logo

"Гамлет" жүжгийн тендэр зарлав

2012/05/15
У.Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг энэ оны намар УДЭТ-ын тайзнаа тавих гэж байна. Энэхүү дэлхийн сонгодог бүтээлийг УДЭТ-ын тайзнаа хоёр дахь удаагаа тоглох гэж байна. Анх 1979 онд Төрийн шагналт Ч.Чимэдийн орчуулгаар УГЗ С.Галсанжав найруулж, Гамлетын дүрд ардын жүжигчин Л.Жамсранжав тоглож байв.
Харин энэ удаа “Гамлет” жүжгийг Монголын театрын урлагийн нийт уран бүтээлчдийн дунд нээлттэй тендер зарлан тоглох гэж байгаагаараа онцлог юм. У.Шекспирийн жүжигт тоглож, түүнийг найруулна гэдэг дэлхийн нийт уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг болдог ба энэ том хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх боломжийг УДЭТ-ын зүгээс нийт уран бүтээлчдийн дунд ийнхүү нээлттэй олгохоор болов. Энэхүү “Гамлет” жүжгийн тендер, уралдаант шалгаруулалтанд төсөл бичиж, багаар оролцох ба багууд УДЭТ-т мэдэгдэл, материалаа өгч шалгаруулалтанд оролцох нь. Шалгарсан төслийн багийн уран бүтээлийг УДЭТ-аас 100 хувь санхүүжүүлж, энэ оны намар У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тайзнаа тоглох юм байна. Хэрвээ энэхүү тендерт оролцохыг хүсвэл энэ сарын 25-ны дотор УДЭТ-т багийн мэдүүлгээ өгөх бөгөөд ирэх зургадугаар сарын 11-ний дотор УДЭТ-т битүүмжилсэн материалаа илгээх хэрэгтэй гэнэ. “Гамлет” жүжгийн шалгаруулалт ирэх зургадугаар сарын 25-ны дотор болно хэмээн УДЭТ-аас манайд мэдээллээ.
Д.Догсмаа 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш