сайхан сэтгэлгээнд талархан сургуулийнхаа монгол хэлний хичээлийн тухай болон ер нь Япон дахь Монгол судлалын байдлыг ярьсан. Эрхэм дэд сайд надад хийж чадах юм байвал тусалнаа гэж сайхан дэмжлэгийн үг хэлж өгсөн.
Харин тэгэхэд эрхэм дэд сайд надаас " Казах хэлний хичээл танайд байна уу?" гэж асуусан. Монгол Улсын дэд сайд хүнтэй монгол хэлний ирээдүйн тухай ярьж байхад тэрээр казах хэлний тухай надаас асуусанд би их гайхсан. Тэр хүн казах үндэстэн хүн тул казах хэлний тухай асуух нь зүй ёсны юм. Өөр аргагүй. Би "Казах хэлний хичээл манай сургуульд байдаг эсэхийг сайн мэдэхгүй" гэж хариулсан. Тэгэхэд Эрхэм дэд сайд маань "Мэдэхгүй гэж байх ёсгүй биз дээ. Танай сургуульд казах хэлний тэнхим байна уу? Казах хэлний хичээл байгаа биз дээ? Хэн зааж байна?" гэж асуусан. Би "Үнэхээр мэдэхгүй. Хэн нэгэн зааж байж магадгүй боловч би сайн мэдэхгүй нь ээ" гэхэд "Чи яагаад мэдэхгүй байна ?" гэсэн, Тэгэхэд би "Одоо бид монгол хэлний тухай ярьж байна. Казах хэлний тухай бол би мэдэхгүй нь ээ. Казах хэлний хичээл байж магадгүй. Гэвч би үнэхээр сайн мэдэхгүй. Манай гуравдугаар гадаад хэлний хичээлийн дотор казах хэлнийх байдаггүй. Хэн нэгэн хүн зааж байгаа байх. Гэвч би сайн мэдэхгүй тул казах хэлний хичээл бол тогтмол хичээлийн хувиар нээгдээгүй байж магадгүй." гэсэн. Би яг тэгж хариулсан. Тэгэхэд дэд сайд "Яагаад чи мэддэггүй юм бэ? Ямар сонин юм бэ. Яагаад танай сургуульд Казах хэлний тэнхим байхгүй байгаа юм бол ? Танай сургууль Казах хэлний тэнхим нээхгүй юм уу? Казах судлал чухал шүү дээ. Танайхан Казах хэлний тэнхим нээгээч" гэсэн. Тэгэхэд би "Би яаж мэдэх вэ? Ямар хэлний тэнхим нээхийг манай сургууль л мэддэг. Надад тийм эрх байхгүй. Тэнхим нээх тийм амархан биш. Манай сургуульд монгол хэлний тэнхим ч нээгдээгүй байхад казах хэлний тэнхимийн тухай яриад яах юм бэ, Та? Би Монгол хэлний тэнхим нээгдээсэй гэж олон жил мөрөөдөж зүтгэж яваа хүн шүү дээ. Монгол хэлний тэнхим бий болоогүй байхад Казах судлалын тэнхимийн тухай надад яриад яах вэ" гэхэд Куланда дэд сайд "Танай сургууль яагаад Казах судлалын тэнхим нээдэггүй юм бэ? Казахстан бол Монголоос том шүү дээ" гэсэн. "Казахстан судлал бол хуучин ЗХУ-ын судлалд багтаж явсан тул одоо ч Орос судлалын тэнхимд багтаасан байгаа байх" гэж би хариулсан.
Би их гайхсан. Яагаад ? гэвэл, би монгол хэлний боловсролын ирээдүйн талаар Монгол Улсын Дэд сайдтай ярьж байсан. Тэгэхэд Эрхэм дэд сайд надаас Казах судлалын тэнхимийн тухай асуусан. Монгол Улсад ч казах үндэстэн бий. Би эхлээд Монголын казах нарт хамааруулж асуусан гэж бодсон. Монгол Улсын Дэд сайд хүн Монгол Улсын Казах үндэстний тухай санаа тавьж ярих нь зүйтэй. Гэвч Монгол Улсын Дэд сайд албан тасалгаандаа гадаадын монгол судлаачтай албан ёсоор уулзаж байхдаа "Казахстан Монголоос том " гэсэн үг хэлсэн. Казах хэл гэж Монголын казахын тухайд биш, Казахстаны тухай ярьж байгаа юм байна гэж мэдээд их гайхлаа. Монгол Улсын Дэд сайд хүн монгол хэлний тухай ярьж байхад Казахстан гэсэн өөр орны нэр гаргаж ярьсан тул би их гайхсан.
Тэгээд би "Казахстан том орон байгаа ч одоо Тантай би Монгол орны монгол хэлний тухай ярьж байгаа биз дээ. Бидний энэ ярианд Казахстан ямар хамаатай юм бэ?" гэж хэлсэн. Тэгээд энэ сэдвээр цаашид үргэлжүүлэн ярилгүй дуусгасан.
Тэр уулзалтын дараа Эрхэм дэд сайд надад өдрийн зоог барьсан. Намайг Японоос бэлэг авчирсан тул маш санаа зовж, надад сайхан сэтгэл гаргаж зоог барьсан байх. Би зоог моог хэрэггүй гэж татгалзсан боловч өөрөө өдрийн хоол идэх гэж байгаа тул намайг хань болоод хамт хоолонд орооч гэсэн. Эрхэм дэд сайд хэдэн жилийн өмнө над руу байнга утастдаг байсан. Тэгээд бид хамт өдрийн хоол иддэг байлаа. Тэр үед түүний ажил төрөл тийм ч сайнгүй байсан бөгөөд өнөөдөр шиг өндөр албан тушаалтай байгаагүй тул жаахан хэцүүхэн байгаа тухай ярьдаг байлаа. Тиймээс би түүнийг утастахад ямар ажил ихтэй байлаа ч заавал уулзаж маш олон удаа түүнд зоог барьж байлаа. Утастах болгонд нь уулзахад, арай дэндүү олон удаа зоог барих болгох болж, бас арай хэтэрхий олон юм асуудаг байсан тул гайхаж, аажмаар миний зүгээс зай барих болсон. Гэвч Куланда гуай хүний мөс чанар сайтай хүн тул Телевизийн дарга болоод, надад нэг удаа сайхан сэтгэл гарган, санаа тавьж өгсөн. Бас, Боловсролын дэд сайд болоод ч манай шавьд туслан, Монголд суралцах боломж нээж өгсөн. Санамсаргүй манай найз С.Оюун гишүүн, Куланда сайдаас манай оюутны тухай асууж өгсөн. Би Куланда гуай Дэд сайд гэдгийг мэддэг байсан боловч Дэд сайдаас гуйж асууя гэсэн санаа надад огт байгаагүй. Гэвч Куланда гуайн талаар муу бодол байхгүй. Шулуухан эршүүд зантай, ажилсаг хүн байна гэж боддог байлаа. Тэгээд бас манай Куланда гуай бол миний төлөө ч санаа тавин тусалж өгсөн. Би маш их баярласан. Гэвч, би ч хэдэн жилийн өмнө түүнд бас олон удаа тусалж байсан тул түүнийгээ санаад Куланда гуайгаас ганц нэг хоёр удаа туслалцаа авсан ч болох юм гэх ухааны юм жаахан бодсон ч байж магадгүй. Гэсэн ч би түүнээс туслалцаа авахдаа талархсан ба манай оюутан Монголд одоо сурч байгаа тул түүнд талархал илэрхийлэхээр уулзахаар очсон. Би Куланда дэд сайд бол маш ажилсаг, ажилдаа хариуцлагатай, шулуухан зантай дажгүй хүн гэж боддог. Би түүнд талархаж явдаг. Тийм ч учраас Монголд очихдоо заавал хэдхэн минут ч болов зав гаргуулж, уулзаж талархал илэрхийлэх ёстой гэж бодоод энэ зун түүн рүү утастсан. Хэдэн жилийн өмнө түүнийг өндөр албан тушаалд дэвшээгүй, сэтгэл санаа олигтой биш байхад нь, би уулзъя гэсэн өдөр нь уулзаж, хамт хоол идэж ярьж хөөрч байсан хүн тул энэ удаа ч найз нөхөд эгч дүүгийн хувьд уулзаж чадна гэж бодлоо. Тэгэхэд, туслахаас албан ёсоор цаг ав гэсэн тул би гайхсан боловч түүний туслах руу ярьж цаг аваад албан тасалгаанд нь уулзах болсон. Уг нь тэр хүн танихгүй хүн биш, хэдэн жилийн өмнө бол над руу байнга утастаад, өдрийн хоол байнга хамт идэж, чөлөөтэй ярьж хөөрч суудаг байсан, эгч шиг ойр дотно хүн гэж бодож явлаа. Тэгтэл гэнэт, туслахаас цаг ав гэсэн тул гайхсан. Албан тасалгаанд нь очмооргүй санагдсан ч Японоос бэлэг авчирсан тул түүнийгээ өгөөд гаръя гэж бодлоо. Тэр хүн өөрөө ядарч явсан үедээ байнга над руу утастаж байсан. Одоо туслахаас нь цаг авахгүй бол уулзаж болохооргүй тийм том хүн болоод байгааг нь мэдрэх, бас надтай албан ёсоор уулзах гэж байгаа нь ч сонин санагдсан.
Ёсыг бодоод Куланда гуайтай уулзсан минь надад ч түүнд ч гай болчихлоо. Талархал илэрхийлэхээс өөр түүнтэй ярих юм миний хувьд байгаагүй. Куланда гуай намайг явах гэхлээр, өрөөндөө байлгаад, олон юм асууж байсан.Тэгээд би ч Куланда гуай, Монгол судлалыг дэмжих гэж байгаа хүн байна гэж бодоод, Монгол судлалыг хөгжүүлэх талаархи санаагаа хэлсэн. Би, Монгол судлалын ирээдүйн талаар санаа тавьж байна гэж Куланда дэд сайдад их баярлаж байтал тэр хүн Казахстаны тухай яриад байсан тул миний урам хугарсан.
Би энэ тухай ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Сэржав гуай, Буянтөгс гуай нарт ярьсан. Яагаад гэвэл, тэр хоёр Япон дахь Монгол судлалын талаар дандаа санаа тавьж, намайг насаараа Монгол судлалын мөрөөр л явж байгааг ч мэддэг. Ер нь, энэ хорь гаруй жилийн хугацаанд надад үргэлж тусалж сэтгэлийн дэм өгсөн хүн бол Сэржав гуай болон Буянтөгс гуай нар мөн тул би энд дурдсан зүйлийг ярьсан.
Сэржав гуай ч, Буянтөгс гуай ч Интернэтээр Куланда гуайг муучлан бичих хүн биш. Би ч Интернэтээр Куланда гуайн тухай бичээгүй. Куланда гуайн тухай мэдээ цацаагүй. Интернэтээр юм бичиж гаргах арга ч мэдэхгүй бидэнд тийм юм хийх сэтгэл ч, чадвар ч алга. Тэгээд ч бид юу юу Интернэтээр гарч байгааг ч уншаагүй. Хаана гарч байгаа ч мэдэхгүй байхад Куланда гуай над руу маш муухай бүдүүлэг үгтэй и-мейл бичиж, занасан ба гүтгэх агуулгатай зүйл олон нийтэд цацсан. Би их гайхлаа. Над руу занал хийх и-мэйл явуулах нь байтугай миний таньдаг хүмүүс рүү тасралтгүй олон удаа нойтон хамуу шиг утастаад намайг муулаад байсан гэсэн. Үнэн гэж итгэмээргүй боловч над руу бас дэндүү муухай и-мэйлүүд явуулсан байсан тул арай дэндүү байна даа гэж бодсон. Би үнэхээр Интэрнэтээр мэдээ цацаагүй, би тийм юм хийх хүн ч биш. Куланда гуай надад яагаад уурлаад байгаагаа ч, яасныг ч, юу болсныг ч надад өөрөө шууд хэлээгүй. Уулзаж ч, утсаар ч яриагүй. Ямар юм болсон, юу интернэтээр гарсныг ч мэдээгүй намайг буруутгаад загнаад заналхийлээд байна, тэр хүн. Одоо ч би учрыг олоогүй явж байна. Ямар нэгэн хүн Интернэтээр түүний тухай бичээд шуугиан тарьсан юм шиг байна. Тэгэхэд чухам юуг яаж хэн хэзээ цацсаныг би огт мэдээгүй. Ямар нэгэн хүн Куланда гуайн нэрийг ч, миний нэрийг ч гутаах санаатай, бас Куланда гуайн нэрийг гутаахын тулд миний нэрийг ашигласан байж магадгүй. Би олон удаа Куланда дэд сайдад занагдсан. Маш муухай гүтгэсэн үгтэй и-мейл хүлээн авсан. Яагаад надад ийм и-мейл илгээж байгаа юм бол доо гэж түүнээс и-мейлээр асуусан ч тэр уурлаад, намайг улам гүтгэж заналхийлэхээс өөр тайлбар огт байсангүй. Тэгээд тэр хүн ийш тийш и-мейл бичиж асуудлыг өөрөө улам том улам хүнд болгосон. Арай хэтэрхий муухай заналхийлдэг хүн байна даа гэж гайхмаар санагдах и-мейл Куланда гуай над руу олон удаа явуулсан ба Дэд сайд хүний үг гэхэд үнэмшмээргүй, гудамжаар хашгиран, хэрүүл маргаан хийдэг хүнийх юм шиг муухай үгтэй и-мейл байлаа. Хичнээн надад уурласан байлаа ч гомдсон байлаа ч Монгол Улсын Дэд сайд хүн бусдад учрыг тайлбарлахгүйгээр муухай заналхийлсэн и-мейл явуулна гэдэг гайхалтай. Хэн нэгэн буруу ойлголт төрүүлсөн юм уу, эндүүрээд байж магадгүй тул юуны өмнө ийм үед эвтэйхэн асууж лавлаад шууд ярих хэрэгтэй. Тэгэхгүй, олон хүнд намайг муучилсан и- мейл цацаж арай хэтэрхий заналхийлж яваад байсан. Бас намайг ажлаас халуулна гэж хүртэл бичээд над руу явуулан заналхийлсэн. Хүний эрхээр хамгаалах ноцтой муухай үгстэй и-мейл хүлээн авсан тул би, ийм и-мейл хүлээн авсан, сэтгэл санаа тайван биш байгаа тухайгаа Сэржав гуай, Буянтөгс гуай нартаа хэлсэн. Сэржав гуай, Буянтөгс гуай нараас гадна, миний таньдаг найз нөхдөд яах вэ гэж зөвлөгөө авахаар хэлсэн. Тэрээр намайг буруутгах бол буруутгаг гэж боддог. Хэн ч гэнэт гадаад орны Дэд сайдаас заналхийлсэн и-мейл хүлээн авбал гайхаад ойр дотнынхондоо хэлнэ биз дээ? Би Куланда гуайн над руу илгээсэн и-мейлийг найз нөхдөдөө үзүүлсэн. Бүгд гайхаад байсан. Маш муухай үг бичээстэй байсан тул бүгд гайхсан. Тэгээд Сэржав гуай Буянтөгс гуай хоёр ч жинхэнэ монгол сэхээтэн, монгол гэсэн сэтгэлтэй, Монголын төлөө л ажиллаж байгаа эрдэмтэн хүмүүс учраас гадаадын монгол судлаачид ийм муухай занал хийх и-мейл явуулж болохгүй, Аяако сан бол Монгол судлалын төлөө зүтгэж яваа хүн шүү гэж намайг өмгөөлж өгсөн. Куланда дэд сайдын надад явуулсан и-мейлүүдийг би бүгдийг хадгалаад байгаа. Үзүүлэх хэрэгтэй бол үзүүлсэн ч болно. Сэржав гуай Буянтөгс гуай нарт ямар ч буруу байхгүй. Куланда гуай намайг и-мейлээр дэндүү зовоосон тул намайг өмөөрч өгсөн.
Хэрвээ хэн нэгэнд буруу заавал байх ёстой юм бол тэр буруу надад байгаа байх аа. Яагаад гэвэл Куланда дэд сайд албан тасалгаандаа монгол хэлний хөгжлийн тухай ярьж байхдаа надад "Казахстан Монголоос том орон" гэсэн нь үнэн боловч би түүний хэлсэн үгийг өөр хүнд хэлэх ёсгүй байлаа. Гэвч би зөвхөн Сэржав гуай Буянтөгс гуай нарт л хэлсэн биш. Би ийм том асуудал болно гэж бодоогүй. Куланда гуай бид хоёрын аль алины найз нартаа ч зүгээр Куланда гуайтай уулзсан тухайгаа ярихдаа тийм яриа болсон гэж хэлсэн. Түүнийг нэг их ноцтой асуудал болно гэсэн ч юм уу, ноцтой асуудал болгох гэсэн санаа байхгүй. Куланда гуайн сайн найз нарт ч хэлсэн тул Куланда гуай намайг түүний хэлсэн үгийг бусдад хэлснийг мэдсэн байх аа. Түүнийг гүтгэх гэсэн санаа ч, утга ч надад байхгүй. Түүнийг Монголын тухай ярьж байхдаа өөр орны тухай ярьсан тул их гайхсан шүү гэсэн утгаар зүгээр нэг их юм бодолгүйгээр ярьсан. Хэн нэгэн Интернэтеер бичнэ гэж огт бодоогүй, Куланда гуайн ч, миний ч занг хүмүүс мэддэг. Куланда гуай ч би ч бие биеийнхээ занг сайн мэддэг. Куланда гуайн хэлсэн үг бол албан тасалгаанд хэлэх ёсгүй үг байсан гэж би боддог. Гэвч би тэр яриаг найз нартаа хэлэх ёсгүй байлаа. Хэн нэгэн хүн буруу ойлгосон байж ч магадгүй бас хэн нэгэн хүн дам сонсож буруу ойлгон дамжуулсан ч магадгүй. Ямар ч байлаа гэсэн, би ч, Сэржав гуай ч, Буянтөгс гуай ч интернэтээр цацаагүй.
Би Хайсандай багшдаа энэ захидлаар, бодож санаж байгаа бүхнээ илэрхийлмээр байна.
Би Куланда гуайн үгийг мушгиж цацаагүй. Куланда гуай өөрөө намайг буруу ойлгож, надаас лавлахгүйгаар дэндүү олон хүнд намайг муухай гүтгэсэн и- мейл явуулаад, бас утсаар ярьж шуугиан дэгдээгээд, олон хүнийг зовоогоод, асуудлаа улам том хүнд болгосон. Үнэхээр өөрөө тийм зүйл хэлээгүй гэж баттай боддог юм бол өөрөө асуудлыг том болгох хэрэггүй байсан. Тоогоогүй бол зүгээр байсан байх. Харин өөрөө асуудлаа улан том болгоод шуугиан тарьж яваад өөрөө улам эвгүй байдалд орсон. Куланда гуайн нэрд ч, Монгол Улсын Дэд сайдын нэрд ч тусгүй юм болж байгаа юм шиг санагдана. Куланда дэд сайд хэрвээ "Казахстан Монголоос том" гэж огт хэлээгүй байсан юм бол яагаад хэл ам үүсгээд явж байгаа бол юм доо? гэж бодогдоно. Хэлсэн хэлээгүй, мушгисан мушгиагүй гэж хичнээн ярьсан ч үл ойлголцох зүйл биш, угаасаа утгагүй зүйл юм шиг санагдана. Ямар ч гэсэн Монгол Улсын Дэд сайд хүн албан тасалгаандаа "Казахстан Монголоос том" гэж хэлсэн нь өөрт нь ч буруу санагдаад байгаа ч байж магадгүй. Тиймээс ингэж өөрөө шуугиан тарьж яваа байх гэж бодогдоно. Куланда дэд сайд над руу олон удаа заналхийлсэн и-мейл илгээсэн төдийгүй, манай оюутанд ч намайг гүтгэсэн агуулгатай и-мейл явуулсан байсан. Манай оюутан бол энэ асуудалтай огт хамаагүй, юу ч мэддэггүй хүүхэд. Гэнэт Монгол Улсын Дэд сайдаас намайг гүтгэсэн и-мейл хүлээн авбал манай оюутан ч сандраад санаа зовдог. Манай найз нар ч Куланда гуайгаас намайг муулсан утас, и-мейл аваад, Куланда байнга яриад ажил хийлгэхгүй байна гэж их зовж байлаа. Хүмүүс Куланда гуайг ямар зантай хүн гэдийг мэддэг.Бас намайг ямар зантай хүн гэдгийг ч мэддэг байх. Куланда гуай надад юу хэлсэн нь уг нь тийм ч чухал зүйл биш. Харин тэр хүн ингэж олон сараар олон удаа үргэлж хүмүүсийн сэтгэл санааг тайван бус байдалд оруулаад тамлаад яваа нь гайхалтай. Ажлын саад болж байгаа нь арай дэндүү байна. Хүмүүс маш завгүй, ажил ихтэй байдаг. Куланда дэд сайд энэ асуудлыг өөрөө дэгдээгээд, улам том болгох гээд зүтгэж байгаа юм шиг санагдана. Их шөрмөстэй хүн байна. Тэгж явах тусам өөрт нь тусгүй болох байх гэж Куланда дэд сайдын өмнөөс санаа зовж байна.
Хэрвээ тийм зүйл хэлсэн гэдэг нь худлаа л юм бол, намайг хэн нэгэнд хэлсэн гэж над руу ийм их уурлаад, намайг тийм их заналхийлэхгүй байсан байх болов уу гэж бодогдож байна. Хүмүүс Интернэтээр хамаагүй дураараа юм бичиж цацаж байна. Ёс суртахуунгүй байна. Миний талаар ч дэндүү худал мэдээ гарч л байна. Намайг ч их гүтгэдэг хүмүүс бий. Эрх чөлөөтэй байх сайхан. Бодсон санаснаа чөлөөтэй хэлэх ч буруу юм биш. Гэвч бусад хүний эрхийг хүндэтгэн хамгаалах ёстой. Куланда гуайн гомдол ч түүний өнөөгийн байр сууринаас бодвол аргагүй. Гэвч Куланда дэд сайд ч бусдыг хамаагүй гүтгэж сайд хүний шинжгүй муухай үгээр олон удаа и-мейлээр бусдыг заналхийлэх нь арай дэндүү байна. Куланда дэд сайдын байдлыг бодоход түүний сэтгэл санаа тайван бус тавгүй байгаа байх. Тиймээс бусад руу дайраад байгаа бололтой. Куланда гуайн сэтгэлийг яаж тайтгаруулаад, Дэд сайдын хувиар маш сайхан ажил сайн үйл их хийх сэтгэлийн уужим тайван байдал яаж эргүүлэн бий болгож өгч чадах вэ? гэж их бодож байна. Гэвч Куланда гуай өөрөө шуугиан дэгдээгээд л байна. Асуудлыг улам том болгож өөрөө өөрийгөө улам зовоогоод явах шиг санагдаад байна. Бусад хүн ч Куланда гуайг буруутгахгүй байж өгнө үү. Куланда гуай ч бусдад хавчигдах тусам өөрийгөө зөвтгөх хэрэг гараад, асуудал дэгдээхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Тэр үнэхээр хэцүү байдалд байгаа байх. Гэвч Куланда гуай бол дэндүү салахгүй дэндүү муухай занал хийдэг хүн юм аа. Бусдыг дэндүү зовоогоод, сэтгэлээ тамладаг хүн шиг байна. Тэр намайг их гүтгэж их зовоогоод маш их ядраасан. Хэн нэгэн бидний танихгүй хүн Интернэтээр нэг юм бичээд цацсан нь бидний огт мэдэхгүй юм, бидэнд хамаарахгүй зүйл шүү дээ. Тэгээд тэр Интернэтээр бичиж цацсан хүн ямар санаагаар тийм юм хийснийг бүү мэд. Тэгэхэд тэгж их уурлаад, тэгж их хүн амьтан руу дайраад Куланда гуай яамаар байгаа юм бол? Ингэх тусам Куланда гуайн тухайд хүмүүс занал хийдэг аймаар хүн гэсэн ойлголттой болох байх.
Сэржав гуай ч Буянтөгс гуай ч огт буруугүй. Куланда гуайг над руу арай дэндүү дайраад, дэндүү гүтгэсэн тул тэд намайг өмөөрч өгсөн. Энэ хоёр бол Монгол Улсын жинхэнэ сэхээтэн хүмүүс учраас эх оронч сэтгэлээр, нэгэн өчүүхэн монгол судлаач япон хүн миний хийж бүтээж яваа эрдмийн ажлыг хүндэтгэн дэмжиж өгдөг. Энэ асуудлыг тийм том чухал асуудал болгосон нь тэр хоёр ч биш, би ч биш. Шуугиан тарьсан нь ч би биш. Миний бодлоор Куланда гуай өөрөө хэт олон ярьж хэт олон хүнд олон удаа и-мейл явуулаад энэ асуудлыг өөрөө том болгосон шиг санагдаж байна. Хүн бусдын тухай тийм олон сараар бодож явдаггүй. Өөрөө өөрийнхөө тухай л бодож явдаг нийгэм байна. Энэ асуудлыг шуурхай намжааж болохгүй ямар нэгэн учир хэн нэгэнд байгаа болов уу. Гүтгэмээр байгаа бол зөвхөн намайг л гүтгээрэй. Миний сайн найз төдийгүй Монгол Улсын нэрт эрдэмтэн Сэржав гуай, Буянтөгс гуай нарыг бүү хардаж, бүү гүтгээрэй гэж Куланда гуайд хэлмээр байна.
Эрдмийн замаар явсан номын анд нөхөд бол хэн худал хэлж хэн ямар зантай байгаа нь хичнээн нуусан ч мэдэгддэг. Куланда гуайн талаар буруу ташаа мэдээ гаргасан хүн байгаа байх. Тиймээс Куланда гуай уурлаад намайг буруутгаад намайг гүтгэж намайг муулсан байх. Тэгээд намайг ажилгүй болгомоор санагдаж миний талаар ташаа мэдээлэл цацаж байгаа байх. Намайг нэр сүргүй болгох гэсэн ч би Куланда гуайн занг мэддэг, түүний зовж байгааг мэддэг учраас над руу заналхийлэхээс өөр аргагүй байдалд Куланда гуай байгаа байх гэж бодогдож байна. Куланда гуай бол муу хүн биш байх. Ажилдаа үнэнч эх орны төлөө их зүйл бүтээе гэж боддог хүн байх. Тэр хүн намайг түүнд нэг үе тусалсныг ч мартаагүй яваа хүн. Надад хариу тус болж ч байсан хүн. Миний талаар муу юм бодоогүй байсан тул Интернэтээр гэнэт хачин зүйл гарсныг мэдээд цочирдож, намайг хийсэн юм шиг буруу ойлгосон байх. Интернэтээр хачин зүйл цацсан хүн рүү биш над руу уурлан дайрч, заналхийлэх болсон нь миний хувьд ч таагүй юм байна. Би хичнээн муухай заналхийлэл хүлээсэн ч Куланда гуайн занг мэддэг тул түүний уурлах сэтгэлийг бас ойлгох ёстой гэж боддог. Харин хонины наймааны асуудал гарснаас хойш Японд Куланда гуайн нэр хүнд маш муу болсон. Тэглээ ч би Куланда гуайг өмөөрч л байсан. Бас хуучин хэвээр харилцаж байлаа. Гэхдээ энэ удаа Куланда гуай намайг арай дэндүү гүтгэсэн. Надтай нэг удаа ч ярилгүй. гүтгээд яваа нь гайхалтай. Монгол Улсын Дэд сайд хүн маш бүдүүлэг үгээр и-мейл бичдэгийг анх удаа мэдлээ. Тэр хүн ч өөрөө дэд сайд гэдгээ мартсан болов уу. Монгол Улсын нэрийг гүтгэлгээр гутааж яваа юм шиг харагдах юм.
Би Куланда гуайд ингэж удаан гүтгүүлэх юм хийгээгүй. Манай найз нөхдийг хүртэл гүтгэж сэтгэл санааг нь тамласан. Энэ асуудлыг зохицуулж өгөх хүн байхгүй болов уу. Тэр хүн дэндүү олон хүнийг арай дэндүү удаан гүтгэж явааг бодоход дэндүү завтай байгаа байх аа. Энэ асуудлын хамгийн гол учир үндэст байгаа зүйл бол Эрхэм дэд сайдын төрийн өндөр албан тушаалтны хувьд, бас Монгол Улсын сэхээтний хувьд мөн чанар байгаа байх. Куланда гуайгаар Дэд сайдын ажил хийлгэмээргүй хэн нэгэн хүн зохион байгуулсан байж ч магадгүй. Тэглээ ч энэ асуудал бол Куланда дэд сайдын бусдыг хамаагүй загнаж уурлаад байж болох асуудал биш. Бусдыг аашлахаар байж болохгүй байх. Түүний соёлтой мэргэн ухааныг хэн нэгэн шалгаж байгаа байх. Тиймээс Куланда дэд сайд соёлтой зохицуулах ёстой ажил гэж бодогддог. Куланда гуай өөрөө ярьж шуугиан дэгдээх тусам асуудал Куланда гуайд тус хүргэхгүй байж магадгүй. Куланда гуай намайг дайсан гэж бодож байгаа юм шиг санагдаж буй учраас намайг юу хэлсэн ч миний үгийг сонсохгүй байх, бас надад итгэхгүй байх. Тэглээ ч би энэхүү захидлыг Хайсандай багшдаа бичээд уламжлуулмаар санагдаж байна. Намайг зөв ойлгоосой гэсэн утгаар биш. Намайг юу хэлсэн ч Куланда гуай миний үгийг сонсохгүй, хүлээж авахгүй байх. Тйимээс би юу хэллээ ч нэмэргүй.
Харин манай Сэржав гуай, Буянтөгс гуай нар луу дайраад гүтгээд зовоогоод байж болохгүй. Сэржав гуай, Буянтөгс гуай хоёрт огт буруу байхгүй, хамаагүй зүйл. Хэн нэгэн Куланда гуайн сэтгэл санааг тайвшруулж чадахгүй бол Куланда гуайн хувьд өөрийгөө улам хэцүү байдалд оруулах нь шиг байна.Тэгээд Куланда гуайд муу хүмүүс энэ асуудлыг ашиглаад түүнийг их зовоож ч магадгүй.
Би Куланда гуайн над руу илгээсэн и-мейлүүдийг үзээд түүнийг, бусдыг заналхийлэх дуртай хүн байна даа гэж ойлгосон. Тэр хүн тасралтгүй заналхийлж, бусдыг их ядраадаг хүн байна. Куланда гуай арай дэндэж байна. Юманд хэмжээ байх ёстой. Куланда гуайн над руу явуулсан бүдүүлэг и-мейлүүд энэ удаагийн асуудлын гол цөмийг ил тод болгож байна. Куланда гуай Дэд сайд хүн тул бусдыг заналхийлээд байж арай болохгүй байх. Ард түмэн бол Куланда гуайн соёлтой мэргэн ухааныг үргэлж шалгаж байгаа байх. Куланда гуай өөрийнхөө буруугүйг нотлох гэж зүтгээд, бусдыг бууж өгөх хүртэл тэдэн рүү дайрах санаатай юм шиг байна. Тиймээс түүнтэй юу ярилаа ч яриа таарна гэсэн юм байхгүй байх.
Энэ асуудлыг намжаахын тулд Куланда гуай надаар "Дэд сайд тийм юм хэлээгүй" гэж хэлүүлэх гээд байх шиг байна. Арван таван жилийн өмнө, Монголд, хонины наймааны тухай сэтгүүлч нар бичиж, эцсийн эцэст бичсэн сэтгүүлч бууж өгч, "Тэр хүн тийм юм огт хийгээгүй" гэсэн юм бичээд, хэлээд байсныг саналаа.
Куланда дэд сайд надтай ярьж байхдаа Казахстаны тухай хэлсэн нь үнэн. Гэвч Куланда гуайн хувьд Монгол Улсыг хүндэтгээгүй гэсэн утгаар хэлсэн үг биш байх л даа. Хэлсэн үг нь хэлэх гэсэн санаанаас нь өөр утгаар хүмууст хүрсэн нь гомдолтой санагдаж байгаа байх. Гэвч тэр хүн тэгэж бодсон ч тэр хүний үгийг сонссон хүн яаж хүлээж авсныг хэлсэн хүн бол мэдэхгүй байх тохиолдол ч бий. Монгол Улсын Дэд сайдын албан тасалгаанд Монголын тухай ярьж байхад өөр улс орныг Монголоос том гэж Төрийн сайд хүн ямар утгаар ч хэллээ гэсэн хэнд ч гайхал төрүүлэх үг гэдгийг сайд хүн бол мэддэг байх. Куланда гуайн хувьд Монголыг хүндэтгэж яваагүй гэсэн ойлголт төрүүлэх байх гэдэг талаар их санаа зовоод намайг Интернэтээр бичээгүйг мэдсээр мөртлөө намайг хэн нэгэнд буруу ойлголт төрүүлсэн гэсэн утгаар намайг гүтгэж байна. Гол нь Интэрнэтээр бичсэн хүнийг олох хэрэгтэй. Гэхдээ оллоо ч гэсэн тэр Интэрнэтээр бичсэн хүн ч буруу ойлголтоор бичээгүй байж магадгүй. Асуудал ийм том болно гэж хэн ч бодоогүй байсан байх. Уг нь энэ асуудал ийм том болох ёстой асуудал ч биш. Гол нь энэ сонгуулийн өмнөхь өрсөлдөөний цаг үеийг хамаарч байгаа шиг санагдаж байна. Хэрвээ тийм юм бол энэ асуудалд Куланда гуай уурлахын оронд мэргэн ухаан гаргаж уужим тайван зангаар хандвал Куланда гуайн хувьд таатай нөхцөл бий болгож чадах байх. Хүмүүс рүү уурлан дайрах тусам түүнд тусгүй болох байх.
Миний хувьд Куланда гуайн сэтгэл санааг тайван бус байдалд хүргэсэн талаар хэрвээ надад буруу байна гэж тэр хүн хэлдэг юм бол би түүнээс уучрал гуйж болно.Зөвхөн тэр хүн л сэтгэл санаа тайван бус байгаа биш, түүнаас болж бид бүгд сэтгэл санааны тайван бус байдалд байсаар байна. Тиймээс би бүгдээс хүлцэл өчмөөр байна.
Хайсандай багш аа, Танд энэ асуудлаар түвэг удаж сэтгэл санааг тань зовоосонд уучлаарай. Сэржав гуайд болон Буянтөгс гуайд бас их түвэг удаж их зовоосон. Миний хувьд ч ажил төрлийн талаар нөлөө гараад их зовсон. Куланда гуай ч ажил төрлийн хувьд нөлөө гарч их зовсон байх. Гэвч, түүнд одоо энэ асуудлын талаар би юу ч ярьсан нэмэргүй байх. Миний бичсэнийг үзүүлсэн ч нэмэргүй. асуудлыг улам хүндрүүлэхээс өөр алхам байхгүй байх аа.
Сэржав гуай, Буянтөгс гуай нарт огт буруу байхгүй. Миний хэлснийг л тэд тэр чигээр нь Хайсандай багшид хэлсэн тул тэдэнд огт буруу байхгүй.
Хэн нэгнийг буруутгаад асуудлыг шийдэх хэрэгтэй бол би буруутай. Куланда гуай бол Монгол Улсын дэд сайд хүн учраас ямар нэгэн буруу байх ёсгүй.
Хайсадай багш аа, би Танаас гуйж байна. Миний байдал маш хүнд байна. Надад ч уг нь Куланда гуайд хатуу хэлмээр байгаа үг бий. Гэвч хэлээд ч нэмэргүй гэдгийг мэдэж байна. Тэгж зүтгэж хүч гаргахаар үнэ цэнтэй юм арай биш байна гэж боддог. Гэвч хэн ч буруугүй байдлаар дуусгаж чадахгүй бол намайг буруутгаж дуусгах хэрэгтэй. Уг нь ардчилсан нийгэмд байх ёсгүй арга боловч Куланда гуайн сэтгэлийг тайвшруулах өөр арга үгүй байх. Шударга гэдэг бас заримдаа гэмтэй болгодог шиг байна.Хэний зөв бурууг Бурхан мэднэ. Куланда гуайн юу гэж хэлснийг хэлсэн ч тэр хүн бол хүлээж авахгүй. Яг хэлснийг нь батлах гэрчлэх хүн ч байхгүй байхад нотолж чадахгүй. Өөрийгөө зөвхөн зөвтгөөд л байвал асуудал намжихгүй байх. Тиймээс хэн ч буруугүй гэснээр дуусгах нь хамгийн мэргэн ухаан боловч тэгж дуусгаж чадахгүй байдалд одоо асуудал дэврээд байгаа юм бол би буруутай гэснээр энэ асуудлыг дуусгамаар байна. Надад алдах юм байхгүй. Хүн шударга явж байгаад хүнд гүтгүүлсэн ч Бурхан байгаа цагт үнэн заавал мэдэгдэх байх.
Хайсандай багш аа, Та энэ захидлыг хүнд үзүүлэлгүйгээр, Аяако буруутай гэдгээр асуудлыг намжааж өгнө үү. Тэгвэл Куланда гуайн сэтгэл амрах байх.Түүний сэтгэл амарвал болно.
Таныг хүндэтгэн ёсолсон Кимүра Аяако
2012 оны 1-р сарын 20-нд
Токио хот