logo
Грекийн гишүүнчлэл хэвээр байна

Грекийн гишүүнчлэл хэвээр байна

2012/05/16
Еврогийн бүлэг "еврогийн бүс дэх Грекийн гишүүнчлэлийг хадгалах хатуу байр суурьтай байна". Энэ тухай Еврогийн бүлгийн дарга Жан Клод Юнкер даваа гарагт еврогийн бүсийн Сангийн сайд нартай хийсэн уулзалтын дараа мэдэгджээ.
"Грект бүтцийн өөрчлөлт хийх нь урьд урьдынхаас зайлшгүй чухал шаардлагатай байна. Гэхдээ энд төсвийн сахилгын арга хэмжээг сулруулах тухай яригдаагүй" гэж тэрбээр хэлсэн байна.
Юнкер мөн энэ удаагийн уулзалтаар "Грекийг еврогийн бүсээс гарах асуудлыг хэлэлцээгүй" болохыг онцлон дурджээ.
"Санхүүгийн өөрчлөлтийн үйл явцыг үргэлжлүүлэхийн тулд парламентын олонхи давамгайлсан Засгийн газрыг Грек улс нэн даруй байгуулна гэдэгт Еврогийн бүлэг найдаж байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Грект үзүүлэх санхүүгийн ээлжит багц тусламжийн хувьд 5,2 тэрбум еврогоос 4,2 тэрбум еврог нь шилжүүлээд байгаа бөгөөд дахин 1 тэрбум еврог зургадугаар сарын эхээр шилжүүлнэ гэж Еврогийн бүлгийн дарга хэлжээ.
Грект сайд нарын танхимыг эмхлэн байгуулах хэлэлцээ тавдугаар сарын 6-нд парламентын сонгууль явуулсан мөчөөс эхлэн бүтэлгүйтсээр байгаа юм. Сонгуулиар байр суурь нь мэдэгдэхүйц бэхжсэн зүүний нам еврогийн бүс болон Олон улсын валютын сангаас тус улсад үзүүлэх 130 тэрбум еврогийн хямралын эсрэг тусламжин дээр үндэслэн баталсан төсвийн хэмнэлтийн хөтөлбөрийг дахин хянахыг шаардаж байгаа аж. Хэрвээ хүлээсэн бүх үүргээ биелүүлэхийн баталгаа болох Засгийн газар эмхлэн байгуулагдахгүй бол хямралтай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй болох бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь тус улс хянах боломжгүй уналтад орж, цаашдаа еврогийн бүсээс гарахад хүргэнэ гэж Европын Холбооны гишүүн орнуудын дипломат ажилтнууд үзэж байна.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш