logo
Италийн 26 банкны чансааг буурууллаа

Италийн 26 банкны чансааг буурууллаа

2012/05/16
Олон улсын үнэлгээний "Мүүдиз" агентлаг даваа гарагийн орой Грекийн өрийн хурц хямрал Итали улсад нөлөөлөхөөс болгоомжлон тус улсын 26 банкны зээлийн чансааг буурууллаа. Энэ тухай телевизийн "Скай ньюс" суваг мэдээлсэн байна.
Тус агентлаг мөн чансааг нь бууруулсан бүх банкинд сөрөг урьдчилсан таамаг өгчээ.
Чансааг нь бууруулсан банкуудын дотор Италийн хоёр томоохон банк болох "Уникредит", "Индеза-Санпаоло" банкууд багтсан байна.
Грекийн улс төрийн үйл явцын улмаас тус улсыг еврогийн бүсээс гарч болзошгүй гэдэг санал гарч ирсэн нь чансаа бууруулах болсны гол шалтгаан болсон гэж ажиглагчид үзэж байгаа ажээ. Грекийн парламентын сонгуулиар олон улсын санхүүгийн тусламж олгох гэрээний болзлыг дэмжиж байгаа намууд олонхийн суудал авч чадаагүй юм. Харин тус улсад гэрээнд тусгасан хатуу хэмнэлтийг эсэргүүцэгчдийн байр суурь бэхжсэн байна.
Ажиглагчдын тэмдэглэж байгаагаар, Грек улс еврогийн бүсээс гарах нь Итали, Испанийн өрийн хямралыг улам бүр хурцатгаж, үүний дүнд эдгээр улсын өрийг барагдуулах өртгийг өсгөхөд хүргэнэ. Италийн банкууд бол өөрийн орны облигацийн томоохон эзэмшигчид юм.
Чансааг бууруулах шийдвэр нь Италийн Засгийн газар зайлшгүй тохиолдолд банкуудад дэмжлэг үзүүлэх чадвартай эсэхэд эргэлзээ төрүүлэхгүй харин банкуудын өөрсдийнх нь байдал дордоход нөлөөлнө гэж "Мүүдиз" агентлаг мэдэгдсэн байна.
"Одоогийн байдлаар Италийн банкуудын чансаа нь Европын хөгжингүй орнуудын дотор хамгийн доогуур үзүүлэлттэй нь бөгөөд эдгээр банкны эмзэг байдал нь Итали болон Европын байдалд сөргөөр нөлөөлж байна" гэж чансааны агентлагийн мэдэгдэлд дурджээ.
Тус агентлаг Италийн 26 банкны өрийн болон хөрөнгө оруулалтыг татах урт хугацааны чансааг хамгийн дээд нэгдүгээр зэрэглэлээс дөрөвдүгээр зэрэглэл хүртэл бууруулсан байна.
Еврогийн бүсийн орнуудаас Италийн банкуудын зээлийн чансаанд үнэлгээ өгөх процесс явагдаж эхэлснийг "Мүүдиз" агентлаг өмнө нь мэдэгдэж байсан юм. Тус агентлаг мөн Испани, Австри, Швед, Норвеги, Их Британи болон Германы банкуудын чансааг дахин харахаар төлөвлөжээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш